Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Утаа угаар, халтиргаа гулгаа, тоос шороог давсан монголчууд дэлгэр цагт налайж, баярлах эрхтэй. Гэсэн ч хүлцэх хэмжээнээс давсан агаарын бохирдол, цахилгаан, дулаангүй “хөлдөх” эрсдэл, түгжрэл, стресс хаалга тогшиж буй. Энэ мэт жил, саруудад огтхон ч баярлах шалтгаангүй шахам амьдарч байгаа иргэддээ нийслэлийн удирдлагууд баяр “санаачилжээ”. Нийслэлийн ЗДТГ болон, Аялал жуулчлалын газар, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамтарсан “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын фестиваль өнгөрөгч амралтын өдрүүдэд Хүй долоон худагт боллоо. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “UB food” арга хэмжээнд оролцох үедээ энэ талаар “Зуны нээлт, аялал жуулчлалын сарын эхлэл болгож “Улаанбаатар хотын иргэдийн баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээсэн нь ийнхүү биелэв.
Наадмын хөтөлбөрийн дагуу Хүй долоон худгийн төв талбайд 09.00 цагаас цам харайх ёслолтой байсан ч хэзээ эхлэх нь тодорхойгүй эл хуль орчин угтсан юм. Талбайг тойрон худалдаа, үйлчилгээний 50 орчим асар байршсанд гол төлөв дээл, тэрлэг, арьс ширэн эдлэл, гоёл чимэглэл, эко бүтээгдэхүүн борлуулах аж. Тэдгээрийн хийц, загвар тун шинэлэг болжээ. Түүнч¬ лэн “Стор пэй”, “Лэнд пэй” зэрэг тооцооны аппликэйшнээр дараа төлөх боломжтой нөхцөлөөр худалдаалах нь ч байлаа. “Худалдаа, үйлчилгээ”, “Зохион байгуулалт”, “Хяналт, шалгалт” зэрэг мандаттай хүмүүс төв талбай орчимд эргэлдэнэ. Эл асрууд бүтээгдэхүүнээ дахин дэлгэж, өрж байгааг сонирхон асуувал хагас цагийн өмнө орсон борооноос болсон нь тэр гэнэ. Мөн зохион байгуулагчид худалдаа эрхлэгчдийг мандатаа зүүхийг шаардаж буй талаар хоорондоо ярилцахыг нь сонсов.
Арга хэмжээ хараахан эхлээгүй байсан тул даншиг наадмын азарга насны морьдын уралдаан үзэхээр уруудаж явтал хоол болон бусад үйлчилгээ түүнээс холгүй байршсаныг анзаараад түүнээ зүглэлээ. Тэнд байх бүх хоолны цэг хуушуур, хорхог борлуулж байсан тул шарсан мах, тосны үнэр агаарт нэлэнхий тархаж, тогооч нар урд, хойно гүйлдэж байв. Хэдий баяр наадмын үйл ажиллагаа ч гэлээ төрөлжсөн, олон төрлийн хоолтой байх нь аль ч газрын фестивальд тавигдах шалгуур гэдгийг санах хэрэгтэй сэн. Та тэндээс хуушуур, төмсний зууш, хорхог зэргийг л олох боломжтой гэж хэлэх байна. Хоолны сонголтгүй, мөлгөр, хоцрогдмол талаараа энэ жилийн “UB food” фестивальтай тун төстэй. Нэлээд цааш явбал задгай худалдаа эрхлэх хэсэг хүн үзэгдэх ба цагдаа нар эхнээс нь явуулж буй бололтой. Үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний гэх хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 165 цэгт үйл ажиллагаа явуулсан гэнэ. Энэ үеэр задгай, зөвшөөрөлгүй худалдаа эрхлэхийг хориглосон нь энэ аж. Түүний зэргэлдээ зогсоолд ээлжлэн ирэх бага оврын автобуснууд зорчигчдыг төв талбай руу хүргэж буйтай таарлаа. Автобусанд суугаад дээшээ өгсөхүйд усны машин хөрс чийглэж харагдав. Төв талбайгаас нэлээд зайдуу хэд хэдэн ариун цэврийн байгууламж байлаа.
ТАЙЗНАА БУРХАД, ТАЛБАЙД БУХИМДАЛ
Ийнхүү цам харайх ёслол хоёр цаг орчмын дараа эхэллээ. Дугуй талбайн голд догшин бурхад бүжиглэнэ. Хоймор хэсэгт нь гол тайз байх ба түүний хоёр талд том дэлгэц байршуулсан аж. Үд дундын нар эгц дээрээс тусахад ширхэг сүүдрэвчгүй үзэгчдийн суудал дахь хүмүүс улаа бутарч, наранд шарагдах нь тэр. Тус дэлгэцүүд гол үзэгчдээсээ хэт хол байсан тул тэг голд юу болж байгааг хараа сайтай хүн л учрыг нь олохоор байсан нь нууц биш. Ёслол ид өрнөж байхтай зэрэгцэн хүмүүс ундаа, зайрмаг зарж, урд, хойно холхих нь хэдэн жуулчинд шинэ “нээлт” болох шиг боллоо. Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед тэдэнд соёлтой хандаж, бүдүүлэг үйлдлээ хэсэг хугацаанд ч болов тэвчих хэрэгтэйсэн.
Талбайн зүүн хэсэг дэх тусгайлан зассан асруудад зохион байгуулагч, зочид, төлөөлөгчид суужээ. Үүгээр тогтохгүй Улаанбаатар хотын дарга асан М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Д.Сумъяабазар нар арга хэмжээг үзэж сонирхсон байна. Тус ёслолын дараа нээлтийн үйл ажиллагаа үргэлжилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадмыг зохион байгуулж, аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Харин одооноос үүнийг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах уламжлал тогтож байна. Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэртэйгээр байгуулж асан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн хөгжсөөр буй. Ирээдүйд тус наадам Монгол Улсыг дэлхийд сурталчлах брэнд болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
ДАНШИГ УУ, ДАМШИГ УУ
Энэ үгэнд гэхэд л хэд хэдэн логик алдаа байна. Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байхад нийслэлийн иргэдийн нэр барьж, их төсөв зарцуулан, цөөн хүнд хандсан иймэрхүү наадам тэмдэглэх хэрэг байсан уу. Аливаад чухлын эрэмбэ гэж баймаар. Манай нийслэлд зайлшгүй тулгамдсан, шийдлээ хүлээж буй түм түмэн асуудал байна, уг нь. Иймд баярын уур амьсгал орсон үе далимдуулж, төсөвт үрэлгэн хандсан болзошгүй гэж хардах нөхцөл үүсээд буй. 2023 оны аравдугаар сард Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд томилогдсон. Авто замын бордюр сольж, зам хучиж, сошиалд иргэдтэйгээ “үзэлцэж”, хүн загнахыг хөгжил гэхгүй. Ганц борооны ая даахгүй асфальтан зам нь хууларч, авто зам нь “авто нуур” болдгийг эрхбиш өөрөө харж байлтай. Хот бол улс орны нүүр царай. Нийслэлчүүдээр дамшигласан даншиг Асуудлынхаа үүдэл шалтгааныг олоогүй бол үр дагавартай нь тэмцээд нэмэргүй. Олон нийтийн ухамсартай шүүмжлэлийг замын нохой хуцахтай зүйрлэн, олиггүй бүтээн байгуулалтдаа эрдэх шаардлагагүй. Нийслэл дэх түмэн асуудлаа шийдэж, ялангуяа хотын иргэддээ ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхгүй бол олон мянган жуулчин татаж, брэнд фестивальтай болох ч лөөлөө байна.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын талаарх сэтгэгдлийг гадаадын жуулчдаас тодруулсан юм. Энэ үеэр “Urban photo awards”, “Exibart street awards”, “Paris international street photography awards” наадмын “Оны шилдэг гэрэл зураг”-ийн шагналт, АНУ-ын гудамжны нэрт гэрэл зурагчин Жонатан Жасбергтэй таарах нь тэр. Тэрбээр “Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Япон Улсад барилддаг бөх¬ чүүдээс хамгийн хүчтэй нь монголчууд. Би бөхөд үнэхээр дуртай. Энд нэг сар орчим байх болов уу. Уг фестивальд олон сонирхолтой үйл ажиллагаа болж байна” хэмээв. Харин Бразилын иргэн Эленора Бианчи “Уг наадам зохион байгуулалт сайтай санагдлаа. Гэвч арга хэмжээний талаар мэдээлэл олох нь гадаадын жуулчдад хүндрэлтэй байсан. Ядаж л хаанаас автобусанд суух, хооллох талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга” гэсэн юм. Мөн манай улсад олон жил амьдарч буй Британийн иргэн Малик Бурханов “Цамын бүжиг надад их таалагдсан. Баяр наадмын үеэр монголчууд илүү эв нэгдэлтэй болдог шиг санагддаг. Би энэ наадмыг зохион байгуулалт сайтай гэж үнэлнэ. Гэхдээ хөтөлбөрийнхөө цагийн хуваариас хоцорч, хүлээлгэсэн нь тухгүй санагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ийм нэг сүр дуулиантай, тансаг үгээр гоёсон эл наадмын бодит байдал нидэр дээрээ байдаг л төлөвлөлт муутай арга хэмжээний жишгийг давтаж, нийслэлийн иргэдийн төсвийг үрсэн явдал болов. Стандарттай хотод, хөндлөнгийн саад тээггүйгээр аятайхан амьдардаг болчихвол тэр чинь л бидэнд баяр байна, дарга нар аа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ.
Д.Сэлэнгэ