Үндэсний бөхийн хамгийн залуу засуул, бөх, морины цол дуудаач О.Гансүхтэй ярилцлаа. Түүнд олон авьяас бий. Монгол бөхийн өргөөнд ажиллахын зэрэгцээ ерөөл, магтаал айлддаг Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон хүчит бөхчүүдийн засуул хийж, Хүй мандлын дэнжид шандас сорьсон хурдан ажнайнуудаас түрүүлж, айрагдсан хүлгийн цолыг нь дуудаж, түмэн олны хийморийг сэргээдэг. Говь-Алтай аймгийн Тонхил сумаар овоглодог түүний бөхийн засуулаар ажиллаж, хурсан олны өмнө цолыг нь дуудах анхны зам мөрийг улсын засуул, бөхийн цол дуудаач Б.Цэрэндагва нээж өгсөн гэдэг. Багшаасаа суралцсан зүйл О.Гансүхэд олон. Тухайлбал, Монголын үндэсний бөхийн холбоо, Ховд аймгийн үндэсний бөхийн холбоотой хамтран “Бөхийн цол дуудаачдын VI уралдаан”-ыг энэ сарын 10-11-нд зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан. Тэрбээр 13 аймаг, Улаанбаатар хотын нийт 49 бөхийн цол дуудаачтай өрсөлдөн эхний 10 байраас есөд нь шалгарсан юм. Эл уралдааны дараа Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний наадмын сорилго барилдаан энэ сарын 21-нд “Өгөөмөр ресорт” амралтын газарт болоход улс, аймаг, сумын цолтой хүчит 112 бөх барилдав. Тэрбээр дээрх сорилго барилдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн арслан Даваадоржийн Эрдэнэтулгыг засаж, цолыг нь дуудсан билээ. Тус барилдаанд Цээл сумын харьяат, улсын гарди Жанцангийн Бат-Эрдэнэ үзүүрлэж, их шөвөгт Дэлгэр сумын харьяат, улсын харцага Тогтохмэндийн Сайханжаргал, Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Ядамсүрэнгийн Бумбаяр нар шалгарчээ.
-Говь-Алтай аймгийн Тонхил сум улсын цолтой бөхчүүдтэй. Энэ нутгаас төрсөн хамгийн залуу засуул, бөх, морины цол дуудаач нь та болов уу?
-Тийм ээ. Миний хүүхэд насны дурсамж, ажил, амьдралын минь гараа Тонхил сумтай их холбоотой. Би бөхийн засуулаар ажиллахын хажуугаар морины цол дууддаг. Мөн найр, наадамд ерөөл, магтаал айлдан үндэсний язгуур урлагаа дотоод, гадаадын олон хүнд сурталчилж, хойч ирээдүй болсон залууст өвлүүлэхээр зорьж байна.
-Бөхийн засуул, морины цол дуудах сайхан ч амаргүй ажил гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй залуугийн сэтгэлийг үндэсний спорт тэгтэл их татсан нь тун сонирхолтой санагдаад байх юм.
-Би өнгөрсөн жил СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Хурдан морины цол дуудах, бөхийн засуул хийх, ерөөл магтаал хэлэх нь зөвхөн миний хүсэл биш л дээ. Үүнд аавын минь мөрөөдөл ч хамт яваа учраас би ажлаа чин сэтгэлээсээ дурлаж хийдэг юм. Миний аавыг Н.Очирсүрэн гэдэг. Найрын дуу ахалдаг ардын авьяастан хүн бий. Нутаг усандаа гайхагдсан ерөөлч магтаалч, бөхийн засуул, морины цол дуудаач. Энэ бүхэн ааваас минь өвлөгдсөн үнэт зүйл. Хүүхэд байхдаа найр, наадамд уригдсан аавыгаа дагаж явдаг байсан минь хожим, ерөөлч магтаалч, бөхийн засуул, морины цол дуудаач болоход багагүй нөлөөлсөн. Би дөрөвдүгээр ангид дэвшин орох жилээ морины цол дуудаж сурсан. Тэр үеэс миний дотор би ирээдүйд ийм л хүн болно гэсэн бодол байнга төрдөг байв. Аав хөдөө мал малладаг. Сумын төв рүү нэг өдөр орж ирэхдээ морины цол бичиж, дэрэн доор хийж үлдээгээд явсан байлаа. Маргааш нь надтай утсаар холбогдож ярихдаа цээжлээрэй гэв. Морины цол дуудаж сурсан тухайн үеэс “Уран жиргээ” тэмцээнд оролцож, нэг бус удаа байр эзэлсэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг нэлээд судалж байж элссэн.
-Бөхийн засуулаар ажиллаж, хурдан морины цол дуудах эзэмшсэн мэргэжлээс тань илүү санагддагийн давуу тал нь юу юм бол?
-СУИС-ийг судлахад язгуур урлагийн чиглэлээр сургадаг анги байгаагүй. Тиймээс хийж буй зүйлтэйгээ холбоотой ном, товхимол хожим гаргах зорилго тээж, сэтгүүлч мэргэжлийг сонгож суралцсан юм. Би одоо Монгол бөхийн өргөөнд засуулаар ажилладаг. Бөхийн засуул, цол дуудаачдаас хамгийн залуу нь. Хамт ажилладаг хүмүүсийн олонх нь надаас ах. Ах нараас сурсан зүйл ч их, суралцаж буй зүйл ч цөөнгүй. Үндэсний бөхийн засуул, хурдан морины цол дуудаачдыг үзэгчид хаана ч очсон сэтгэл өндөр, сайхан хүлээж авдаг. Сүүлийн үед найр наадамд уригдаж, ерөөл магтаал хэлэх болсон.
-Бөхийн засуулаар ажилладаг цол дуудаачид голдуу хижээл насны, туршлагатай хүмүүс харагддаг. Танд ерөөл магтаал айлдахаас бөх, морины цол дуудах амаргүй санагддаг уу?
-Мэдээж, ялгаа байлгүй яах вэ. Тухайн бөхийг барилдахаас нь өмнө зам, мөрийг нь засах бэлгэдлээр цолыг нь удаан, уужуу тайван амьсгаагаар хэлж дууддаг. Тэгвэл морины цолыг түрүү магнайгаар тодорсон хүлгүүдэд зориулж, адууны явдал шиг хөнгөн, хурдан хэмнэлтэй аялгуугаар дууддаг онцлогтой. Би Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101, 102, 103 жилийн ойн уяачдын наадмаар түрүүлж, айрагдсан сонгомол насны морьдыг цоллосон.
-Бөхийн засуулуудтай яриа өрнүүлж суухад сэтгэлдээ хоногшиж үлдсэн наадмын уран сайхан барилдаануудыг дурсах дуртай байдаг. Танд ч гэсэн тэдний адил хуучлах наадмын сонирхолтой барилдаан бий дээ.
-Би улсын аварга О.Хангайг мөр дээрээсээ гаргахыг их хүсдэг байлаа. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ. 2023 оны зун Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 100 жилийн ойн баяр наадмаар мөрөөддөг байсан зүйл минь биелж намайг их баярлуулсан. Монгол түмний хайрлаж, хүндэлдэг аваргыг мөрөн дээрээсээ гаргах хувь тохиож билээ. Тус аймгийн наадамд О.Хангай аварга түрүүлж, наадамчин олныг баясгасан. Наадам өндөрлөсний дараа аварга маань урмын үг надад харамгүй хайрласныг одоо ч бэлгэшээж боддог юм. Тэр бээр “Залуу хүн засуул хийж, бөхийн цол сайхан дуудна гэдэг үнэхээр бахархмаар ур чадвар. Цаашдаа илүү сайн болох юм байна даа, хичээгээрэй” гэж хэлж байв.
-Үндэсний бөхийн улсын засуул, бөх цоллооч Б.Цэрэндагва таны багш. Наадам дөхөхөөр багш шавь хоёрын завгүй ажил ид өрнөдөг биз?
-Монголчууд бөх, морио хайрлан дээдэлдэг. Эртний уламжилж ирсэн энэ ажлыг хийх хүн сэтгэлээ ариун байлган, өөдрөг, сайхан зүйлийг бодож, цолыг нь дуудах ёстой. Б.Цэрэндагва багш Төв аймгийн Зуун мод сумын харьяат. Үндэсний бөхийн улсын засуул, бөх цоллооч, уртын дуучин, урлаг судлаач, ерөөлч магтаалч. Багштайгаа хоёр жилийн өмнө танилцсан. Тэр үеэс бөх, морины цол дуудахыг зааж, зөвлөн өнөөг хүргэлээ. Багш намайг цол дуудсаны дараа алдааг минь засаж, залруулан хэлж өгдөг. Түүний ачаар энэ жил “Бөхийн цол дуудаачдын VI уралдаан”-д амжилттай оролцож, шилдэг 10 оролцогчийн нэг болсондоо баяртай байгаа. Би Монгол бөхийн өргөөнд засуулаар анх ажиллахдаа Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, тухайн үед сумын заан одоо аймгийн начин Д.Хандсүрэнгийн цолыг дуудахдаа их сандарч билээ. Багш шавь нартаа төр, түмэнд хүндлэгдсэн сайхан аваргуудыг мөрөн дээрээсээ гаргахын тулд зөв хүн байх хэрэгтэй гэж үргэлж хэлдэг. Тийм болохоор зөв явахыг үргэлж хичээдэг дээ. Ерөөлч, магтаалч хүмүүстэй ам мурийхгүй, муухай үг хэлэхгүй байхыг эрхэмлэдэг юм.
-Таны хойшид хийхээр төлөвлөж буй зүйл юу бол. Нууц биш бол сонирхуулж яриач.
-Өвөг дээдсийн минь бий болгосон түүх, нүүдлийн ахуй амьдрал, язгуур урлаг, эрийн гурван наадам Монгол Улсыг олон орноос өвөрмөц, давтагдашгүй өв соёлтой гэдгийг харуулдаг. Тиймдээ ч манай улсыг зорин ирэх гадаадын жуулчдын анхаарал, сонирхлыг их татдаг. Эртнээс уламжилж ирсэн энэ сайхан зүйлүүд өнөөгийн биднээр битгий дуусаасай гэж их боддог. Залуус бид үндэсний өв уламжлалаа хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө сэтгэл, зорилгоороо нэгдэх ёстой юм.