Утга зохиолын оны шилдэг бүтээлийг тодруулах “Алтан өд” наадмын энэ жилийн шалгаруулалтыг Монголын зохиолчдын эвлэлээс зарлалаа. Шалгаруулалтад 2023 онд уншигчдын хүртээл болсон утга зохиолын бүтээлүүдийг нийт есөн төрөлд өрсөлдүүлэх нь. Тухайлбал, яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл буюу романы төрөлтэй. Мөн хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл буюу өгүүллэг, туурь, тууж, баримтат, хүүхдийн, шог хошин, зөгнөлт, жүжиг, киноны зохиолын төрөлд бүтээлээ ирүүлж болох нь. Түүнчлэн утга зохиолын орчуулга болон шүүмж, судлалын шилдэг бүтээлийг шалгаруулах аж. Эдгээрээс гадна хүний эрхийг дээдэлсэн, жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулахаар болжээ.
“Алтан өд”-д нэр дэвшүүлэх бүтээлийг өчигдрөөс Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авч эхэлсэн байна. Бүтээлүүдийг хүлээн авах хугацаа энэ сарын 25-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэдгээрийг хоёр үе шатаар шалгаруулан, эцсийн дүнг ирэх оны нэгдүгээр сард зарлах нь. Шалгарсан бүтээлүүдийн шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн ёслолын үеэр гардуулах аж.
Бэлтгэсэн: М.Оч