УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” санал, дүгнэлтийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг томиллоо.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн очиж, шүүгч бус гишүүнээр томилогдсон гишүүдийн УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан юм. Энэ үеэр гишүүн Б.Амартүвшин “Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг нэг шатаар ахиулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал” гэв. Харин гишүүн Б.Даваажав “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэнээр ажлын үр дүн гарах учиртай” хэмээв.