ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт меингококкийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хоёул сөрөг гарсныг тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэлсэн. Тэрбээр “Менингококкт халдвар нь 1-3 дугаар сард идэвхтэй, тав сар хүртэл дэгддэг онцлогтой. Цагаан сарын баяр дөхөж байгаа учраас иргэд бэлтгэл ажлуудаа базаахдаа аль болох олуулаа цуглахгүй байх, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөгөөг дагаж баримтлан, амьсгалын замын элдэв өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Менингококкийн гол үүсгэгч нь Neisseria meningitides нян. Энэ нь хоолой, залгиурт 2-8 хоног амьдрах чадвартай. Харин гадаад орчинд 1-3 цаг болоод үхдэг. Тиймээс хоолойгоо өдөр бүр тогтмол зайлж, амны хаалт зүүн, ахуйн орчинд ариутгал, цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй” гэж зөвлөлөө.
Хоолой болон амны хөндийн архаг үрэвслүүд нь аливаа халдварт өртөх суурь шалтгаан болж буйг эмч нар сэрэмжлүүлсэн. Тиймээс хүүхдүүдийнхээ тэр дундаа шүдний өвчнийг эмчлүүлж, амны хөндийг нь эрүүлжүүлэхийг анхааруулав. Түүнчлэн менингитийн аюултай шинж тэмдэг болох өндөр халуулах, ойр ойрхон бөөлжих, дагз хөших, цочимтгой болох, биеэр туурах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөсөн.
Ташрамд дурдахад, менингококкийн вакцин нь товлолын бус, тархвар зүйн заалтаар хийдэг бөгөөд манай улс 1994 оноос таван удаагийн нэмэлт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалтад эрсдэлт бүлгийнхнийг хамруулж иржээ. Энэ онд “Нимерикс” вакциныг “Пфайзер” компаниас худалдан авахаар ажиллаж буйг салбарын яамнаас мэдээлсэн юм.
О.Оргилох