Бид үр хүүхдээ “Сайн суралцаж, диплом аваад, тогтвортой ажилд ор” гэсэн уламжлалт “томьёо”-гоор олон жилийн турш бэлтгэж ирсэн. Гэвч хиймэл оюун (AI)-ы эрин үе эхэлснээр энэ ойлголт, тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж байна. Тэгвэл хиймэл оюуны энэ хүчтэй “давлагаа”-г бид эрсдэл гэж харах уу, эсвэл шинэ боломж хэмээн хүлээн авах уу гэдэг талаар “AI ба дэлхийн монгол хүн” номын зохиогч, олон улсын HR зөвлөх, хүний нөөцийн аудитор Б.Батгэрэлтэй ярилцлаа.
-Та өмнө нь “AI мэдэхгүй бол шинэ ертөнцийн бичиг үсэггүй хүн болно” гэж хэлсэн юм билээ. Яагаад ингэж тодорхойлох болов?
-Би үүнийг хүмүүсийг айлгах гэж бус, харин тэдэнд дохио өгч, сэрээх зорилгоор хэлсэн. Хиймэл оюун гэдэг алс ирээдүйд ирэх зүйл биш, аль хэдийн бидний ажил амьдрал, боловсролын систем төдийгүй хүүхдийн сурах орчинд нэвтэрчихсэн үзэгдэл. Хиймэл оюунаас хол байна гэдэг нь өнөө цагт нийгмийн харилцааны шинэ хэл, хөдөлмөрийн зах зээлийн дүрэм, ирээдүйд үүсэх олон боломжоос хоцорч буй хэрэг. Өмнө нь бичиг үсэг тайлагдаагүй хүн нийгмийн амьдралд хязгаарлагдмал оролцдог байсан. Тэгвэл орчин үед хиймэл оюуны мэдлэггүй хүн ажлын бүтээмж, мэдээллийн урсгалаас хоцрох эрсдэлтэй нүүр тулж байна. AI бол ид шид биш. Мөн хүний оюун ухааныг ч бүрэн орлож чадахгүй. Гэхдээ асар их хэмжээний мэдээллийг боловсруулж, ангилан, таамаглал дэвшүүлж, бичиж, зурж, төлөвлөж чаддаг хамгийн хүчирхэг хэрэгсэл болсон. Тиймээс бид “Хиймэл оюун хүнийг орлох уу” гэж асуух бус, “Хүн хиймэл оюуныг хэрхэн ойлгож, удирдаж, өөрийн үнэ цэнтэйгээ уялдуулан ашиглах вэ” гэдэгт анхаарлаа хандуулах ёстой.
-Сүүлийн үед хиймэл оюуны бичиг үсэг гэх ойлголт газар авч байна. Энэ талаар та илүү дэлгэрүүлэхгүй юү. Хүн бүр заавал код бичдэг болох ёстой гэсэн үг үү?
-Үгүй ээ, хүн бүр заавал программист болно гэсэн үг биш. Үүнийг энгийнээр хэлбэл, хиймэл оюун юу хийж чадах, чадахгүйг ялган таних, түүнд зөв даалгавар өгч, асуултаа оновчтой тавих, гаргасан хариултыг нь эргэцүүлэн шалгах чадвар гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, технологийн энэ хүчийг өөрийн ажил амьдрал, сурч боловсрох үйл явц, шийдвэр гаргах болон бүтээлч сэтгэлгээтэйгээ ухаалгаар хослуулахыг л хэлээд байгаа юм. Хиймэл оюуны бичиг үсэг тайлагдсан хүн AIаар боловсруулсан хариултыг хэзээ ч сохроор дагадаггүй. Харин ч нягталж шалгадаг, өөрийн туршлагаар баяжуулдаг байх ёстой.
ДИПЛОМ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА, АМЖИЛТЫН “ВИЗ” БАЙХАА БОЛЬСОН
-Өнөө цагт дээд боловсролын дипломоор биш, чадвараараа өрсөлдөж, амьдрах үе ирсэн гэх хүн олон юм билээ.
-Дипломын үнэ цэн бүрмөсөн алга болж байна гэсэн үг биш. Харин зөвхөн диплом тухайн хүний ирээдүйн баталгаа, амжилтын “виз” байхаа больсныг л хэлж буй юм. Өмнөх үеийнхний амжилтын “томьёо” харьцангуй энгийн бөгөөд ойлгомжтой байлаа. Сайн сургуульд ор, дипломоо ав, тогтвортой ажилд ор, тэгээд тэтгэвэртээ гар гэсэн “томьёо” олон гэр бүлийн амьдралын алтан дүрэм байв. Гэвч хиймэл оюуны эринд тухайн хүн ямар сургууль төгссөнөөрөө бус, харин юу хийж чаддаг, нөхцөл байдалд хэр хурдан суралцаж, дасан зохицдог вэ гэдгээрээ үнэлэгддэг болсон.
-Хиймэл оюун олон сая хүнийг ажилгүй болгоно гэх айдас ч нийгэмд байна шүү дээ.
-AI бүх ажлын байрыг ганцхан өдрийн дотор устгачихгүй. Харин тогтсон дүрэмтэй, дахин давтагддаг, зөвхөн мэдээлэл боловсруулахад суурилсан механик хэсгүүдийг маш хурдацтай өөрчилж байгаа нь үнэн. Тухайлбал, тайлангийн эхний ноорог бэлтгэх, мэдээллийг ангилах, албан бичиг бичих, орчуулах, судалгааны бүтэц болон контентын санаа боловсруулах зэргийг хиймэл оюуны тусламжтайгаар маш хурдан хугацаанд хийж болно. Гэвч эцсийн дүндээ шийдвэр гаргах, ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах, хүн хоорондын харилцаа, бүтээлч сэтгэлгээ зэргийг орлож чадахгүй. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун хүнийг шууд орлохгүй. Харин үүнийг ашиглаж чаддаг хүн чаддаггүйгээ хөдөлмөрийн зах зээлээс түрж, түрүүлж алхах болно. Ирээдүйд хамгийн үнэ цэнтэй мэргэжилтэн бол хиймэл оюунтай уралдаж, өрсөлдөх гэж оролддог хүн биш. Харин AI-ыг зөв чиглүүлж, гаргасан үр дүнг нь шалгаж, түүнийгээ бодит хэрэгцээ, байгууллагын зорилго, нийгмийн ёс зүйтэй уялдуулан холбож чаддаг хүн хамгийн үнэ цэнтэй мэргэжилтэн болно.
-Тэгвэл энэ “давлагаа”-нд хэн хамгийн түрүүнд өртөх вэ?
-Миний харж байгаагаар зөвхөн дипломдоо найдаж, өөрийгөө хөгжүүлээгүй залуу үеийнхэн хамгийн түрүүнд өртөнө. Өмнө нь залуу мэргэжилтэн тухайн байгууллагад ажилд ормогцоо анхан шатны туслах ажил хийх, бичиг баримт боловсруулах, дата судалгаа цуглуулах зэргээр алдаж онож, бага багаар туршлага хуримтлуулдаг байв. Харин хиймэл оюун тэрхүү анхан шатны олон ажлыг автоматжуулчихаар залуус практик туршлагаа хаанаас, хэрхэн хуримтлуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хоёрдугаарт, аливаад дасан зохицож, өөрийгөө “шинэчлэх”-ээс татгалзаж буй дунд үеийн ажилтнууд. “Би энэ салбарт олон жил ингэж л ажиллаж ирсэн, бүхнийг мэднэ” гэсэн хандлагатай хүн өнөөгийн нийгэмд цөөнгүй бий. Гэхдээ хиймэл оюуны эринд олон жилийн туршлагаа давуу тал болгохын оронд үргэлж шинийг эрэлхийлж суралцах учиртай. Харин 35-аас дээш насныханд, тэр дундаа амьдралын туршлагатай хүмүүст асар их боломж байна гэж хардаг. Учир нь хиймэл оюуны гаргаж буй хариулт, үр дүнг шүүж тунгаахад тухайн хүний туршлага, зөн совин хамгийн чухал. Тухайлбал, туршлагатай багш хиймэл оюуны гаргасан хичээлийн төлөвлөгөөг хүүхдийн сэтгэл зүйн онцлогт нийцэж буй, эсэхийг ялгаж чадна. Мөн туршлагатай хүний нөөцийн менежер AI-аар бэлтгэсэн ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын соёл, уур амьсгалтай хэр зохицохыг шууд л мэднэ шүү дээ. Тиймээс тухайн хүний бодит туршлага, амьдралын ухаан нь хиймэл оюуныг жолоодох хамгийн чухал хөшүүрэг хэвээр үлдэнэ гэсэн үг.
-AI зөвхөн хувь хүний асуудал биш болсон. Байгууллагууд энэ өөрчлөлтөд хэрхэн бэлтгэвэл зохистой бол?
-Байгууллагын хувьд хиймэл оюун бол зөвхөн мэдээллийн технологийн асуудал биш. Харин хүний нөөцийн менежмент, манлайлал, сургалт хөгжил, байгууллагын соёлтой салшгүй холбоотой стратегийн чухал сэдэв болоод байна. Өнөөдөр олон байгууллага ажилтнуудаасаа илүү өндөр хурд, чанар, бүтээмж шаардаж буй. Гэвч тэдэнд орчин үеийн дэвшилтэт хэрэгсэл, шаардлагатай мэдлэг ур чадвар, шинэ сэтгэлгээг эзэмшүүлэхгүйгээр зөвхөн “илүү сайн, илүү хурдан ажилла” гэж шаардах нь шударга бус шүү дээ. Хиймэл оюуны эринд тухайн байгууллага ажилтнаа дахин сургах (reskilling) тогтолцоог бий болгох ёстой. Ажлын байрны тодорхойлолтоо шинэчилж, ур чадварын шинэ зураглал гаргах хэрэгтэй. Мөн хиймэл оюун ашиглах бодлого, ёс зүйн хэм хэмжээ, мэдээллийн нууцлал болон аюулгүй байдал, шинэ стандарт зэргийг нарийн тодорхойлох шаардлагатай. Хамгийн үнэтэй хиймэл оюуны систем нэвтрүүлсэн байгууллага бус, харин ажилтнуудаа AIтай хамт хөгжүүлж, шинэ орчинд дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлсэн компанийн өрсөлдөх чадвар өндөр байна. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь зөвхөн ажилтан сонгон шалгаруулах хүрээнд хязгаарлагдах бус, тэднийг тасралтгүй сургаж хөгжүүлэх, хиймэл оюуныг үр ашигтай ашиглах ур чадварыг нь төлөвшүүлэх, туршлага болон технологийн боломжийг оновчтой уялдуулах цогц стратеги болон өргөжүүлэх шаардлагатай.
-Боловсролын салбар AI-д дасан зохицохын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Хиймэл оюуныг зөвхөн мэдээллийн технологийн хичээлийн нэг сэдэв төдийхнөөр хязгаарлаж болохгүй. Энэ бол бүх хичээл, суралцах арга барилд нөлөөлөх суурь чадамж юм. Тухайлбал, математикийн хичээлд тухайн бодлогын логик үндэслэлийг тайлбарлуулах, англи хэлний хичээл дээр харилцан ярианы дадлага хийх зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ашиглах боломжтой. Бид хүүхдүүдийг зөвхөн шалгалтын оноонд бус, ирээдүйн амьдралд шаардлагатай бодит ур чадвар, асуудал шийдвэрлэх чадамжид бэлтгэх хэрэгтэй байна л даа.
-Эцэг, эхчүүд хүүхдээ үүнд хэрхэн бэлтгэх ёстой вэ. Таны хувьд тэдэнд юу гэж зөвлөх бол?
-Эцэг, эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь хүүхдээ өөрсдийн өссөн үеийн дүрмээр ирээдүйд бэлтгэх гэж оролддог явдал юм. Бид дээр дурдсанчлан хуучирсан арга барилаар хүмүүжсэн. Магад энэ нь буруу биш ч, өнөөгийн хүүхдүүдийн ирээдүйн баталгаа болж чадахгүй. Түүнчлэн дэлхий нийтээрээ дижитал хэлбэрт шилжсэн ч бусдыг хайрлах, өрөвдөх сэтгэл, ёс зүй зэрэг хиймэл оюунд хэзээ ч байхгүй хүний үндсэн мөн чанарыг тордож үлдэх учиртай. Мэдээллийг сохроор дагахын оронд бодит, эсэхийг нь эргэцүүлэн шүүж чаддаг байх нь чухал. Мөн асуултаа зөв, оновчтой тавьж, хариултаа нягтлан шалгах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ хиймэл оюунаас хамгаална гэдэг. Гэхдээ энэ нь түүнийг технологиос хол байлгаж, утас, компьютерыг нь нуухын нэр биш шүү дээ. Харин ч эсрэгээрээ, хиймэл оюуныг өөрийнхөө амьдрал, хөгжилд хэрхэн ухаалгаар, зөв зохистой ашиглах талаар зааж чиглүүлэх нь зөв.
AI-ААР БОЛОВСРУУЛСАН ХАРИУЛТЫГ ТУЙЛЫН ҮНЭН ГЭЖ ҮЗЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ
-Тэгвэл хиймэл оюуны хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлж алхах вэ?
-Аливаа зүйлийг эхлэхэд заавал гүн гүнзгий, төгс мэдлэг хэрэггүй гэдэг шүү дээ. Харин эхлэх зориг, сониуч зан хэрэгтэй. Өдөр бүр ердөө 30 минутыг хиймэл оюунтай ажиллахад зориулаад үзээрэй. Өөрийн өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой нэг жижиг асуудлыг хиймэл оюунаас асуухаас эхэлж болно. Албан захидал бичүүлж, ажлын төлөвлөгөө гаргуулж, хүүхдийнхээ ойлгохгүй байгаа хичээлийг тайлбарлуулж, эсвэл уншсан зүйлээ хураангуйлан нэгтгүүлж үз. Гэхдээ нэг зүйлийг хэзээ ч мартаж болохгүй. Хиймэл оюуны өгсөн хариултыг туйлын үнэн гэж үзэх нь өрөөсгөл. Энэ бол ердөө л нэг хувилбар, анхны ноорог юм. Түүнийг та шалгана, засна, бас өөрийн туршлагаар баяжуулна.
-“AI ба дэлхийн монгол хүн” номыг бичих болсон гол шалтгаан тань юу байв?
-Миний хувьд энэ ном зөвхөн хиймэл оюун, технологийн хөгжлийн тухай бүтээл биш. Илүү өргөн утгаараа монгол хүн шинэ цаг үед ямар мэдлэг, хандлага, үнэт зүйлтэй байх ёстой вэ, дэлхийтэй өрсөлдөхийн зэрэгцээ өөрийн онцлогийг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг асуултад хариулт эрсэн тэмдэглэл гэж хэлж болно. “AI ба дэлхийн монгол хүн” номын амин сүнс, үндэс суурь нь олон жилийн өмнө БНСУ-д суралцаж, ажиллаж амьдрах хугацаандаа өөрөөсөө “Монгол хүн гэж хэн бэ”, “Бид дэлхийн тавцанд юугаараа ялгарч, хэрхэн үнэлэгдэх ёстой вэ” гэж асуудаг байсантай холбоотой. Энэ эрэл хайгуул минь хожим хиймэл оюун, технологийн хурдацтай өөрчлөлттэй огтлолцож, нэг зүйлийг улам тодорхой ойлгуулсан нь дэлхий хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран монгол хүн суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж чадвал хаана ч өрсөлдөх боломжтой гэсэн итгэл байсан.
БНСУ-д их сургуулиа төгссөнөөсөө хойш Монгол, Солонгосын хооронд төр, бизнес, боловсрол, хүний хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны гүүр болохын тулд олон жил тууштай ажилласан. МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр 18 жилийн турш ажиллахдаа хоёр орны төрийн болон бизнесийн өндөр хэмжээний айлчлал, форум, сургалт, түншлэлийн ажлууд зохион байгуулсан. Энэ хугацаанд би өөрийгөө зөвхөн орчуулагч, зохион байгуулагч, эсвэл албан ёсны төлөөлөгч төдийхнөөр хэзээ ч хязгаарлаж байсангүй. Харин монгол хүний нэр хүнд, чадвар, үнэлэмжийг гадаад ертөнцөд хэрхэн зөвөөр таниулж, ойлгуулах вэ гэдэгт анхаарч байлаа. Солонгос дахь анхны Монголчуудын холбоо, Оюутны холбоо, Эмэгтэйчүүдийн болон Бизнес эрхлэгчдийн клубийг санаачилж, тулганы чулууг нь тавилцсан он жилүүд бол миний амьдралын хамгийн нандин бөгөөд бахархам үе. Тухайн үед БНСУ-д ажиллаж, амьдарч байсан олон мянган элэг нэгтэндээ хэрэгцээт мэдээллийг нь хүргэх, дэмжлэг үзүүлэх, шинэ боломж бий болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн.
-Та монгол хүний бусдаас ялгарах онцлогийн талаар их ярьдаг. Технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ үед монгол хүний онцлог, үндэсний үнэт зүйлс яагаад улам чухал болж байна вэ?
-Хиймэл оюуны эринд тулгарч буй хамгийн том эрсдэл бол хүн өөрийн мөн чанар, үндэс язгуураа мартах явдал юм. Технологи бидний ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг ч хэмнэдэг. Гэхдээ хэрхэн амьдрахыг хэзээ ч зааж өгөхгүй. Тиймээс хиймэл оюун бидэнд хэрэгцээтэй мэдээллийг цуглуулж, боловсруулж өгч болох ч хүний уураг тархи, зүрх сэтгэлийг гүйцэж чадахгүй. Хиймэл оюуны эрин үед монгол хүн өөрийн хэл, соёл, түүх, өвгөдийн ухаан болон байгальтайгаа зохицон амьдардаг нарийн мэдрэмжээ гээхгүйгээр, дэлхийн хэмжээний боловсрол, чадвартай болох ёстой. Энэ л миний олон жил ярьж буй “дэлхийн монгол хүн” хэмээх үзэл санааны гол цөм, амин сүнс нь. Товчхондоо, монгол сэтгэлтэй, дэлхийд үнэлэгдэх чадвартай хүнийг л хэлээд байгаа юм.
Э.Сүйлэн