Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг судалж гаргасан байна. Ингэхдээ баг бүрийн бэлчээрийн ургац, талбайн хэмжээ, ашиглах хугацаа, малын тоо зэрэг мэдээлэлд үндэслэжээ. Зуншлага энэ сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумын нутагт муу гэж үнэлэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 47 хувь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь хүрэлцээтэй, 21 хувьд нь даац 1-3 дахин, дөрвөн хувьд нь 3-5, найман хувьд нь олон дахин хэтэрсэн гэсэн үзүүлэлттэй байна. Товчхондоо, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрснийг тогтоожээ.
Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан гэнэ. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумын нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Мөн Баян-Өлгий, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн зарим сумд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрчээ.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутагт бэлчээж болох, эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэдэг. Энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан байна. Гэвч өвөлдөө хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цагаан болон мөсөн зуд болж, мал бэлчээрлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд санууллаа. Тиймээс ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумын нутагт өвс, хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч, өвөлд бэлдэхийг ЦУОШГ-аас анхааруулав.
Ч.Туяа