Байт харвааны шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Отгонболдыг тив, дэлхийн үзэгчид олон улсын тэмцээнд оролцох үеэс нь мэддэг болсон. Тэрбээр Тайландын Бангкок хотод 2019 онд зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадмын эрх олгох байт харвааны Ази тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд амжилттай цэц сорьж Японыг зорьсон юм. Үүний дараа өмнөд хөршид болсон “Ханжоу-2022” Азийн спортын наадамд оролцохдоо БНХАУ-ын тамирчин Жи Шиан Шоуг 6:2-оор буулган авч, алтан медаль хүртсэн билээ. Түүний ялалт Монголын спортод шинэ түүх бичсэнээр “Парис-2024” олимпод улсаа төлөөлж өрсөлдөх эрх авч, “Мюнхен-1972” наадмаас эхлэн 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод оролцсон байт харваачдын буухиаг таслалгүй үргэлжлүүлсэн билээ. Түүнчлэн энэ онд мөн Тайландын Бангкок хотод хөл тавьж, дэлхийн чансаа тогтоох Азийн цомын цуврал эхний тэмцээний холимог багийн төрөлд Б.Оюун-Эрдэнэтэй хамт цэц сорихдоо Тайвань, Хонконг, Малайз, Сингапур, Энэтхэгийн багийг хожиж түрүүлснээр Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сард эхлэх Азийн зуны спортын XX наадамд оролцохоор болсон. 18 жилийн өмнө өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй явсан тэрбээр дасгалжуулагч Б.Ганзоригийн шавь болж нум, сумтай анх нөхөрлөхдөө олон тэмцээнд ур чадвараараа шалгарч, “Алдар” спорт хорооны босгоор алхсан гэдэг. Өдгөө энэ байгууллагаар овоглодог алдартнуудаас тэрбээр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр тодорч байв.
БАЙТ ХАРВААГААР ХИЧЭЭЛЛЭЖ, ААВЫГАА Ч ЭНЭ СПОРТ РУУ УРВУУЛЖЭЭ
Түүний хувьд 2009 оны хоёрдугаар сарын 1 хувь заяаг нь спортын замд залж, амжилтад хөтлөх онцгой өдөр байв. Ирээдүйд инженер болно гэж мөрөөддөг байсан хүү сонин тохиолоор энэ спорттой холбогдож, дасгалжуулагч Б.Ганзориг, Ө.Цэрэнмядаг нарын удирдлагад анх хичээллэсэн түүхтэй. Хоёр багш ерөнхий боловсролын сургуулиудаар явж, сурагчдад байт харвааны тухай ярихад түүнд сонирхолтой санагджээ. Тухайн үед 100 гаруй хүүхэд бүртгүүлж, хичээллэснээс 10 жилийн дараа хоёр нь л үлдсэн гэдэг. Байт харваа цаг хугацаа, уйгаггүй хөдөлмөр, тэсвэр хатуужил, торгон мэдрэмж шаарддаг спорт. Тэрбээр жилээс жилд туршлага хуримтлуулсаар 2015 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, хүсэл мөрөөдлөө алхам алхмаар урагшуулсан юм. Ээж нь түүнийг дэмжиж, аав нь тэмцээнд дагаж явсаар сүүлдээ байт харвааны улсын шүүгчээр ажилладаг болжээ.
Тамирчин хүн ойр дотнынхоо хүмүүсийн тус дэм, итгэл найдвар, урмын үгээр урагшилдаг. Түүнийг Тайландын Бангкок хотод 2019 онд зохион байгуулсан байт харвааны “Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцох үеэр ээж нь хөдөө ажлаар явж таарсан аж. Байт харвааны холбооноос ээжтэй нь холбогдож “Хүү тань олимпын эрх авчихлаа” гэж дуулгахад баярлаад уйлсан гэдэг. Түүнийг олимпын эрх авчихаасай гэж олон жил бодсон гэрийнхнийх нь хүсэл ийн биелжээ. Тэрбээр ямар ч тэмцээний тов ойртох тусам дуугаа хурааж, хэнтэй ч урт удаан яриа өрнүүлдэггүй. Зөвхөн бэлтгэл сургуулилалт, харвалтын техниктээ анхаарал хандуулдаг. Хүмүүс анх харчхаад “Энэ ямар их зантай юм бэ” гэж боддог аж. Байт харвааны тамирчдад бөх, боксынх шиг сэтгэл хөдлөл, эрч хүч гаргах шаардлагагүй. Анхаарлаа төвлөрүүлж, тооцоолон бодож харвадаг болохоор тайван байх ёстой. Тэмцээнтэй өдрүүдэд “дотор хүн”-тэйгээ ярилцдаг зан нь амжилт гаргахад нөлөөлдөг тул олон улс, олимпын наадамд оролцохдоо ч өөрийгөө олноос тусгаарладаг байна.
ТОКИОГ ЗОРИХ ЭРХ АВЧ, ОЛОН ЖИЛ БОДСОН ЗОРИЛГЫНХОО АРД ГАРАВ
Түүнээс “Токиогийн олимпод цэц сорих эрх авч, олон жил бодсон зорилгынхоо ард гарсан. Тэр үед баярлаж, сэтгэл тань уужирсан биз” гэхэд “Тийм ээ, “Токио-2020” олимпын эрх авах тэмцээний сүүлийн өдөр салхи ойр ойрхон сэвэлзэж, харваачдын ур чадвар, мэдрэмжийг чамгүй шалгасан тул өөрт байгаа бүхнээ шавхаж гаргасан. Тухайн үед эрх авснаа ч мэдээгүй. Хожигдчихлоо гэж бодоод өрсөлдөгч тамирчиндаа амжилт хүсээд, харвалтын шугам руу алхаж явтал багийн маань хоёр эгч “Миний дүү эрх авчихлаа шүү дээ” гээд бөөн баяр болчихсон гүйж ирэхэд өөрийн эрхгүй огшиж, баярын нулимс унагаж байлаа. Миний хувьд наймын тоог бэлгэшээдэг. Би 2019 онд эх орондоо олимпын найм дахь эрхийг авчирсан. Найман оронд багийн эрх олгох тэмцээн болоход зургаа нь Ази тивээс авсан юм. Тивийн орнуудаас олимпын аварга төрөх өрсөлдөөн Токиод илүү өрнөсөн шүү дээ” гэв.
БНСУ-ын тамирчид Азидаа төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлддөг. Үе үеийн тамирчдынх нь амжилт хэзээ ч буурч байгаагүй. Олимпын мөнгө, багийн алтан медальт Пак Сун Хюны ур чадвараас үлгэр дуурайл авч, харвалтын техникийг нь ажиглан сайтар судалж, суралцсан нь хэрэг болжээ. Тэрбээр өмнө нь АНУ-ын “Hoyt”, БНСУ-ын “Win& Win wiawis TFT” нум, Америкийн Х10 сумаар харвадаг байсан бол одоо MK үйлдвэрийн нум, eastonx10 сумаар цэц сорьдог. Тамирчдад нумны үнэ бус, тохирсон, эсэх нь чухал. Анх хичээллэсэн цагаасаа өнөөг хүртэл дөрвөн нум сольжээ. Анхны нумаа 2011, хоёр дахиа 2015, гурав дахиа нь 2018, дөрөв дэхийг нь 2023 онд худалдаж авчээ. Ээж нь анхны нумыг нь авч өгсөн бол БНСУ-д болсон оюутны универсиад наадамд оролцохоор очиход хоёр ах нь “Миний дүү хичээгээрэй, амжилт гаргана шүү” гэж урам хайрлаад шинэ нум авч өгсөн аж. Түүнээс хойш улсын аваргаар дөрвөн удаа шалгарч, Монголын бүх ард түмний спартакиад наадамд багийн төрөлд хоёр удаа түрүүлэн, дэлхийн цэргийн спортын их наадмаас алт, Азийн цомын тэмцээнээс иж бүрэн медаль хүртсэн байна.
БЭЛТГЭЛИЙНХЭЭ ТАЛААР ӨДӨР БҮР ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛДӨГ
Өмнө нь зуны улиралд тэшүүрийн талбайг ашиглаж, бэлтгэл хийдэг байсан байт харваачид олон улсын стандартад нийцсэн “360” талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулснаар амжилт гаргаж эхэлсэн юм. “Дайчин чанартэсвэрийн талбар” хэмээн нэрлэсэн талбайн харваачид Азийн наадам, олимпын тэмцээн дөхсөн үед олон улсын шил дарсан тэмцээнд амрах завгүй оролцох энүүхэнд. Тэднээс Б.Отгонболд бэлтгэл хэрхэн хийсэн талаар өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг. Үндэсний биеийн тамирын их сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн түүний хувьд дэлхийн болон олимпын тэмцээнээс медаль авахаас бусад нь биеллээ олжээ. Спортод хөл тавьсан 17 жил бага хугацаа биш. Өнгөрсөн он жилүүдэд тив, дэлхийн шилдгүүдээс суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн түүнд Токиогийн олимп олон зүйлийг ухааруулж, энэ тэмцээнийг дуусгаад спортоос хэсэг хугацаанд завсарлая гэсэн бодол төрүүлсэн гэдэг. Хэрвээ тэр үед буугаад өгчихсөн бол өнөөгийн амжилтыг үзүүлээч үү, үгүй ч үү. Тэгэхээр зорилго нь түүнийг хөл дээр нь босох хүч өгсөн гэдэгт эргэлздэггүй. Тамирчин хүн ямар ч тэмцээнд бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайтар бэлдэх нь чухал болохыг тэрбээр амжилтаараа харуулсан юм. Түүнээс “Та Ханжоугаас ганзага дүүрэн ирсэн. Аваргын төлөө харвахаар талбайд гарахад монголчууд зурагтаас алхам ч холдолгүй догдолж үзсэн шүү дээ” хэмээн үргэлжлүүлэн асуухад “Тухайн үед Азийн наадамд түрүүлбэл эрх гардана гэж бодож зогссон. Клубийн багш “Харвалт чинь тун сайн байна. Урд мөрөндөө анхаарч харваарай. Бусдаар хэлэх юм алга” гэхэд шигшээ багийн дасгалжуулагч “Удахгүйгээр, аль болох тайван харваарай” гэж зөвлөж байлаа. Хагас шигшээд ялчхаад “Парисын олимпын эрх авлаа” Монголын байт харваанд шинэ түүх бичсэн Азийн наадмын аварга Э.ХАРЦАГА гэх үгийг сонсоод баярласан ч итгээгүй. Өрсөлдөгчөө хожиж, багшдаа тэврүүлэхэд “Чи чадлаа, баяр хүргэе” гэж хэлсэн. Аваргын төлөө харвахдаа их сандарсан. Өрсөлдөгч маань 27, би 20 оносон байв. Хожлыг шийдэх хамгийн сүүлчийн сумаа харвахаар зогсоход төвлөрөл сарниж, найм оноход л болно гэсэн бодол зурсхийж орж ирсэн. Яг тухайн агшинд сумаа тавихад ес онож, 29 оноогоор ялалт байгуулан Азийн аваргаар шалгарсан даа. Тус наадмаас гардсан миний алтан медаль Монголын байт харваачдын анхных нь. Тамирчин хүн спортын талбарт зорьсноо биелүүлэх бас нэг амжилт. Төрийн дуулал эгшиглэхэд хамгийн түрүүнд багшаараа бахархсан. Эхний бадгийг нь дуулаад л өөрийн эрхгүй хоолой зангираад үргэлжлүүлж чадаагүй. Сэтгэл дотроо дуулаад л дуусгасан. Тэр үед өнөөг хүртэл хичээсэн он жилүүдийн минь хөдөлмөр, зүтгэл нүдний өмнө жирэлзээд л өнгөрөх шиг санагдаж билээ. Эх орондоо шагналтай ирэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Онгоцноос буухдаа гэрийнхнийгээ хараад мэлмэрчих вий дээ гэж жаахан түгшсэн. Олон хүний баяр хүргэхийг сонсож, аав, ээждээ үнсүүлэх хамгийн сайхан байсан. Энэ хорвоод намайг төрүүлж өсгөсөн эцэг, эхийнхээ ачийг амжилтаар багахан ч болов хариулахыг зорьдог юм. Миний амьдрал, амжилтын ихэнх дурсамж энэ спорттой салшгүй холбоотой. Оролцсон тэмцээн бүрээсээ суралцаж, сайжрахыг хичээж ирлээ. Азийн аварга болсноо бууж өгөлгүй урагшилсны минь үр дүн гэж боддог” хэмээн хариулсан юм.