НҮБ-аас гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусадтай адил тэгш хөдөлмөрлөх, мэргэжлийн хувьд өсөн дэвжих, ажил, хөдөлмөр эрхлэх боломжоор хөхиүлэн дэмжихэд чиглэсэн зохих арга хэмжээг авна” гэж тусгасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн авьяас, ур чадварыг дэмжих, олон нийтэд таниулан сурталчлах зорилготой үзэсгэлэнг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Монголын уран зургийн галерейд хоёр өдрийн турш дэлгэлээ.
Үзэсгэлэнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн үе үеийн төгсөгч, суралцагч, багш, сурган хүмүүжүүлэгчдээс бүрдсэн, хөгжлийн бэрхшээлтэй 40 орчим хүний 200-гаад бүтээлийг дэлгэсэн юм. Үүнд, гар урлал, уран дархан, хувцас загвар, модон болон оёмол, сүлжмэл эдлэл, хэвлэл, график дизайн, хүнс, хоол үйлдвэрлэл, техник, засвар үйлчилгээний чиглэлийн бүтээлүүд багтав.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хамтран “Ability expo” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, Мэргэжлийн боловсролын сургуулийн үе үеийн төгсөгч, суралцагчийн бүтээлийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээг Мэргэжлийн боловсролын сургуулийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан “Бүтээлийн үзэсгэлэн-2026” нэртэйгээр илүү өргөн хүрээнд зохион байгуулж, олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаг болох “хүн бүрд хөгжих эрх, гэрэлтэх авьяас чадвар бий”-г батлан харууллаа. Тус үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдээс дээжлэн толилуулъя.