“Үндэсний хиймэл оюуны аян” хөтөлбөрийн хүрээнд 500 багш бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт өндөрлөж, төгсөлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Тэд AI болон санхүүгийн удирдлагын мэдлэг, туршлагаа бусдад түгээж, өөрсдийн бүтээсэн “Capstone” төслөө танилцуулсан бөгөөд ирэх намраас 20 мянга гаруй сурагчдад хиймэл оюуны боловсрол түгээх гэнэ. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэднийг дэлхийн багш боллоо хэмээн тодотгоод, “Төрийн өмчийн сургуулийн багш нар дөрвөн сарын хугацаанд хиймэл оюуныг хичээл сургалтдаа хэрэглэх, хүүхдийн хоцрогдлыг нөхөх, ажлын ачааллыг бууруулах зэрэг ур чадвар эзэмшиж, төгслөө. Нэг багшид 2000 ам.доллар буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан “Голомт” банкныханд талархлаа” гэв.
Өнгөрсөн онд мөн 500 багш дээрх сургалтад хамрагдан, AI сургагч багшийн олон улсын гэрчилгээ авчээ. Энэ удаагийн сургалтад 260 сум, 21 аймаг, есөн дүүргийн багш нарыг оролцуулснаараа онцлог аж. Ингэснээр улсын хэмжээнд хиймэл оюуны 1000 багштай болсон бөгөөд AI-аар бүтээсэн дээрх төслөөс шалгарсан мэргэжилтнүүдэд 30 ширхэг хромбүүк гардуулсан байна.
Ч.Цэлмэг