ОХУ-ын экспортын гол газрын тос болох “Urals”-ийн үнэ Ойрх Дорнод дахь мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшинд хүрч буурсан нь Кремлийн төсөвт хүндрэл уч руулж, Москвагийн хувьд таагүй мэдээ болж байна. Эрчим хүч, түүхий эдийн зах зээлийн чиглэлээр дагнасан дэлхийн нөлөө бүхий, хараат бус мэдээллийн агентлаг гэгддэг “Argus media”-гийн мэдээлснээр энэ сарын эхний гурван өдөр Оросын баруун боомтуудаар экспортолсон “Urals” төрлийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 41.66 ам.доллар (тээврийн зардал ороогүй) болсон аж. Энэ нь дизель түлшний үнэ хамгийн их савласан дөрөвдүгээр сарын ханшаас даруй хоёр дахин бага дүн юм. ОХУ-ын Сангийн яам шатахууны татварыг тооцохдоо “Argus media”-гийн мэдээллийг ашигладаг гэнэ.
Газрын тосны үнэ төсөвт тооцсон түвшнээс удаан хугацаанд доогуур хэвээр байвал Украинтай хийж буй дайны өртгөө нөхөж чадахгүйд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. 2026 оны эхний таван сарын байдлаар Оросын төсвийн алдагдал зургаан их наяд рубль буюу ойролцоогоор 77 тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцжээ. Энэ нь бүтэн жилийн зорилтот түвшнээс 60 хувиар давсан үзүүлэлт юм. Ташрамд, Ойрх Дорнодын мөргөлдөөний үеэр газрын тосны үнэ өссөнөөр Орос их хэмжээний ашиг хүртсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш сар бүр “Urals”-ийн дундаж үнэ нэг баррель нь 59 ам.доллароос давж байв. Энэ нь Вашингтон, Тегеран түр хэлэлцээр байгуулж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотой байсан юм.
Уг уналт манай улсад хэрхэн нөлөөлж болох талаар эдийн засагчаас тодруулахад “Түүхий эдийн богино хугацааны уналтыг даган импортын шатахууны үнэ буурч, дотоодын инфляцын дарамт багасах эерэг талтай. Гэвч дунд хугацаандаа ОХУ экспортын татвараа нэмэх, эсвэл нийлүүлэлтээ хязгаарлах эрсдэлтэй. Түүнчлэн тус улсын эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх эрчим хүч, дэд бүтцийн төслүүд удааширч, царцах магадлалтай юм” хэмээлээ.