Дэлхий нийтээрээ захидал бичихээ больсон өнөө үед шуудан холбоод хэрхэн ашигтай ажиллах вэ. Үүнд гарц шийдэл хайсан маш онцгой зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тодорхой хэлбэл, Ази, Номхон далайн орнуудын Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал нийслэлд болж байна. Ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх дээрх хурлаар APPU-ийн 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлага, бодлого тодорхойлогч, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож бүс нутгийн шуудан холбооны салбарын хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох нь ээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК-ийнхэн эл өдрүүдэд зохион байгуулалтын үүрэг гүйцэтгэж, Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги, Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд, Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил, Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд гэсэн чухал хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргах юм.
APPU бол Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо юм. НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд дээр дурдсанчлан 32 гишүүн оронтой. APPU нь гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд APPU ажилладаг.
Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор болох Монгол Шуудан ХК APPU-ийн гишүүн. Монгол Шуудан ХК өнөөдөр улсын хэмжээнд Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэж, дэлхийн 192 улстай шуудан солилцож байна.
Виная Пракаш Сингх: Ази, номхон далайн бүс шуудангийн маркийн нэгдсэн стандарттай болно
(Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор)
-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурлаас ямар үр дүн гаргах хүлээлт байгаа вэ?
-Удирдах зөвлөлийн хурлаар бид бүс нутгийн шуудангийн салбарын дараагийн чиг хандлагатай холбоотой чухал шийдвэрийг гаргана хэмээн найдаж байна. Мөн гишүүн байгууллагуудын бодлогын бичиг баримтыг боловсруулж гаргадаг. Мэдээж гишүүн байгууллагууд хамтын ажиллагаагаа хэрхэн яаж сайжруулах талаар ярилцдаг.
Үр дүнгийн хувьд хоёр зүйлийг хүлээж байна. Нэгд, Ази, Номхон далайн бүсийн хувьд нэгдсэн шуудангийн маркийн стандарттай болох асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, гишүүн байгууллагуудын шуудангийн операторууд, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг бид хэлэлцэх юм. Эцэст нь цаашид холбооны санхүүжилтийг ямар байдлаар хэрхэн авч явах талаар ярилцаж хэн шийднэ.
-Энэ удаагийн хурлыг Монголд зохион байгуулах болсны учир, онцлог юунд байна вэ?
-Монгол Улсад би анх 2009 онд, дараа нь 2011 онд ирсэн. Энэ цагаас хойш Монгол улс дэвшилтэд технологийг үр дүнтэйгээр нэвтрүүлж маш хурдацтай хөгжиж байгааг анзаарсан. Манай холбооны дотоод журмаар гишүүн байгууллагууд хурлыг зохион байгуулах эрмэлзлээ өөрсдөө илэрхийлдэг. Монгол Улсын энэ санаачилгыг нь бусад гишүүн орнууд дэмжээд энэ жил Монгол Улсад зохион байгуулж байна.
Г.Тэлмэн: Дэлхийн шуудангийн бүс нутагт дуу хоолойгоо хүргэх нь манай гадаад бодлогод өндөр ач холбогдолтой
(Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал)
-Ази, Номхон далайн шуудангийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулан хийж байгаагийн хувьд Монгол Улсад ямар давуу тал, онцлог байх вэ?
-Монгол Улсад 14 жилийн дараа энэ хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Ази номхон далайн бүс нутаг дэлхийн шуудангийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн шуудангийн холбооны байгууллагын бодлогыг тодорхойлдог оролцогчид энэ бүсэд бий. Тус холбооны байгууллагын олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улс идэвхтэй байж, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг.
Дээр нь бид өндөр хөгжсөн, олон улс орны шуудан холбооны томоохон байгууллагуудтай хоёр талын харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой. Нэг жишээ хэлэхэд 2024 онд Дэлхийн шуудан холбооны байгууллагын Ази, Номхон далайн форумын үеэр бид 20 сая төгрөгийн зардал гаргасан бол эргүүлээд хагас тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны дэмжлэг авах боломж бүрдсэн. Хурлыг зүгээр нэг зохион байгуулдаггүй. Монгол Улсад монгол шуудангийн хэрэгцээтэй үйлчилгээг нэвтрүүлэхэд энэ ОУ-ын хамтын ажиллагаа яах аргагүй чухал.
Энэ хүрээнд “Монгол шуудан” ХК Монгол Улсад шуудангийн салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн хувьд дэмжлэг авах бололцоотой. Нөгөө талаар Монгол Улс тусгаар тогтносон, Дэлхийн шуудан, холбооны байгууллагын дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд өөрийн дуу хоолойг Ази, Номхон далайн болон дэлхийн шуудангийн бүс нутагт хүргэж байх нь гадаад бодлогын хувьд өндөр ач холбогдолтой юм.
-Өнөөгийн цахимжсан ертөнцөд олон улсын шуудан холбооны салбарт олон дэвшил өөрчлөлтүүд гарч байна. Харин манай улсын тухайд?
-Манай салбарт өнөөдөр дижитал шилжилт явагдаж, шуудан өөрөө цахимжиж байна. Шинэ технологи, инновацыг нэвтрүүлж байна. Жишээ нь, манай улс Дэлхийн шуудан, холбооны байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар дроны нутагшилд хамрагдсан. Ирэх 9 дүгээр сард туршиж тестэлж дуусгана. Саяхан “Ньюком” компанитай хамтран дроноор хүргэлт хийж туршсан.
Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд анх удаагаа шуудан ялгах бүрэн автомат машин оруулж ирж суурилуулан ажиллуулж байна. Аймаг, орон нутгийн шуудангуудаа ухаалаг ПОС машинаар хангаж 21 аймгийн шуудангийн үйлчилгээг цахимжуулж байна. Ер нь орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нэлээн өндөр болсон. Тэр бүхэнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх боломжууд бий болсоор байна.