Францын нээлттэй тэмцээн (Ролан Гаррос) гурван жилийн дараа анх удаа эмэгтэйчүүдийн тоглолтыг өдрийн гол тоглолт болгосноо зарласан онцгой өдөр түүхэн дэх шилдэг эмэгтэй теннисчин, 44 настай С.Уильямс спортдоо эргэн ирэхээ нотлов.
2022 онд мэргэжлийн тамирчны карьераа өндөрлүүлсэн С.Уильямс энэ сарын 8-нд Лондоны “Queen’s сlub”-т болох WTA 500 тэмцээнээр спортдоо эргэн ирнэ. “Их дуулга” тэмцээний ганцаарчилсан төрлийн 23 удаагийн аварга маань энэ удаад хосын төрөлд оролцох эрхээ урилгаар авсан бөгөөд 19 настай канад теннисчин В.Мбокотой хамт тоглох аж.
Ийнхүү хэдэн сарын турш үргэлжилсэн таамаглалын эцэст уг мэдэгдэл баталгаажив. Одоогоор Серена зөвхөн хосын төрөлд тоглохоо баталгаажуулсан ч томоохон тэмцээний ганцаарчилсан төрлийг “онилж” байх магадлал өндөр. Түүн шиг түвшний тоглогч жижиг тэмцээнд тоглохын төлөө эргэн ирэхийг зорихгүй нь ойлгомжтой. Лондонгийн дараа С.Уильямс Берлинд тоглох хүлээлттэй байна. Хэрэв бүх зүйл саадгүй өрнөвөл Серена “Уимблдон” болон “Америкийн нээлттэй тэмцээн”-д ирж ч болох юм. Мэдээж түүнд эдгээр тэмцээнд ороход цагаан хуудас шаардлагатай боловч зарим тэмцээн эсрэгээрээ түүнийг ирж оролцохыг “гуйх” магадлалтай.
Серена 27 жил мэргэжлийн түвшинд тоглохдоо WTA Tour түвшний 73 тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бөгөөд үүнд нь “Их дуулга” тэмцээний 23 цом (Нээлттэй эринд эмэгтэйчүүдийн ангилалдаа дээд амжилт) багтахаас гадна олимпын алтан медаль хүртсэн юм. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаагийн завсарлага болон эрүүл мэндийн шалтгааны эцэст спортдоо эргэн ирж байсан. Хамгийн сүүлд 2018 онд анхны хүүхдээ төрүүлж, уушгины өвчнөө эдгээгээд теннисээ дахин тоглож байв.