Төв Азийн агаарын ачаа тээврийн хэмжээ 2019 оноос хойш хоёр дахин өссөнийг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос мэдээллээ. Тус байгууллагын долоо хоног тутмын “Chart of the week” тоймд агаарын орон зайн зарим хязгаарлалт болон тээврийн сүлжээний шинэчлэлийн улмаас Төв Ази нь тив хоорондын ложистикийн ач холбогдол бүхий дамжин өнгөрөх чухал бүс болж буйг онцолсон байна. IATA-гийн мэдээлснээр эл өсөлтийн дийлэнх хэсгийг шууд дамжин өнгөрөх ачаа бүрдүүлсэн бөгөөд импортын урсгал экспортынхоос харьцангуй өндөр хэвээр байгаа аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Казахстаны ачаа тээврийн хэмжээ 149, Узбекистаных 182 хувиар нэмэгдсэн нь нэгэнт уг салбарын “гол тоглогч” болсныг илтгэнэ хэмээжээ.
Үүнээс гадна IATA Казахстаны тогтмол нислэгийн сүлжээ 2015-2025 онд 48 хувиар өргөжин, нийт 295 чиглэлд хүрснийг дурдсан юм. Одоогийн байдлаар тус улсын агаарын тээврийн зах зээлд 42 авиа компани 22 нисэх буудал руу тогтмол нислэг үйлдэж буй бөгөөд эдгээрийн 82 хувь нь бүс нутгийнх гэнэ. Төв Ази ийнхүү хурдацтай хөгжих болсон шалтгаан нь газар зүйн ашигтай байрлал, дэд бүтцийн зөв бодлоготой холбоотойг мэргэжилтнүүд онцолсон. Ташрамд, олон улсын мөргөлдөөн, хориг арга хэмжээнүүдийн улмаас агаарын зарим орон зайд хязгаарлалт үүссэн нь тив хоорондын тээврийн сүлжээг шинэчлэхэд хүргэж байв.