Нийслэлийн нутаг дэвсгэрт, тодруулбал, Баянзүрх дүүрэгm нэгэн зүйл шоргоолж орон сууцад их хэмжээгээр тархсан тохиолдол бүртгэгджээ. ШУА-ийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, судлаач, доктор Ч.Гантигмаа үүний талаар юу ярьсныг хүргэе.
-Бидний эргэн тойронд маш олон зүйлийн шавж оршин амьдардаг. Хамгийн энгийн жишээ дурдвал, орон сууцад тархсан жоом, бясаа, бөөс, ялаа, шоргоолж, шумуул, цох зэргийг нэрлэж болно. Сүүлийн жилүүдэд олон улсын тээвэр эрчимтэй хөгжсөнөөр дэлхийн улс орнуудын хооронд ачаа тээврийн үйл ажиллагаа өргөжсөн. Үүний улмаас төрөл бүрийн шавж богино хугацаанд олон оронд зөөвөрлөгдөн, шинэ газруудад суурьших боломж бүрдсэн юм. Хамгийн сүүлд буюу 2024 онд Баянзүрх дүүрэгт нэгэн зүйл шоргоолж орон сууцад олон тоогоор тархсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь анх Африк тивийн төв болон өмнөд хэсгээр тархаж байсан, фараон шоргоолж (латин нэр нь Mon-omorium pharaonis). Уг зүйл шоргоолж нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийд маш хурдтай, өргөн хүрээнд тархсан зүйлээр бүртгэгдсэн байдаг. Одоо Африк тивийн хойд төдийгүй Европын баруун өмнөд хэсэг, мөн Өмнөд, Хойд Америкийн зарим улс орон, Дундад болон Зүүн өмнөд Ази, Солонгосын хойг, Япон, Австрали, Шинэ Зеландад тархаад буйг судлаачид тэмдэглэсэн байна. Фараон шоргоолж Монголын байгалийн экосистемд байхгүй. Тэднийг ямар нэгэн бараа, бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэгдэн манай улсад ирж, шинэ орчинд буюу орон сууцад тархсан гэж таамаглаж байна.
-Энэ зүйлийн шавж хот, суурин газарт үүрлэж, тодорхой хэмжээнд асуудал дагуулж байгааг тогтоосон гэлээ. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Юуны өмнө бид харь зүйл гэдэг нэр томьёоны талаарх ойлголтыг тодорхой болгох ёстой. Тухайн нэг нэрлэсэн нутаг дэвсгэрт, эсвэл ямар нэг экосистемд урьд өмнө байгаагүй зүйл тархан суурьшсан бол түүнийг харь зүйл хэмээн нэрлэдэг. Хүн тодорхой зорилгоор ямар нэг зүйлийг шинэ газарт нутагшуулсан байж болох бөгөөд тухайн зүйл нь хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулбал, эсвэл хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байвал түүнийг харь зүйл хэмээн тодорхойлж, дээрх нэр томьёонд хамруулан авч үздэг. Сүүлийн жилүүдэд харь зүйлийн асуудал ихээхэн маргаан дагуулах болсон. Улс орнууд өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд тархах харь зүйлийн жагсаалтыг гаргах, түүнтэй хэрхэн харьцах тал дээр ихээхэн анхаарч эхэллээ. Манай орны хувьд энэ чиглэлээр тодорхой алхам хийгээгүй. Цаашид авах арга хэмжээний талаар ч ярих боломж одоогоор алга. Учир нь бид шинэ газарт суурьшиж эхэлж байгаа энэ зүйлийг шинжлэх ухааны ямар нэршилтэй, хэн болохыг нь тодорхой арга зүйн дагуу шалгаж тогтоосны дараа биологийн хөгжлийн онцлог, үржин олшрох зан төрх, хүрээлэн буй орчинд учруулах сөрөг үр дагавар зэргийг нь судалж тогтоох шаардлагатай. Бид тухайн дүүрэгт оршин суугч иргэний хүсэлтээр уг зүйлийг тодорхойлж, Монголд шинээр орж ирсэн гэдгийг нь тогтоосон.
-Фараон шоргоолж шинэ орчинд дасан зохицоход хэр хугацаа шаардлагатай вэ?
-Энэ зүйл нь нутаг дэвсгэртээ бол ихэнхдээ байгаль дээр оршин амьдрах боловч ойр орчимдоо байрлах суурин газарт орогнож, орон байр, зоорь, агуулахын хана, тааз, шалны ан цав, давхрын хөндий зэрэгт байрладаг бусад шавжаар хооллон, тэднийг бараадан үүрлэдэг. Сэрүүн бүсийн орнуудад бол тус шоргоолж халаалттай орон сууц, агуулахад орогнох боломжтой. Аливаа нэг зүйлийн шинэ орчинд дасан зохицох хугацаа харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, зүйлийнхээ онцлогоос хамаарч зарцуулах хугацаа нь өөр өөр байдаг гэсэн үг. Шоргоолж бол бүлээр амьдардаг зүйл учир нэг дор олон тоогоор зөөвөрлөгдөн ирсэн байх боломжтой. Шинэ орчин нь үүрлэх боломжтой нүх сүвтэй, хүнсний нөөц ихтэй, амьдрах тааламжтай нөхцөлтэй байвал богино хугацаанд дасан зохицож, хурдан өсөж үржин, олширно.
-Үүнийг устгаж болох уу?
-Эхний ээлжид маш сайн судлах ёстой. Хэр их газрыг эзэлсэн, хурдацтай үржиж байна уу, тийм бол ямар орчинд илүү өсөж байгаа, хүнд сөрөг нөлөө учруулсан уу, бусад улс оронд хэр зэрэг судлагдсан бэ, тоо толгойг нь хянах боломжтой, эсэх зэрэг асуудлыг тодорхой болгож байж нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болов уу. Зарим улсад хийсэн судалгаагаар энэ зүйлийн шоргоолж нь орон байрны хонгилд орогнох амьтдын сэг зэм, ялаа, шумуулын өндөг, авгалдайгаар хооллож, эдгээрийг устгахад ашиг тустай талаар дурдсан байна. Үүний зэрэгцээ хэдэн сая болтлоо өсөж үржих чадвартай тул хүнтэй зэрэгцэн орших тохиолдол үүсэж, таагүй орчин бүрдүүлдэг талаар ч тэмдэглэсэн нь бий. Бид үүний талаар тусгай, зорилтот судалгаа хийх зайлшгүй шаардлагатай юм.