Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцуудын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор гаднах фасад, дээврийг шинэчлэх ажлыг энэ онд үргэлжүүлэн хийж байна. Уг ажлын хүрээнд хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцын 12 262 ам метр талбай бүхий дээврийг бүрэн засварлаж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьж ажилласан гэнэ.
Энэ онд нийтийн зориулалттай орон сууцын дээвэр, фасад засвар болон дулаалгад нийт 64.8 тэрбум төгрөг зарцуулах аж. Үүний 40 тэрбумыг дээвэр, фасад шинэчлэх, 15 тэрбумыг барилгын засварын ажилд, 9.8 тэрбум төгрөгийг дулаан алдагдлыг бууруулахад төсөвлөсөн байна. Сонирхуулахад, Улаанбаатар хотод бүртгэлтэй хуучны нийт 1077 блок угсармал орон сууцыг 2023 оноос дулаалж эхэлжээ.
О.Оргилох