Эдгээр үдэш “Клеопатра” сонгодог драмын жүжгийг ДБЭТ-ын тайзнаа тоглож буй. Бүжгэн жүжиг, дуурийн улсын төв театрт толилуулж буй нь тус уран бүтээлийг жинхэнэ утгаараа сонгодог болголоо хэмээх хүн олонбайна. Манай сонин жил гаруйн өмнө тус жүжгийн нээлтийн үзвэрээс “Пирамид шигээ нууцлаг Клеопатра” хэмээх сурвалжилга бэлтгэж байв. Харин энэ удаагийн тоглолтыг урьд тавилттай нь харьцуулж, шинэ содон, сайшааж, шүүмжлэх зүйл юу байгааг уншигч танд хүргэе.
“Монгол” театрын анхны уран бүтээл “Клеопатра” нь Британийн жүжгийн зохиолч Бернард Шоугийн “Цезарь Клеопатра хоёр”, Английн домогт зохиолч Уильям Шекспирийн “Антони Клеопатра хоёр” жүжгийн зохиолын дагуу бүтсэн. Өөрөөр хэлбэл, эл хоёр жүжгийн агуулга, тавилтыг нэгтгэсэн гэсэн үг. Шекспирт бол сонгодог хэл найруулга, биеийн хэлэмж, яруу найраг давамгайлах бол Бернард Шоугийн зохиолд ёгтлол хошигнол, өгүүлэмж зонхилдог. Тэгэхээр ерөнхий найруулагч энэ эсрэг тэрсэг өнгө аясыг нийлүүлж “бантагнуулах”, эсвэл аль нэгийг нь сонгох хоёрын голд “гашилсан” болов уу. Үзэгчийн зүгээс хэлэхэд, тэр хэний ч талд ороогүй юм шиг ээ. Зохиолын орчуулагчаар Н.Пүрэвдагва ажиллажээ. Тэрбээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны зохиол болгосон нэгэн юм. Жүжиг нэлэнхийдээ хөнгөн, ойлгомжтой. Ингэж харагдуулахад уран бүтээлчдийн ур чадвар ч нөлөөлсөн байж мэдэх. Найруулга, тавилт, уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ерөнхий бүтцийнхээ хувьд анхныхаасаа бараг өөрчлөгдөөгүй нь анзаарагдлаа. Нээлтийн үзвэрүүдээрээ дамжуулан үзэгчдийг алмайруулж, нүд, чих баясгасан байж болох ч энэ удаад яг л тэр форм, диалогийн өрнөл, тайзны дуугаралтдаа баригдсан нь мөлгөр санагдав. Энэ бол дахин үзсэн хүний бодол гэдгийг тодотгоё.
Хатан хааны дүрд Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа, Ромын жанжин, Клеопатрагийн дурлалт залуу Марк Антонид жүжигчин П.Баттөр, Юлий Цезарьт Ардын жүжигчин Б.Жаргалсайхан нар ажилласан. Клеопатрагийн шуурга шиг ааш, хайр татам, догшин зан чанаруудын зохист харьцааг олж тоглох нь Н.Баярмаагаас жүжигчний уран чадвар, арга барил нэлээн шаардана. “Анна Каренина”-гаас эхлээд дараалсан олон тоглолтын ард хэрхэншүд зууж гарахаа тэр мэднэ. Эрх мэдэл, гоо үзэсгэлэн, сексийн бэлгэ тэмдэг болсон ертөнцийн сайхан хүүхний дүрийг бүтээхэд чамгүй сахилга бат шаардах нь тодорхой. Мөн үүнийг шаргуу хөдөлмөр гэж үнэлэх нь театрын үзэгчийн боловсрол юм. Жүжгийн туршэрчүүд байтугайн харц тогтох тийм дур булаам эмэгтэй байсаар дуусав, Н.Баярмаа. Дэлхийн хэмжээнд ердөө 50 гаруй жүжигчин эл домогт хатан хааны дүрд тоглосон байдаг гэнэ лээ.
Дэлгэцийн уран бүтээлээс үе үе харсныг эс тооцвол нам жим байсан П.Баттөрийн бие бялдартай ярих зүйл алга. Харин Марк Антони бол сэтгэл татам, эргэлтийн цэг шиг дүр. Гэвч хүчтэй бус, хүүхэмсэг, бусдын ятгалгад автахуйц байдалтай үзүүлсэн нь Ром байтугай, өөрийгөө ч захирч чадахгүй нэгэн шиг харагдууллаа. Антонигийн эмгэнэлт төгсгөл бүгд галзуу хайр, улайрсан хүсэл тэмүүллээс үүдэлтэй. Харин үүнийг П.Баттөр жинхэнэ урлав. Клеопатра, Марк Антони нарын дотно харилцаа, салалтын уй гуниг бүгдэд амт нэмэхэд П.Баттөрийн оролцоо их байлаа гэж хэлэх байна. Цагаа олоогүй “ядчихсан” ёжлол эмгэнэлт жүжгийн харууслын хүчийг алдагдуулах эрсэлтэй.
Ер нь “Ингэвэл үзэгчдэд таалагдах юм биш үү” гээд алиалаад эхэлбэл буруудаж байгаа нь тэр. Жүжигт хошин үзэгдэл хэд хэд бий. Харин азаар тохиромжтой цагт, зөв үед диалогидоо шигтгэжээ. Тиймээс эмгэнэлт жүжигт тэнцвэр хэрэгтэй.
Чансаатай уран бүтээлчид замналаасаа завсарласан ч тийм амархан сонирхогч болчихдоггүй хэмээн өмнө нь бичиж байв. Урьдынсурвалжилгад “Клеопатрагийн асрагч эх Фтататитад “Мандухай сэцэн хатан” киноны Алтжингийн дүрээр танил болсон, Соёлын тэргүүний ажилтан Н.Отгонтогос тоглосон юм. Тэрбээр энэ долоо хоногт өгсөн нэгэн ярилцлагадаа “Театрын тайзанд гараагүй 20 жил өнгөрчхөж. Хүмүүс ч мартаа биз дээ, бараг. Эхлээд би нэлээд айж эмээн, нас ахисан хойно тайзнаа гарахад яадаг бол гэж зовнисон. Гэтэл залуу уран бүтээлчидтэй ажиллаад иртэл бүх юм сэргээд сайхан байна” гэжээ. Жүжгийн явцад түүний ур чадвар гандах нь битгий хэл, гялалзаж, тулгуур багана шиг байсныг энд дурдъя. Өөр нэгэн хүндтэй эрхэм бол Потин буюу Д.Бямбацогт. Тэр зүгээр л жүжигт тоглоогүй, чин угаас дүрээ бүтээж, үүгээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсээр байлаа” хэмээн бичсэнээ дахин онцолж байна.
Зарим уран бүтээлч жүжигчний уран чадвараас гадна дуу хоолой, интонаци, хэллэгийн бядаараа гайхагдахаар юм. Ийм жүжигт минимал хувцас хэрэглэл яав ч тохиромжгүй. Харин тэд энэ талдаа бүтээж, шаглаж чадсаныг зайлшгүй хэлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлэн визуал эффект ашиглах тул үндсэн тайзаа донжтой, цомхон хийе гэж сэтгэсэн болов уу. Жүжиг өндөрлөхөд Н.Баярмаатай уулзахаар тайзны ар руу учиргүй хурдан зүглэлээ. Түүнтэй уулзахад ядарч буйгаа учирлаад бид маргаашөглөө нь ярилцахаар болсон юм. Түүнээс жүжиг болон дүрийн тухай тодруулахад тэрбээр “Зун цагийн нээлтийн тоглолтоо “Клеопатра”-гаар эхэлжбуй нь бидэнд шинэ сорилт болж байна. Аялал жуулчлал идэвхжиж буй энэ үед цөөн, чанартай тоглолт үзэгчдэд хүргэх нь чухал гэж үзсэн. “Монгол” театрынхны уран бүтээлийн зорилго бол сонгодог жүжгийн гайхамшиг, урлаг хэмээх оюун санааны охийг олон хүнд үзүүлэх. Цаашид тайзны урлагийг хөгжүүлэхүйц, нийгэмд нөлөө бүхий уран бүтээлийг сонгон толилуулна.
Жүжигчид зохиолчийн илэрхийлэхийг хүссэн утга санааг баримталж ажиллана. Өндөрлөгт буй, эрх мэдэлтэй хүмүүс тэр хэмжээний золиос гаргадаг болов уу гэж бодсон. 2000 жилийн өмнө амьдарч асан мөртлөө одоо ч дурсагдаж буй нь хүн бүрд олдохгүй хувь заяа. Уран бүтээлд ажиллахад сахилга бат чухал боловуу. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, үйлчилгээ авах гэхээсээилүү өдөр тутмын амьдралынхаа хэмнэлийг удирдаж, олон зүйлд сатааралгүй, бие, сэтгэлээ амар тайван байлгах хэрэгтэй байх” хэмээсэн юм.
Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадмын “Шилдэг зураач”, “Шилдэг тайзны уран бүтээл” шагналын эзэн эл жүжгийн эргэн тойронд ийм буй. “Клеопатра” жүжиг соёлын судалгаанд үндэслэсэн, асар их хөдөлмөр шингэсэн ажил болсон. Үүний нэг хэсэг болоод буй уран бүтээлчдийг адал явдал дүүрэн замнал хүлээж байгаад эргэлзэхгүй байна.
Д.Сэлэнгэ