Монголын уран бүтээлчид Испанийн Торрехон хотод болсон “International ice festival” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ. Ингэснээр манай баг тус наадмын хошой аварга болов.
Тодруулбал, сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ 14 орны 10 багийн 22 оролцогчоос шилдгээр шалгарчээ. Энэ удаагийн тэмцээнийг далайн болон домгийн амьтад, усан доорх ертөнцийг дүрслэх сэдвийн хүрээнд зохион байгуулсан аж. Ингэхдээ баг бүрд таван ам метр талбай, тус бүр нь 125 кг жинтэй 25 ширхэг мөсөн блок олгосон бөгөөд залуус долоон өдрийн турш хөрөө, цүүц ашиглан бүтээлээ урлажээ.
Сонирхуулахад, манай уран бүтээлчид хоёр жилийн өмнө тус тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ түрүүлж, үзэгчдийн нэрэмжит шагналыг давхар хүртэж байв.