Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел, Хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Баттөмөр нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд НҮБ-ын Хүүхдийн сан болон Зам, тээврийн яам хоорондын хамтын ажиллагаа, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Б.Дэлгэрсайхан “Монгол Улсад зам тээврийн осол нийгмийн анхаарал татсан, тулгамдсан асуудал хэвээр байна. Сүүлийн таван жилд 127 мянга гаруй осол бүртгэгдэж, 2700 орчим хүн амь насаа алдан, 15 мянга гаруй нь гэмтжээ. Үүнээс 2020-2025 онд онд зам тээврийн ослын улмаас 312 хүүхэд амь насаа алдаж, 3800 гаруй нь бэртсэн гэсэн харамсмаар тоо бий. Ялангуяа суррон, скутер зэрэг шинэ төрлийн хөдөлгөөнт хэрэгслүүдээр замын хөдөлгөөнд оролцсоноор сургуулийн насныхны аюулгүй байдал алдагдан, шинэ эрсдэл бий боллоо.
Энэ нь хууль, эрх зүй, стандарт, боловсрол, орчны аюулгүй байдлыг цогцоор нь шинэчлэх шаардлагыг бий болгож байна” гэлээ. Энэ хүрээнд Зам, тээврийн яамнаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, явган зорчигч болон унадаг дугуйн замын стандартыг шинэчлэх, хүүхдүүдэд замын хөдөлгөөний зөв дадал, мэдлэг, боловсрол олгох хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарч байгаа аж. Харин хатагтай Биате Дастел замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн тээврийн салбарын асуудал бус, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжлийг хамгаалах олон талт хөгжлийн бодлогын чухал хэсэг гэдгийг онцоллоо. Түүнчлэн талууд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж, хангахад хамтран ажиллах, Зам, тээврийн яамнаас НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сан (UNRSF) болон Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол улс дахь замын аюулгүй байдалд хөрөнгө оруулах нь” төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарахаа уламжлав. Мөн хамтран ажиллаж буй төслүүдийн хүрээнд төсөв, хөрөнгө оруулалтын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.
С.Дулам