Театрын босго давсан үзэгч бүр суудалдаа тухлан хөшиг нээгдэхийг хүлээдэг бичигдээгүй дүрэм бий. Харин “Долма” театрын “Амьтны ферм”-ийг зорин ирэгсдийн хувьд жүжиг танхимд орохоос ч өмнө эхэлчихсэн байх аж. Үүдээр алхмагц дүрдээ хэдийн орчихсон жүжигчид угтаж, үзэгчидтэй яриа өрнүүлнэ. Энд бодит амьдрал, зохиомол ертөнц хоёрын зааг анхнаасаа л бүдгэрч, бид зөвхөн үзэгч үү, эсвэл жүжгийн нэг эд, эс болчихсон уу гэдгээ ч анзаарах сөхөөгүй үйл явдалд татагдан орно.
Английн зохиолч Жорж Оруэллийн 1945 онд туурвисан алдарт “Амьтны ферм”-ийг найруулагч Т.Цэнд-Аюуш мета драмын хэлбэрээр тайзнаа амилуулжээ. Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсны төлөө тэмцсэн амьтад эцэстээ өөрсдийнхөө эсрэг дарангуйллын тогтолцоог бий болгож буй тухай эл бүтээлд өгүүлдэг. Харин “Долма” театрын уран бүтээлчид энэ санааг зөвхөн тайзнаас өгүүлэх бус, үзэгчдэд биеэр мэдрүүлж, өөрсдийг нь жүжгийн нэг хэсэг болгохыг зорьжээ.
АМЬТДЫН ДҮРЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ТОЛЬДОВ
Фермийн амьтад эзнийхээ дарлал, мөлжлөгөөс ангижрахаар нэгдэж, хувьсгал хийнэ. Тэд эрх тэгш амьдрах шинэ нийгэм байгуулж, өөрсдийн дүрмийг тунхагладаг. Гэвч эрх мэдлийг гартаа авсан гахайнууд аажмаар бусдаасаа дээгүүр заларч, хамтдаа босгосон нийгмээ эргээд дарангуйллын талбар болгож хувиргана. Эцэст нь “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ гахай бусдаасаа илүү тэгш эрхтэй” гэх утгагүй мэт боловч гашуун үнэнийг тунхаглах шиг.
Жүжгийн баатрууд зөвхөн амьтдыг төлөөлсөнгүй. Тэдний үйлдэл, үг яриа, харилцаа бүрээс өнөөгийн нийгмийн олон төрхийг тольдох боломжтой. Бусдын төлөө чөмгөө дундартал зүтгэх Боксер адуу, үнэнийг гадарлавч дуугүй өнгөрөх Бенжамин илжиг, амин хувийн тав тухаа эрхэмлэх Молли гүү гээд дүр бүр өөрийн гэсэн өгүүлэмжтэй. Гэхдээ үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан нь хонинууд. Тэд бусдын уриа лоозонг сохроор дагаж, өөрсдөө тунгаан бодохын оронд сүргээ дуурайна. Эхэндээ өхөөрдөм, хөгжилтэй харагдах энэ дүрүүдээр дамжуулан ухамсаргүйгээр аялдан дагалдах, иргэдийн хариуцлагагүй байдлыг егөөджээ. Өнөөгийн нийгэмд эрх мэдэлтнүүдийн зохиосон дүрэм, тулгасан бодлогыг эргэлзэх ч үгүй дагадаг бидний дүр төрх яг л энэ хонинуудаар илрэх мэт. Бусдын үгийг аялдан дагаж, өөрийн бодол санаа мэт давтаж, болж буй үйл явдалд эргэлзэхээ больсон олонхыг жолоодоход ямар амархан гэдгийг тэдний үйлдлээр харуулсан нь энэ. Тэгэхээр эрх мэдэлтнүүдийг буруутгахаас гадна тэдэнд ийм боломж олгосон олонхын тухай бодохоос аргагүй. Учир нь фермийн гажуудлыг зөвхөн гахайнууд бүтээгээгүй. Тэднийг аялдан дагадаг, чимээгүй ажигладаг, эсэргүүцэхээс эмээдэг хэн бүхэн эл тогтолцооны нэг эд, эс билээ.
Фермийн амьдралыг өөрчлөх ёстой дүрэм, журам ч эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд тааруулан хувирч эхэлдэг. Анх бүгдэд тэгш үйлчлэхээр тунхагласан зарчмууд аажмаар засагдаж, хориглосон заалт бүрд нь элдэв тайлбар, нөхцөл хавчуулж эхэлнэ. Ингэснээр өчигдөр буруу байсан үйлдэл өнөөдөр зөв мэт харагдаж, амьтад өөрсдөө ч анх ямар үнэт зүйл баримталж байснаа мартахад хүрнэ.
Эрх мэдэл зөвхөн хүч түрэмгийллээр бус, үг хэллэг, мэдээлэл, үнэнийг өөрт ашигтайгаар тайлбарлах эрхээр дамжин тогтдогийг үүнээс харж болно. Хэн дүрмийг өөрчилж, түүнийг хэрхэн мушгин тайлбарлаж, юуг үнэн хэмээн тулгаж байна вэ гэдэг фермийн хувь заяаг шийднэ. Харин бусад амьтан өөрсдийн эрх ашгийг зөрчиж буйг анзаарахгүй өнгөрөөх, эсвэл анзаарсан ч эсэргүүцэхгүй байх тусам эл дэглэм улам бүр батжих нь харамсалтай.
ЗАЛУУ ЖҮЖИГЧИД “БҮДГЭРСЭНГҮЙ”
“Амьтны ферм”-ийн нэг онцлог нь жүжигчдийн бүрэлдэхүүн. Бидний эчнээ танил Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Соёлын тэргүүний ажилтан Д.Батцэцэг, Ц.Ганзориг тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид залуу жүжигчидтэй нэгэн тайзнаа гарчээ. Олны танил жүжигчдээ ямар дүр бүтээхийг сонирхон зорьж очсон үзэгч цөөнгүй байсан биз. Гэвч энэ удаа зөвхөн тэдний тоглолтыг онцлоод өнгөрөх нь учир дутагдал тай.
Учир нь ахмад, дунд үеийн уран бүтээлчдийн дэргэд залуу жүжигчид “бүдгэрсэнгүй”. Харин ч эрч хүч, хөдөлгөөн, дүрийн хувирал, үзэгчтэй харилцах чадвараараа тэд гялалзаж байв. Э.Мөнхшүр, М.Бат-Эрдэнэ, М.Төгөлдөр нарын тоглолт үүний тод жишээ. Ялангуяа М.Бат-Эрдэнийн бүтээсэн Цезарь тахиа үзэгчидтэй шууд харилцаж, дөрөв дэх ханыг эвдэхдээ тайзны эрх чөлөө, хошин мэдрэмжээ чадварлаг ашиглажээ.
Мөн Сквиллерийн дүрд тоглосон М.Төгөлдөрийг онцолмоор байна. Бусдын итгэлийг олж, үгээрээ нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлдэг энэ дүр жүжгийн үйл явдлыг хөтлөх чухал үүрэгтэй. Түүний зальжин яриа, хөдөлгөөн, зан чанарыг илэрхийлэх арга барил Сквиллерийг тайзнаа илүү тодотгох шиг санагдсан. П.Эрдэнэзааны бүтээсэн Бенжамин илжиг ч дүрийнхээ мөн чанарыг бүрэн гаргав. Аливааг ажиглаж, үнэнийг ойлгодог ч тэр бүр ил гаргадаггүй уг дүрийн цаана нийгмийн идэвхгүй ажиглагчийн төрх бий. Харин Ц.Ганзоригийн Боксер адуу хөдөлмөрч, үнэнч боловч бусдын итгэлийг даах гэж өөрийгөө умартан зүтгэдэг нэгний эмгэнэлт хувь тавиланг төлөөлнө.
Туршлагатай жүжигчид жүжгийн хэмнэлийг зангидаж байхад залуу уран бүтээлчид ур чадвараа харуулж, илүү амьд болгожээ. Шинэ, залуу театр гэхэд ийм өргөн бүрэлдэхүүнтэй, олон дүр, нийтийн хөдөлгөөн шаардсан, үзэл санааны хувьд ч амаргүй зохиолыг сонгон тайзнаа амилуулсан нь тун зоригтой үйлдэл. Үүнээс гадна залууст томоохон дүр бүтээх боломж олгож, туршлагатай уран бүтээлчидтэй нэг тайзнаа хүч сорих орон зай бүрдүүлсэн нь сайшаалтай.
ХӨШИГ ХААГДСАН Ч ЖҮЖИГ ҮРГЭЛЖИЛНЭ
Уг бүтээлийн бас нэгэн онцлог нь мета драмын хэлбэр. Өөрөөр хэлбэл, энэ бол жүжиг гэдгийг үзэгчдэд сануулж, тайз болон бодит амьдралын заагийг зориуд бүдгэрүүлдэг. Жүжигчид дүрээсээ гарч, танхимтай шууд харилцана. Заримдаа үйл явдлыг түр зогсоож, биднээс асуух нь ч бий. Ингэснээр үзэгч зөвхөн юу болж буйг хараад суух бус, өөрийн байр сууриа илэрхийлж, эргэцүүлэхэд хүрэх аж.
Тусгаар тогтнолын ордонд толилуулж буй нь ч зохиолын агуулгатай холбогджээ гэмээр. Театрын орчин, уран бүтээлчдийн үйлдэл гээд тайзнаас гаднах орон зай хүртэл бүтээлийн нэг хэсэг болов. Үндсэндээ тэнд хүмүүс жүжгийн хэмнэлд уусахын тулд заавал хөшиг нээгдэхийг хүлээх шаардлагагүй. Хувцас, нүүр будалт, үс засалт, гэрлийн шийдэл ч дүрүүдийн ялгааг тодотгож, ерөнхий уур амьсгалыг нь бүрдүүлэх аж. Олон дүр, нийтийн хөдөлгөөнийг нэгэн хэмнэлд зангидаж, амьтдын ертөнцийг тайзнаа амилуулахад багийн ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох хэрэгтэй.
Жүжгийн төгсгөлд үзэгчдэд үлдэх асуулт энгийн хэрнээ хариулахад амаргүй. Гахайнууд дураараа хууль дүрэм зохиож, харин хонинууд бодож тунгаах ч үгүй сохроор дагадаг эл фермийн яг аль талд бид байна вэ. Эрх мэдлийг гартаа авсан гахайнуудын нэг үү, хөдөлмөрлөсөөр байдаг Боксер уу, эсвэл юу болж буйг харсаар атлаа дуугүй өнгөрдөг Бенжамин уу.
Тэгвэл “Амьтны ферм”-ийн үнэ цэн амьтдын түүхээр хүний нийгмийг харуулсанд орших аж. Эрх чөлөө, тэгш эрхийн тухай ярьж эхэлсэн тэмцэл хэрхэн шинэ дарангуйлалд хүрч болдгийг үзүүлээд зогсохгүй тэр бүхний өмнө бид ямар байр суурь эзэлж буйг асуусан нь онцлууштай.
Хөшиг хаагдаж жүжиг дууссан ч фермийн амьдрал үргэлжилсээр буй нь гачлантай. Амьтад тайзнаа үлдсэн ч тэдний түүх бидний өдөр тутмын амьдралтай сүлэлдэн оршино. Бид заримдаа Боксер шиг зүтгэж, Бенжамин шиг дуугүй ажиглаж, хонинууд шиг толгойгүй аашилж, бусдын үгийг давтдаг байж мэднэ. Харин өөрсдийн амьдарч буй нийгэмд ямар дүрэм үйлчилж байгааг анзаарч, түүнийг өөрчлөхөд хэрхэн байр сууриа эзлэх вэ. “Долма” театрын залуусын тавьсан энэ асуултад үзэгч бүр өөр өөрийнхөөрөө хариулах биз ээ.