Нийт нутаг, тэр дундаа ойн бүсүүдэд хуурайшилтын зэрэг аюултай түвшинд буй бөгөөд түймэр шил шилээ даран дэгдэж байна. Тухайлбал, 24 цагийн хугацаанд 18 түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс болон ОБЕГаас өчигдөр мэдээлэл өгөв. УОК-ын дарга, хурандаа Т.Баярхүү “Өчигдөр (өнөөдөр) 11.00 цагийн байдлаар 10 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Үүнээс тавыг нь цурамд оруулсан. Зургаадугаар сарын 28- ны байдлаар 14 түймэр асаж байсан. Түүнээс хойш дөрвөн түймэр нэмэгдсэн. Үүнээс наймыг нь бүрэн унтраалаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг сумд гарсан түймрийг цурамд оруулсан. Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгийн Мандал, Хүдэр сумд гарсан таван түймрийг унтраахаар ажиллаж байна” гэв.
Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт ой, хээрийн түймэр 132 удаа дэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.2 хувиар өссөн дүн аж. Эдгээрээс хамгийн олон буюу 31 нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Дорнод аймагт 22, Хэнтийд 18 түймэр дэгдсэн байна. Өчигдрийн байдлаар 410 орчим алба хаагч, орон нутгийн иргэд, мэргэжлийн ангийнхан нийлсэн 720 гаруй хүн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Мөн зэвсэгт хүчний болон онцгой байдлын байгууллагын нисдэг тэргийг дайчилж, автомашинтай хүрэх боломжгүй, уулын бүсэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй гэнэ. Түүнчлэн цаг уурын байгууллагынхан үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулсан нь түймрийг унтраахад ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа аж. Гэвч нэгийг нь унтраахаар ажиллах зуур өөр газарт дахин түймэр дэгдэж буйг гал сөнөөгчид хэлсэн. Түймэр дэгдэхэд аянга, цахилгаан зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлж буй ч хувь хүний буруугаас болж гал алдсан тохиолдол гарсаар байгааг ОБЕГ-аас анхааруулав.
А.Үйлс