Урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Н.Мөнхтуул “Human” хэмээх бие даасан анхны үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн 10 жилийн ойд зориулан дэлгэсэн эл үзэсгэлэнг энэ сарын 20-ныг хүртэл толилуулах юм. Уран бүтээлч энэхүү үзэсгэлэнгээрээ хүний дотоод мөн чанар болон биологи, нийгмийн оршихуйн харилцан хамаарлыг хөнджээ. Ингэхдээ нийгмийн тогтсон хэв маяг, хэвшмэл ойлголт, бусдын хүлээлтээс ангид байх тухай эргэцүүлэхэд үзэгчдийг урьж буйгаараа онцлогтой.
Мөн арьсыг сорви, үрчлээ, мэнгэ зэрэг амьдралын ул мөртэй зүйрлэн дүрсэлсэн байна. Ингэснээр бие махбодын онцлог шинжүүдийг өө сэв бус, харин тухайн хүний давтагдашгүй түүхийг өгүүлэх үнэ цэнтэй ул мөр хэмээн тодотгохыг зорьжээ. Түүнчлэн эмэгтэй хүний бие галбир, хувийн сонголтыг нийгмийн тогтсон хэмжүүрээр шүүх хандлагыг няцааж, өөрийнхөөрөө оршихын утга учрыг бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлсэн аж.
Н.Мөнхтуул Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зураг болон арьсан урлалын мэргэжлээр төгссөн. Тэрбээр уламжлалт монгол зургийн нарийн ажиллагааг арьсан хөөмлийн техниктэй хослуулан бүтээлээ туурвидгаараа онцлогтой. Мөн 2023, 2024 онд Японы Токио хотод зохион байгуулсан Олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнгийн “Арьсан зураг” төрөлд тусгай болон тэргүүн байрын шагнал хүртэж байв.
У.Сүрэн