Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа энэ онд багтаан Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг хүлээгээд буй. Уг хуулийг 2023 оны долоодугаар сард батлахдаа 2024 оны хоёрдугаар сарын дотор намуудад “хөдөлгөөн” хийх үүрэг өгсөн ч дээрх байдлаар сунгасан билээ. Улс төрийн элдэв эрх ашиггүй, албан тушаал хуваалцдаггүй жижиг намуудын хувьд хуулиа мөрдөж, өөрчлөлт хийхэд асуудалгүй. Тиймээс он гарснаас эхлэн хуульд нийцүүлсэн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаж буй юм. Гэвч “Хуулийн шаардлага хангаагүй, зөрчлөө арилгаагүй” гэдэг шалтгаанаар байн байн бүдэрсээр, буцаагдсаар байгаа аж. Цагаан дээр хараар бичсэн шаардлагуудыг биелүүлээд хүсэлт, материалаа явуулж “чадахгүй” байгааг нь гайхмаар. Улс төрийн намуудыг удирдаж буй хүмүүс нь ийм хайнга юм уу, эсвэл Дээд шүүхэд өөр шалтгаан байна уу.
ХҮСЭЛТ БУЦААХ ШАЛТГААН ЮУ ВЭ
Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ШИНЭ, Иргэдийн оролцооны нэгдэл, Монголын ногоон нам, МҮАН, ИЗНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Үнэн ба зөв, Иргэний хөдөлгөөний, Сайн ардчилсан иргэдийн, Тусгаар тогтнол, эв нэгдэл, Монголын либерал ардчилсан зэрэг намынхан дүрмийн өөрчлөлт болон даргаа бүртгүүлэх хүсэлт өгчээ. Нэг намаас багадаа хоёр, түүнээс дээш удаа хандсан байна. Иргэний хөдөлгөөний намынхан нэрээ ИХ, Сайн иргэдийн ардчилсан хөдөлгөөнийхөн САН болгож өөрчлөхийг хүсэж буй юм билээ. Мөн ШИНЭ нам үйл ажиллагаагаа зогсоож, АН-д нэгдэх хүсэлтээ илгээжээ. АН-ынхан ч тэднийг “элсүүлэх” болсноо мэдэгдсэн байна лээ. Хоёр талаасаа ирүүлсэн өргөдлийг нь өнгөрсөн сарын 16-нд Дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцээд, татгалзсан хариу өгөв. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт ИОНН-ынхан дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр дахин хандсан байна.
Зарим намынхан хэнэггүйгээсээ ч юм уу, дутуу материал явуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хоёр, гурав дахь оролдлого дээрээ түүнийгээ зассан байх учиртай. Гуравдагч хүчний нэгэн намын дарга энэ талаар “АН, МАН-ынхан өөрчлөлтөө хийгээгүй, материалаа ирүүлээгүй учраас бусад намын хүсэлтийг буцаагаад байна гэсэн яриа гарсан. Өмнө нь ч манайхтай нийлээд долоон нам хуулийн хугацаанд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа нийцүүлсэн хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй, хугацааг нь хойшлуулсан шүү дээ. Тиймээс бид АН, МАН-ынхан материалаа өгөх үеийг тааруулж дахин хандана. Тэгэхгүй бол нэмэргүй, буцаагдах байх” гэсэн юм. Ийм хардлага жижиг намуудын дунд гарч, түрүүчээсээ хугацаа тулгаж байж явуулахаар шийдэж буй бол зарим нь “шантралгүй” материалаа дахин илгээж, алдаагаа засуулсаар байгаа аж. Мөн хуулийн дагуу оруулах өөрчлөлт олон, чимхлүүр, хариуцлагатай ажил тул Их хурлаа хийж байж шийдэхээр хүлээзнэж буй нь ч байна. Тэдний хүсэлтийг буцаах шалтгаан болж байж мэдэх “ах” намуудын ажил юу болж байна вэ. МАН-ынхан одоо огт өөр асуудалд сэтгэлээ чилээж сууна. Харин АН-ынхан үндсэн дүрмийнхээ өөрчлөлтийг орон даяар хэлэлцүүлж, гишүүд, дэмжигчдээсээ санал сонсоод бараг дуусаж байгаа юм билээ.
АМЬГҮЙ НАМУУД
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа нэлээд ахиц гаргасан гэж судлаачид үздэг. Юуны өмнө бүртгэхээс эхлээд хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулсан гэж буй. Он гараад хагас жил өнгөрч байхад 10 гаруйхан жижиг нам л Дээд шүүхэд материалаа илгээсэн байгаа юм. Гэтэл манай улсад бүртгэлтэй 37 нам бий. АН, МАН-ынхан “зангараг” заан, цагийг нь тулгахаар хүлээж байгаа гэж бодъё. Гэтэл ахиад 20 гаруй намынхан сураг ажиг алга. Үнэндээ бүртгэлтэй намуудын тал нь “амьгүй” буюу тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Сонгууль дөхөхөөр л амь орж, бусад үед нь “ичээ”-ндээ байдаг гэхэд болно. 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан тул өмнөхөөсөө арай олон нам оролцсон билээ. Нийт 23 нам, хоёр эвсэл уг сонгуульд хүмүүсээ сойсон. Үндэсний эвсэл МНН, МҮАН, Шинэ нэгдсэн эвсэл нь МУНН, ШИНЭ намаас бүрдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 27 нь уг сонгуульд оролцсон гэсэн үг. Хэдийгээр хүсэл байсан ч шаардлага хангаагүй гурван нам явцын дунд хасагдсан. Тэгэхээр 30 нам сонгуулийн үеэр “сэржээ”. Харин бусад үед ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг гуравдагч хүчний нам 10 хуруунд багтам цөөн.
Сонгуулийн үеэр л амь орж, санал хуваахаас эхлээд эрх баригчдын хор найруулгад оролцож, мөнгө хийдэг жижиг намууд бий. Тэдэнд сонгогчид л дүн тавихаас өөрөөр арга хэмжээ авахад хэцүү. Нөгөө талаар хэзээ ч сонгуульд оролцож байгаагүй, цаасан дээр л бүртгэлтэй ганц хоёр нам бий. Тухайлбал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын тухай уншигч та сонсож байсан уу. Тус нам 2004 онд байгуулагдсан, бүртгэлийн жагсаалтад аравдугаарт бичигддэг. Гэвч дарга нь хэн гэж хүн байдаг тухай Дээд шүүхийн цахим хуудсанд лав мэдээлэл алга. Хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд учраас зөв бодлоготой, идэвхтэй үйл ажиллагаа явуулбал амжилтад хүрч болох орон зай энэ намд бий. Нэрээс нь болоод шүү дээ. Гэвч хэн нэгэн яах гэж ч юм бүртгүүлээд л мартчихжээ. Ийм намуудыг татан буулгах, сонгуулийн үеэр л сэрдэг “жижгүүд”-ийг цэгцлэх талаар шинэчлэн найруулсан хуульд ямар зохицуулалт байна вэ.
Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй тул түүнд нь шууд халдах боломжгүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд аливаа нам УИХ-ын ээлжит сонгуульд дараалан хоёр удаа оролцоогүй, мөн санхүүгийн тайлангаа СЕХ-нд хүргүүлэлгүй хоёр жил болсон, удирдах дээд болон төлөөллийн байгууллага нь таван жилийн турш хуралдаагүй нөхцөлд идэвхгүйд тооцохоор заажээ. Идэвхгүйд тооцогдсон нам сонгуульд оролцохгүй, төрөөс ямар нэгэн санхүүжилт, дэмжлэг авах эрхгүй Жижиг намуудад тулгарсан сорилт болно. Гэхдээ өөрсдөө хүсвэл алдаагаа засаад дахин идэвхжих боломжийг нь ч олгосон байна. Угаасаа иймэрхүү “унтаа” намынхан сонгуульд ч оролцохгүй, санхүүгийн тайлангаа ч өгөхгүй, бас алдаагаа ч засахгүй байвал яах тухай зохицуулалт харин алга. Тэгвэл “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах, зэвсэглэх, эсвэл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх үйл ажиллагаа явуулсан” нөхцөлд СЕХ-ноос тухайн намыг тараах үндэслэл бүхий санал гаргаж, улмаар Дээд шүүхээр шийдвэрлэх боломжтой. Бусад тохиолдолд тухайн намын удирдах дээд байгууллага нь л өөрөө тарах шийдвэр гаргаж, хүсэлтээ өгсний үндсэн дээр Дээд шүүхээр шийддэг аж.
ХҮНИЙ НӨӨЦ
Улс төрийн намын тухай хуульд хүйсийн тэнц¬вэрийг хангахтай холбоотой заалт оруулсан нь бас нэг дэвшил болсон юм. Уг хуулийн 8.3-т “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна” хэмээн заасан. Эл шаардлагыг хэрхэн биелүүлж буйгаа намууд жил бүр Жендерийн үндэсний хороонд хүргүүлэх үүрэг хүлээж байна. Тус хороо хяналтаа хийгээд СЕХнд тайлагнана. Тэгвэл Дээд шүүхэд бүртгэлтэй намууд дунд энэ шаардлагыг хангах улс төрийн хүчин хэр олон байх нь эргэлзээ төрүүлнэ. БНН, Эх орон намаас эхлээд “нэг хүний” гэдэг тодотголтой нь олон. Ийм намуудад удирдлагынхаа 40 хувийг бүрдүүлэх эмэгтэй боловсон хүчин олдох уу. Хэдийгээр нам байгуулахын тулд 801-ээс доошгүй хүний гарын үсэг, дэмжлэг бүрдүүлдэг ч тэдний олонх нь идэвхгүй гишүүн байх нь бий. Тиймээс л боловсон хүчин, хүний нөөц бүрдүүлэх нь жижиг намуудад асуудал байсаар ирсэн юм. Тэгвэл үүн дээр нэмээд хүй¬сийн тэнцвэрийг хангах, удирдах багтаа 40 хувийн квот бүрдүүлэх ёстой боллоо. УИХ-ын сонгуульд оролцсон намууд нэг удаа энэ шалгуурыг давсан. Тэд тойрогт доод тал нь 39 хүн нэр дэвшүүлж байж жагсаалтаар эрэмбэлэх эрхтэй болж байсан билээ. Ингэхдээ тойрогт нэр дэвшигчийнхээ 30 хувиас багагүйд эмэгтэйчүүдийг сойх ёстой. Тэгэхээр одоо үүн дээр ахин 10 хувь дутах нь. Бүртгэл, материалаа өгөхгүй удаж буй жижиг намуудын нэг шалтгаан нь хүний нөөц гэдгийг зарим нь нуухгүй байна лээ. Тиймээс ядаж сонгуулиар амилж “мөнгөний” ажил хийх, эсвэл үнэхээр л улс орноо өөрчлөхийн төлөө дуу хоолой, оролцоогоо хангахын тулд тэд хүний нөөцдөө анхаарч, эмэгтэйчүүдийн эрэлд гараад байна. Даргаас нь өөр хүн олон нийтэд танигдаагүй жижиг намуудад энэ мэтээр багагүй сорилт тулгарч байна. Давж чадсан нь үлдээд, чадаагүй нь татан буугдах зарчмаар намууд аяндаа цэгцрэх нь.