Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам
Манай улсаас Европын орнуудад анх сурагч илгээж, өрнийн боловсрол эзэмшүүлж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг Театрын музейд өчигдөр дэлгэлээ. Монголын боловсролын түүхэнд шинэ хуудас нээсэн энэ үйл явдал 1926 оноос эхтэй. Тухайн үед 40 гаруй монгол сурагч Европыг зорьж, шинжлэх ухаан, соёл, боловсролын ололт амжилтаас суралцсаны дотор Дамдины Пагмадулам, Гүнгаажавын Батсүх, Донойн Сурмаажав, Доржийн Цэрэнханд, Гомбожавын Хаалаа, Жамсрангийн Бадамжав зэрэг бүсгүйчүүд багтаж байв. Гэвч тэдний тавыг нь тайж гаралтай гэх шалтгаанаар эх оронд нь татаж авчирсан бол хоёрыг нь төд удалгүй буцаажээ.
Викерсдорфийн Чөлөөт дунд сургуулийн сурагчид. Зүүн гар талаас Г.Батсүх, Г.Хаалаа, Д.Сурмаажав, герман сурагч. 1927 он
Үзэсгэлэнд өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 60 гэрэл зураг, 40 гаруй архивын баримт, 31 ном товхимол, 40 орчим эд өлгийн зүйлийг толилуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, Д.Пагмадуламын 1924 онд Монгол ардын намын гурван жилийн ойн хуралд хэлсэн үгийн эх хувь, Ж.Бадамжавын Виктор Хюгогийн бүтээлийг франц хэлнээс монгол руу хөрвүүлсэн гар бичмэл зэргийг дэлгэжээ. Түүнчлэн Г.Хаалаагийн “Хаалаа” шоколадны сав, боодол, Д.Сурмаажавын 1940 онд Германаас авчирсан оёдлын машин, чемодан, гар цүнх, үзэг зэрэг хувийн эд зүйлийг олны хүртээл болгож байна. Сонирхолтой нь, Д.Сурмаажавын оёдлын машин өдгөө ч хэвийн ажилладаг аж. Мөн Д.Цэрэнхандын маркны цуглуулга, удмын бичиг, анхны Ардын багш Г.Батсүхийн Германаас авчирсан гоо сайхны болон аяллын цүнх, пянзны цуглуулгыг дэлгэн үзүүлж буй юм. Үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Алс холын Европыг зорьсон эдгээр бүсгүй зөвхөн өөрсдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх бус, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл тэмүүллээр эрдмийн аянд гарчээ. Тэд хожим эх орондоо ирж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт үр бүтээлтэй ажиллан, Монголын шинэ үеийн сэхээтэн эмэгтэйчүүдийн эхлэлийг тавьсан юм. Тиймээс 1926-1930 онд Европыг зорьсон сурагчдын түүх зөвхөн гадаадад боловсрол эзэмшсэн анхны монголчуудын тухай дурсамж бус, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрх, нийгмийн хөгжилд оролцох боломжийн эхлэл тавигдсан үнэ цэнтэй түүхэн баримт юм.
Урд эгнээний зүүн гар талаас Г.Хаалаа, дүү Г.Шүрэнчимэг, ач дүү Г.Готов, эгч Г.Сүгжмаа. 1920 он
У.Цэцэгсүрэн