Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тав хоног үргэлжлэх “Азийн цэвдэг судлалын олон улсын III хурал” (ACOP 2026) салбар хуралдаанаар өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн хуралд АНУ, Хятад, Орос, Япон, Канад, Герман зэрэг дэлхийн 25 орны 360 гаруй нэртэй эрдэмтэн, залуу судлаач оролцож байна. Тэд цэвдэг хайлснаас үүсэж буй дэд бүтцийн эрсдэл, усны нөөцийн хомсдол, экосистемийн өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлого, шийдвэр гаргагчдад зориулсан санал, зөвлөмж боловсруулах юм.
Манай улсын газар нутгийн 29.3 хувь нь цэвдэгтэй бөгөөд тархалтаараа дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг. Байршлын хувьд Сибирийн үргэлжилсэн цэвдгийн өмнөд хил дээр буюу уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг бүсэд хамаардаг. Энэ онцлогоос шалтгаалан Монгол орны цэвдэг эрчимтэй хайлж, хөрс доройтож буйг олон улсын судлаачид дурдлаа. Үүнээс үүдэн барилга, байгууламж, зам, дэд бүтцийг гамшигт тэсвэртэйгээр төлөвлөх, энэ чиглэлийн томоохон төслүүдийн нөлөөллийг бодитой үнэлэх, газар зүйн бүсчлэлийн онцлогт тулгуурласан эрсдэлийн менежмент хэрэгжүүлэх шаардлага тулгарч эхэлжээ.
Уг хурлыг зохион байгуулагчид “Азийн бүс нутаг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цэвдгийн тархалтын гол хэсгийг бүрдүүлдэг. Гэтэл энэ бүс нутаг газар зүйн байршлын онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэн, мөнх цас, мөсөн гол, цэвдэг эрчимтэй хайлж буй. Үүний эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөг тодорхойлж, системтэйгээр хэрэгжүүлэхэд энэ удаагийн хурал чухал нөлөөтэй” гэлээ.
Н.Мшээл