- Засгийн газар нэг их наяд орчим төгрөгөөр компьютер, дэлгэц худалдан авч, тарааж болзошгүй нь -
2008 он. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд гурван удаагийн нийлүүлэлтээр АНУ-ын OLPC компаниас 12 мянган компьютер хүлээн авч, нийслэл, орон нутгийн 51 сургуульд тараажээ.
2015 он. Засгийн газраас баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд 25 мянган ширхэг зөөврийн компьютерыг нийслэл, орон нутгийн багш нарт олгов. Үүнд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдсэн юм.
2020-2021 он. Цахим сургалтыг дэмжих бодлогын хүрээнд тус хичээлийн жилд 3287 ширхэг компьютерыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, багш нарт олгосныг тухайн үеийн БСШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэв.
2022 он. “Багш бүрд компьютер” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн 1500 багшийг зөөврийн компьютер, таблетаар хангав. Үүнд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
2024 он. Салбарын яамнаас дэвшүүлсэн багш бүрийг компьютертой болгох санаачилгыг орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд дэмжсэнээр дөрвөн жилийн хугацаанд 11 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчид “цахим тооцоолуур” олгожээ.
Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхан цахим сургалтыг дэмжих, бүх нийтийн компьютерын бичиг үсэг тайлагдалтыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар, орчныг сайжруулах, хот, хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг халах зэрэг сүржин зорилт дэвшүүлж, Засгийн газраар тогтоол батлуулан, багш, сурагчдад компьютер, таблет тараадаг моод дэлгэрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дээр дурдсан жишээ бол улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр салбарын яамнаас хэрэгжүүлсэн “компьютер тараах” үндэсний томоохон хөтөлбөр, санаачилгууд юм. Үүнээс гадна яамны захиалгаар, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын хөрөнгө хүч, нөөц боломжид тулгуурлан (НҮБын Хүүхдийн сан, “Мобиком корпорац” зэрэг) хэрэгжүүлсэн, өдгөө ч үргэлжлүүлж байгаа үүнтэй ижил төсөл, арга хэмжээ цөөнгүй. Гэвч эдгээрийн үр дүн, ашиглалт, хүртээмжийн талаар нэгдсэн үнэлгээ хангалттай хийгээгүй, хөтөлбөр баталлаа, компьютер өглөө гэдгээс өөр дорвитой мэдээлэлгүй, өмнөх төсөл, хөтөлбөрүүдийн алдаа дутагдал, буруу булхайг засаж залруулаагүй байхад Н.Учралын Засгийн газар “компьютер тараах” өөр нэгэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болчихлоо. Тэд чухам хаанаас, ямар өнцгөөс өнөөгийн боловсролын салбарыг тольдоод, ийм бодлогогүй, баярхуу шийдвэр гаргачхав аа. Шийдлээ хүлээж буй үй олон асуудлаас шинэ компьютер, ухаалаг самбар (мэдрэгчтэй дэлгэц) тараахыг “оочир” дайруулсны цаад шалтгаан юу вэ.
АСУУДЛАА ЭРЭМБЭЛБЭЛ АРАГШАА “ШИДЭГДЭНЭ”
“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хөтөлбөрийг ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлж, 2028 он гэхэд ерөнхий боловсролын сургуулиудад 300 мянган компьютер, 15 мянган ухаалаг самбар нийлүүлэхээр төлөвлөжээ. Өдгөө төрийн өмчийн сургуулиудад 11 сурагч дундаа нэг компьютер ашиглаж байгаа бол уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр хүүхэд дундаа нэг “дэлгэц” эзэмших гэнэ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэхдээ хүүхэд бүрийг гарааны тэгш боломжоор хангах, мэдлэгийн хоцрогдлыг арилгах нь боловсролын салбарын тэргүүний зорилт. Харин үүний хүрээнд хэрэгжүүлэх хамгийн том ажил нь багш, сурагчдыг компьютер, ухаалаг самбараар хангах гэж ярьсан. Тэгвэл боловсролын салбарт бий болсон тэгш бус байдал, үүнээс үүдэлтэй хоцрогдлыг арилгахад хамгийн үр нөлөөтэй хөрөнгө оруулалт нь компьютер мөн үү гэдэг асуулт эндээс ургаж байна. Харамсалтай нь, биш юм. Технологи бол боловсролын чанарыг сайжруулах нэг төрлийн хэрэгсэл болохоос шийдэл биш.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэсээр амарлаа. Цэцэрлэг хүрэлцээгүйгээс 40 мянга гаруй хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэв. Ийм нөхцөлд нэг хичээлд зориулж анги танхимыг нь техник хэрэгслээр хангахаас илүү нэжгээд сургууль, цэцэрлэг барьж ашиглалтад оруулах нь илүү үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно. Хүүхэд бүрд компьютер өгөхөөс илүү сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулж, хүрэлцээтэй анги танхимд хичээллүүлэх нь манай төр засгийн санаа тавих эн тэргүүний асуудал билээ. Боловсролын салбар дахь бодит хэрэгцээ юу болох, хүүхдийн суралцах орчинд хамгийн чухал хөрөнгө оруулалт аль нь вэ гэдгийг бид нээлттэй хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх цаг болсныг Засгийн газрын ээлжит санаачилга дахин харуулав.
АЛДААГАА ДАВТАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА
Ерөнхий боловсролын сургуулиудад компьютер тараах нь цаг үеэ олсон шийдвэр мөн, эсэх нь эргэлзээ дагуулж буй. Тэрчлэн манай төр энэ хөтөлбөрийг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлж чадах, эсэх нь ч тээнэгэлзүүлж байна. Олон үе шаттай, он дамжин сунжирсан төслүүд улс төрийн сонгууль, албан тушаалын халаа сэлгээ, бодлогын залгамж халаагүй байдал, тооцоо судалгаагүй төлөвлөлтөөс болж замын дундаас хэрхэн замхардгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Дээр жишээ болгон дурдсан “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөр гэхэд яг ийм байдлаар замхарсан юм билээ. Хөтөлбөрийн хүрээнд Америкийн технологийн компаниас нэг бүрийг нь 100 ам.доллароор тооцон 10 мянган компьютер худалдан авч, мөн тооныхыг бэлэглэлийн шугамаар нийлүүлэхээр талууд гэрээ байгуулсан ч монголчууд төлбөр тооцоогоо бүрэн гүйцэд шилжүүлээгүй байхдаа урамшууллын компьютеруудаа түрүүлж авчхаад “мурьчихсан” юм билээ. Тодруулбал, тус хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн 12 мянган компьютерын 2000 мянгыг нь л гэрээнд заасны дагуу төлбөрийг нь төлж, 10 мянгыг нь бэлэглэлийн шугамаар авчээ. Үлдсэн 8000 компьютерын төлбөр тооцоотой холбоотой элдэв таамаг, хардлага эзэнгүй үлдсэн аж. Ямартай ч уг хөтөлбөрийг санаачилсан Төрийн тэргүүн суудлаасаа бууснаар “Хүүхэд бүрд компьютер” санаачилга бүрмөсөн зогссон юм. Тэгвэл Л.ЭнхАмгалан сайдын дохиураар Н.Учралын Засгийн газрын баталсан “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хэмээх хөтөлбөр ч үүний адилаар замхрахгүй гэх баталгаа алга. Хөтөлбөрийн сүүлийн үе шатыг хэрэгжүүлэх хугацаа УИХ-ын ээлжит сонгуультай давхцаж буй нь энэ хардлагыг улам лавшруулж байна. Нөгөөтээгүүр, хамгийн олон ажилтан, ажиллагсадтай гэгддэг боловсролын салбарт эрх баригчид иймэрхүү байдлаар “анхаарал халамж” тавьж, сонгогчдод нөлөөлөх оролдлого хийж ирснийг ч учир мэдэх хүмүүс сануулсаар. Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн эл санаачилга улсын төсөвт дарамт учруулах нь тодорхой.
ХӨРӨНГӨ ХҮЧЭЭ ИНГЭЖ ТАРАМДДАГ
Ерөнхий боловсролын сургуулиудад компьютер, дэлгэц зэрэг элдэв төхөөрөмж хэрэгсэл тараах шийдвэрийг эсэргүүцэгчдэд зориулж Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хөтөлбөрийг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхгүй. Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” охин компани “Google”-тэй гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна” гэсэн тайлбар хэлэв. Энэ нь “Компьютер, ухаалаг самбар худалдаж авах мөнгийг татвар төлөгчдийн халааснаас гаргахгүй, улсын төсөвт ачаа дарамт, өр төлбөр үүсгэхгүй” гэсэн ойлголтыг иргэд, олон нийтэд өгч буй. Угтаа бол сайдын энэ тайлбар тайвшруулах, төөрөгдүүлэх зорилготой мэт харагдаж байна. Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хувийг улсын төсвөөс бүрдүүлдэг. Тэгэхээр энэ банкны эх үүсвэр, нөөц боломжийг ашиглаж байна гэдэг нь татвар төлөгчдийн мөнгийг авч буйгаас ялгаагүй. Аливаа бүтээгдэхүүнийг санхүүгийн түрээсээр нийлүүлнэ гэдэг нь түрээслүүлэгч тал түрээслэгчийн захиалсан хөрөнгийг худалдан авч, урт хугацаагаар, хүүтэй төлбөрийн нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа юм. Хугацаа дуусахад хөрөнгийн өмчлөл түрээслэгчид бүрэн шилждэг онцлогтой. Нэг ёсондоо бид “Google” компаниас дээрх тооны компьютер, ухаалаг самбарыг төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдаж авахаар төлөвлөж буй хэрэг.
Боловсролын яамнаас мэдээлснээр эл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх нэг компьютерын зах зээлийн үнэлгээг 1.5 сая төгрөгөөр тооцсон юм билээ. 300 мянган компьютер худалдаж авахад ойролцоогоор 450 тэрбум төгрөг зарцуулах нь. Үүн дээр мэдрэгчтэй дэлгэц буюу ухаалаг самбар болон бусад дагалдах хэрэглэгдэхүүний зардлыг нэмбэл 700-800 тэрбум буюу нэг их наяд төгрөг рүү дөхнө. Тэгэхээр бид сургалтын орчныг сайжруулах, хүүхэд бүрийг гарааны тэгш боломжоор хангах нэрийдлээр ийм их хэмжээний хөрөнгийг дэнчинд тавьж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний хомсдол зэрэг илүү чухал асуудлуудыг шийдвэрлэхэд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болохуйц мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг. Хөрөнгө хүч, нөөц боломжоо зөв хуваарилахаас боловсролын салбарын бодлогын шинэчлэл эхлэхгүй гэж үү.
ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААХЫН ҮЛГЭР БОЛОХ ВИЙ
Манай улс “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хөтөлбөрийн хүрээнд зохих тоо ёсоор компьютер хүлээж авлаа гэж бодъё. Тэгвэл эдгээрийн хэвийн ажиллагаа, цаашдын хөгжүүлэлтийг хэн хариуцах вэ. Цахим боловсрол, цахим сургалттай дөрөө харшуулан авч явах ёстой контент хөгжүүлэлт, хөтөлбөрийг хэн, хэрхэн боловсруулж, ямар бодлогоор хэрэгжүүлэх вэ. Эдгээр асуудал тодорхойгүй байна.
“Хүүхэд бүрд компьютер” үндэсний хөтөлбөрийг 2010-аад оны үед хэрэгжүүлэхэд ийм бэрхшээлтэй нүүр тулсан юм билээ. Технологийн компаниас өч төчнөөн шинэ компьютер аваад иртэл өнөөдүүл нь Монголд төдийлөн ашигладаггүй үйлдлийн системээр ажилладаг байж таараад баахан илүү зардал, ажил удсан гэдэг. Одоо хэрэгжүүлэх хөтөлбөрт ч ижил бэрхшээл тулгарч болзошгүйг инженерүүд анхааруулж байна. “Монголд “Google”-ийн “Chromebook”-ийн үйлдвэрийг оруулж ирнэ” гэдэг мэдээ таатай сонсогдох ч тийм ч амар ажил биш гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Программист Н.Ган-Эрдэнэ “Контентод суурилсан сургалтын хөтөлбөр хөгжүүлэхгүйгээр сургуулиудад компьютер, таблет, дэлгэц тараагаад нэмэргүй. “Chromebook” нь тусдаа үйлдлийн системтэй учир тэнд өөрсдийн дураар хөгжүүлэлт хийх боломжгүй, контент нийлүүлэх зах зээл ч байхгүй. Маш хязгаарлагдмал орчин. “Google”-ийнхэн л хийж өгдөггүй юм бол бид чадахгүй. Юуны түрүүнд контент бэлтгэх, хөгжүүлэх боломж нөхцөл, шийдлээ тодорхой болгосны дараа техник хэрэгслээр хангах нь зохимжтой” гэсэн юм. Энэ бол “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тохиолдож болох хамгийн наад захын, бодитой эрсдэл гэнэ. Манай засаг, төр үүнийг тооцоолсон л байгаа даа. Даахгүй нохой булуу хураахын үлгэр гэгч болох вий.