Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг АТГ-ынхан өнгөрсөн сарын 19-нөөс хойш шалгаж буй билээ. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тусгай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон.
Нийслэлийн төсөв, бусад хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй 24 мега болон “Туулын хурдны зам”, “I тойрог зам”, “Сэлбэ дэд төв” зэрэг төсөл хэрэгжүүлж буй. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын зургаа, авто замын салбарын дөрөв, барилга, хот байгуулалт, дэд төвийн салбарын мөн тооны, эрчим хүч, усны салбарын тус бүр тав гээд нийт 24 мега төсөл, хөтөлбөр байгаагаас 11-д нь ямар нэг санхүүжилт олгоогүй, 13-ыг нь ямар нэг хэмжээгээр хэрэгжүүлж эхэлсэн, тодорхой хэмжээний санхүүжилт өгчээ. Уг 13 төсөл, хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг ажлын хэсгийнхэн холбогдох газруудаас гаргуулсан бөгөөд хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага нийлсэн 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан гэнэ. Мөн дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банкнууд дахь 30 дансанд буй 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаад байгаа аж. Давхардсан тоогоор таван сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авсан бол хоёр хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалай, түүнтэй хамтарсан Н.Билгүүн нарыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Энэ хоёр яллагдагчийн өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч нь хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзсан юм. Тэднийг хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэж үзэн цагдан хорьсон нь үндэслэлтэй гэж дүгнэжээ.
АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагын ажлын хэсгийнхэн дээр дурдсан төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн, эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байгаа, үгүйг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн сарын 22-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувийн саналаар эцэслэн баталсан. Санаачлагчдын зүгээс эл шинэчлэл нь төслийн ангиллыг оновчтой болгож, уг хуулийг батлах хугацааг 120-152 хоног байсныг дунджаар 43-55 болгон багасгасан төдийгүй нийгмийн нөлөөллийг олон улсын стандартаар тооцох ач холбогдолтой гэж тайлбарлаж байв. Харин “Улсаа аваръя” хөдөлгөөнийхөн эсэргүүцэн, энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавиулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Энэ талаар “Улсаа аваръя” хөдөлгөөний төлөөлөл, хуульчийн хамтаар хэвлэлийн бага хурал хийж, “Хуулийн уг өөрчлөлт нь нарийвчилсан үнэлгээнд оролцох иргэдийн оролцоог хааж, Үндсэн хуулийн “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн заалтыг бүхэлд нь үгүйсгэсэн төдийгүй баг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүргийг үгүй хийсэн ухралт боллоо” хэмээн мэдээлэв.