Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ерэнтэй “Би бол хүчирхийлэл, холдоорой, гишгэчихнэ шүү” нийтлэлээрээ шалгарсан юм.
Б.Ерэнтэй
Нэгдүгээр зэрэглэлийн ТЭНГЭР
Наранд шарахад гэрэл сайн шингээдэг хөх толботойгоороо дэлхийд гайхуулдаг нийт монголчууд бидний дунд уусан архиа шингээдэггүй нийтлэг бус бие махбодтой хүмүүс байдаг. Тийм категорид багтах Зүүн хүрээний лам Сэрээтэрийн Бүжгээ архи ууж агсам тавьсан хэргээр шийтгэгдэн есөн сарын хугацаагаар хоригджээ. Тэрбээр 33 настай бөгөөд суллагдсанаасаа хойш гурав хоногийн дараа арванхоёрдугаар сарын 3-нд дахин архи ууж, олон нийтийн газар лам хүнд баймааргүй ааш авир гаргасан байна. С.Бүжгээ нь тухайн үед ухаан мэдрэлээ алдталаа согтуу байх мөртлөө Монгол Улсын Төрийн тэргүүний биеийн согогтой талыг онцгойлон дуудаж, улмаар “үхээгүй юү” гэж хашхиран танхайрчээ.
Болсон явдлын цаг хугацааг тогтооход 1923 оны өвөл байх бөгөөд хэрхэн агсам тавьсныг гэрчийн мэдүүлгээр тогтоожээ. С.Бүжгээ нь хэдийгээр бусдад гар хүрч, зодоон хийгээгүй боловч Монгол Улсын Төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын нэр хүндийг гутаан доромжилж “Богд эзэн хаан хэмээгч тэр сохор үхээгүй юү. Түүний лүндэн юу ч биш. Шүүх яамнаас миний биеийг шийтгэхгүй” гэх мэтийн үг хэлж хашхирсан байна. Өөрөөс нь байцаалт авахад “Гэнэт архи уух дур хүрч орос худалдаачинд 40 мөнгө өгч нэг шил архи авсан. Архиа ууж согтууран ухаан мэдрэлгүй болж гэнэт сэргэж үзвээс гянданд хоригджээ. Өчүүхэн би ууж согтуураад юу хэлж агсамнан аашилснаа огт мэдэхгүй” хэмээн үнэн зөв мэдүүлсэн байна.
Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль (Монгол Цаазны бичиг)иар С.Бүжгээг шийтгэх гэтэл таарах зүйл анги байсангүй. Энэ нь Нарангэрэлт түмэн наст VIII Богдыг үг хэлээр доромжилсон анхны тохиолдол, практикт гарсан анхны гэмт хэрэг байснаас үүдэлтэй. Богдын ордон, Нийслэл хүрээний эрх баригчид Төрийн тэргүүнийг аймшиггүйгээр хэлэгч Зүүн хүрээний лам С.Бүжгээг заавал шийтгэх, шийтгэхдээ бүр хүнд ял оноохыг зорилоо.
Нэгэнт таарах эрүүгийн хуулийн зүйл, анги байхгүй болохоор жишиж болох заалт юу байна вэ гэсэн эрэлд гарчээ. Гэтэл тэдний аз таарч (ламын хувьд эсрэгээр) Шүүх цаазны бичгийн 10 муу ялын дотор “Тэнгэрийг тэрсэлсэн, зүйг эвдэж, журмыг хорлосон” гэсэн маш ерөнхий заалт байж. Ингээд “Тэнгэр” гэдэг нь Богд, “зүйг эвдэж журмыг хорлох” гэдэг нь олон нийтийн газар архи ууж согтуугаар агсамнасныг хэлж байгаа хэмээн жишиж болно гэж үзжээ.
Шүүхийнхэн бусдаас хараат бус өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр “...албан яамны газраа агсамнан хээхэлзэж, мунхаг санааны дураар Богд хааныг хүнд үгээр хараан хэлснийг үзвээс... маш хүндийн хүнд тул Цаазны бичгийн Тэнгэрийг тэрсэлсэн, зүйг эвдэж журмыг хорлосон (гэх үндэслэлээр) хууль ёсоор алах ял оноож тогтоосон дүрмийн ёсоор буудаж цаазаар авч цээрлэл үзүүлэх” шийдвэр гаргасан байна.
1924 оны хоёрдугаар сарын 23-нд Зүүн хү рээний лам С.Бүжгээг Нийслэл хүрээний Шархаданд зэвсэг бүхий таван цэргээр харгалзуулан аваачин буудаж ялын тогтоолыг гүйцэтгэжээ. Тогтоол гүйцэтгэхэд Шүүх яам, Цэргийн яамнаас тус бүр нэг түшмэл, сүм хийдээс хамба лам Жамцыг байлцуулахаар томилсон байдаг.
Нэгдүгээр зэрэглэлийн ЭЛБЭГДОРЖ
Их Хурлын ээлжит хуралдаан хэд хэд завсарлан сайд нарыг ихэд хүлээсний эцэст сая тэд орж ирэв. Шүүх яамны дэд сайд Түвшинтөр комиссын тогтоолыг уншин сонсгов.
-Данзан бол харьяат улсад зүйл зүйлээр туйлын хүнд хорлол хүргэж тэрслүүгээр явахыг эрмэлзэн оролдож байсан нь элдэвлэвч уучилбаас үл болох туйлын хорт жигшүүрт муу ард лавтайяа мөн болох тул энэ хэргийн Данзанг тэрслүүгээр явсан хүнд зүйлийг дагаж үүсгэсэн хэргийн ёсоор даруй буудан цаазаар аваачсугай.
-Баваасан бол... ийнхүү удаа дараа улс төрд тэрслүүгээр явах санаа агуулсан нь учир маш хүнд. Иймийн тулд энэ хэргийн Баваасанг үүсгэсэн хэргийн ёсоор даруй буудан цаазаар аваачсугай.
(Комиссын тогтоолыг уншин сонсгосны дараа хурлын танхимд чимээ аниргүй байв. Энд тэнд хэд гурван хүн шивнэх сонсогдоно. Дараа нь алга ташив)
Их Хурлын дарга Минжүүр комиссын тогтоолыг батлуулах санал гаргав. Хөдөөгийн нэг төлөөлөгч: -Болчимгүйдэж хоёуланг нь алчихсан хойноо бид нараар батлуулахын хэрэг байна уу?
Дээрх протокол бол Засгийн газрын орлогч сайд, Бүх цэргийн жанжин С.Данзан, Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан нарыг урьд шөнө нь Шархаданд буудаж алчхаад маргааш өглөө нь буудан алах тогтоол батлуулах гэж буй хуралдааных. Харин энэ хуралдаан нь анхны Үндсэн хуулийг баталсан, хөрөнгөтний бус замаар хөгжихөө зарласан, улсын нэрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсэн 1924 оны түүхт МАНын III Их хурлын 23 дугаар чуулган байсан юм. С.Данзан, Баваасан нарыг тус оны наймдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө буудан хороосон бөгөөд энэхүү 23 дугаар чуулганы хуралдаан нь 31-ний өглөө болж байгаа учраас хөдөөгийн төлөөлөгчийн асуулт дэгээ гэхээсээ логик утга учиртай байсан.
С.Данзан, Баваасан нарыг гардан баривчилж дараа нь Шархаданд буудан хороолцсон Дотоодыг хамгаалах газар (ДХГ)-ын төлөөлөгч Цэвэгжавын Сандуйжав 1925 онд юу гэж бичиж илтгэснийг доор толилуулъя.
-Данзан, Баваасан нарт “Та нарын хэрэг Оростой холилдсон хэрэг тул Оросын Элчин дээр аваачиж байцаана” гэж хэлж хууран тусгай тэргэнд суулгаж хотоос гараад зүүн зүг Эл чингээс өнгөрөн явахад Баваасан,
-Одоо алах уу гэхэд дарга Балжин болон бид, Тийм” гэж хэлээд хоёр гарыг нь барьж цаазны газар хүргэлээ. Буудах үед Данзан, Баваасан нар,
-Бид дээлээ тайлаад үхэх ялаа хүлээе гэлээ. Бас Данзан “Миний энэ дээлийг надтай хамт байсан сохор орост өгөхийг ихэд захъя” гэсэн. Шүүх яамны түшмэл Балданцэрэн очиж өчиг явдлыг уншиж сонсгосонд Данзан барайснаа нэгэнт шулуудсан царай гаргаж,
-Та нар бага настай хүмүүс. Ардын хэрэгт үнэнчээр зүтгэхэд хэцүү биш үү гэхэд нь шууд буудан алав...
Ардын намын анхны долоогийн нэг, “Иргэн баян бол улс баян” үзэлтэй С.Данзан нь буудуулахдаа 51 настай байсан бол ДХГ-ын төлөөлөгч Ц.Сандуйжав 31-тэй идэр залуу байжээ. Тэрбээр дараа нь ДХГ-ын тасгийн дарга, хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан бөгөөд Улаанбаатар хотын Залуучуудын эвлэлийн хорооны дарга байсан чекист билээ.
Дээрх үйл явдлын өнгөн талыг харахад ДХГын төлөөлөгч хэдэн монгол залуу туурга тусгаар улсынхаа батлан хамгаалахын нэгдүгээр хүн-Бүх цэргийн жанжинг устгасан мэт харагдана. Гэвч цаад эзэн нь Коминтерн, Орос улсаас манайд ажиллуулж байсан социалист коммунист онолыг экспортлогч мэргэжилтэн “Нэгдүгээр зэрэглэлийн Элбэгдорж ринчино” байсан юм. (Элбэгдорж ринчино нь “Who is who” болохыг мэдье гэвэл интернэтэд Elbegdorj Rinchino нэрээр хайлт хийгээрэй)
Нэгдүгээр зэрэглэлийн ЦАГ ХУГАЦАА
Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэсэн хэлц үг байдаг. Н.Энхбаяр туг барьж байх үедээ Монгол Улсын гурван дээд өндөрлөгт Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн алба хашжээ. Харин тугал хариулж явах цаг дор гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хүмүүжигч гэсэн бас гурван доод “өндөрлөг”-т аж төрж буй.
Н.Энхбаяр дөрвөн жилийн өмнө 2009 оны зургаадугаар сарын 18-нд Ц.Элбэгдоржид төрийн тэргүүний албыг шилжүүлсэн. Ингээд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, экс Ерөнхийлөгч гэсэн нэртэй сул иргэн явж байгаад 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд АТГ-ын мөрдөн байцаах газрын ажилтнуудад баривчлагдсанаар “сэжигтэн” гэсэн албан ёсны нэртэй болсон. 2012 оны долоодугаар сарын 30наас наймдугаар сарын 2-нд болсон Сүхбаатар дүүргийн шүүх хурлаас эхлэн сэжигтэн Н.Энхбаяр маань бүр яллагдагч Н.Энхбаяр болж хувирав. Бидний ойлгосноор ямар нэгэн хэрэг тарьсан учраас “хуулийн өмнө хүн бүр тэгш” байх зарчмаар тэр шийтгэгдэж байгаа.
Улсын яллагч Е.Сагсайн гаргалгаагаар Н.Энхбаярын хийсэн хэрэгт тохирох ял нь нэгд, 8.6 жил чанга дэглэмтэй хориход суулгана, хоёрт банкинд байгаа 8.9 сая ам.доллар, түүнчлэн байрны ордерт бичигдсэн орон сууцных нь оногдох хэсгийн хамт бүгдийг хураах. Том ял авах томоор хийсэн гэмт хэрэг таван янз гэж танилцууллаа. Үүнд,
I. Н.Энхбаярын бичсэн хувийн ном нь БНСУ-ын Сөүл хотоос Улаанбаатарт онгоцоор тээврийн зардлыг нь улс дааж авчирсан улсын номон дотор байсан.
II.Гандангийн TV-9 телевизийг мөнгийг нь төлж дур мэдэн зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан.
III. “Өргөө” зочид буудлыг насанд хүрсэн хүмүүс хувьчилж авсан. Тэр хүмүүстэй адилхан ургийн овогтой байгаа тул тэдний холбоотон.
IV. “Улаанбаатар таймс” сонины байрыг худалдаж авсан хүмүүс нь түүнийг сайн таньдаг уран бүтээлч учраас бас тэдний холбоотон.
V. “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахаад гэрээгээ биелүүлээгүй бизнесмэнд тусалсан байх үндэслэлтэй. Учир нь тус үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нь Н.Энхбаяртай нэгэн адил Архангай аймгийн харьяат.
Сүхбаатар дүүргийн шүүх хурлаас Н.Энхбаярыг 8.6 жилийн чангад биш дөрвөн жил жирийн дэглэмтэйд хорих шийдвэр гаргалаа. Дээр дурдсан таван гэмт хэргийн нэгт би чигдсэн нь хасагдлаа. Н.Энхбаярын тарьсан хэрэг таваас дөрөв болж цөөрөхөд тус хуралд оролцож түүнийг өмгөөлсөн доктор С.Нарангэрэлийн хэлсэн үг их нөлөөлсөн болов уу. Тэрбээр,
-Хавтаст хэрэгт Ш.Биндэръяагийн өгсөн мэдүүлэг гэж бий. Түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр Ерөнхийлөгчийн гэсэн ачааг Элчин сайдын яамны хоёр хүн ачуулсан. Нэгийг нь Тэнүүн гэдэг, нөгөөг нь Баярхүү гэдэг. Ерөнхийлөг чийн номыг ачуулж байна гэсэн. Гэтэл Тэнүүн гэж хүн огт байгаагүй. Харин тэр үед МИАТийн Сөүл дэх төлөөлөгчөөр Н.Энхбаяр нарт холбогдуулан хэрэг шалгуулаад байгаа эдүү гээгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц байсан. Тэр Тэнүүн гээд байгаагийн ард Хурц байсан байна. АТГ энэ хэргийг үүсгэсэн. Одоо тийм учраас энэ хэргийг Н.Энхбаярын хэргээс тусгаарлаад тэр үеийн МИАТ-ийн төлөөлөгч, одоогийн АТГын дэд дарга Б.Хурц, дээр нь тэр үеийн МИАТийн ерөнхий захирал Б.Эрдэнэбилэг нарыг шалгах ёстой. Яагаад гэвэл тэд МИАТ-ийн тэр онгоцоор хэний, ямар ачаа тээвэрлэгдсэнийг мэдэх ёстой. Түүний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж хэлсэн.
Н.Энхбаяр өөрт нь тохсон дөрвөн хэргийг тариагүй гэж Нийслэлийн шүүхэд давж заалдсан. 2012 оны есдүгээр сарын 25-нд Нийслэлийн шүүхийнхэн хуралдаад Сүхбаатарын шүүхийнхэн зөв шийдэж, яллагдагч экс Ерөнхийлөгч та дөрвөн хэрэг тарьжээ, дөрвөн жил хориход сууна аа хэмээн хариу өгсөн байна.
Дараа нь Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд, мөн л өөрт нь тохсон дөрвөн хэргийг тариагүй, хянан үзэж, тавьж суллан эрх чөлөөт сул иргэн болгоно уу хэмээн хандсан байдаг. УДШ-ийнхэн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөмбөлөгтэй холбоотой хэргийг, Гандангийн TV-9 телевизийг мөнгийг нь төлж дур мэдэн зөвшөөрөлгүй худалдаж авсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Харин “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсан хүмүүстэй адилхан ургийн овогтой тул тэдний холбоотон. “Улаанбаатар таймс” сонины байрыг худалдаж авсан хүмүүс нь түүнийг сайн таньдаг учраас тэдний холбоотон гэсэн энэ хоёр хэргийг үйлдсэн болохыг нь батламжилжээ. Эцэст нь “Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т заасан төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж байгууллагаас онц хэмжээний мөнгө завшсан хэрэг” гэжээ. Ингэж өргөдлөө эцэслэн шийдүүлсэн Н.Энхбаяр нь 2.6 жил жирийн хориход алдаа, оноогоо дэнслэн суух цаг хугацаагаар “шагнуулсан” байна.
2.6 жил гэдэг бол 2014 оны аравдугаар сарын 14 хүртэлх хугацаа. Түүний цагдан хоригдсон хоног, хүмүүжигчийн хувьд эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих ангид биечлэн ял эдэлсэн хугацааг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-наас хойш тооцоход нэг жил хоёр сар хоёр долоо хоног болж байна. Уул нь хорих ангийн дарга нь хү мүүжигчийг зан байдлаараа засарч хүмүүжсэн гэж үзвэл нэг улиралд 30 хоног хүртэлх хугацаагаар шагнадаг эрхтэй. Энэ шагналыг экс Ерөнхийлөгч бөгөөд хүмүүжигч Н.Энхбаяр маань хүртсэн болов уу, яасан бол?
Харин хүмүүжигч нийт эдлэх ялын гуравны хоёрыг биеэр эдэлсэн бол хорих ялын хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдах боломж нээгддэг. Н.Энхбаярын хувьд энэ нь 20 сар. 2013 оны арванхоёрдугаар сарын 13 гэхэд уг боломж нээгдэнэ. Гэхдээ хүмүүжигчийн хүсэлтийг тухайн хорих ангийн арга зүйн зөвлөл, дараа нь прокурор, дараа нь дүүргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд заавал гэсэн үг байхгүй учраас тэнсэн суллаж ч болох нь, суллахгүй ч байж мэдэх нь.
Хүмүүс ээ! Энхтайвны Нобелийн шагналт А.Солженицын “Хүчирхийлэл хүмүүсийн тайван амьдралд орж ирэхдээ туган дээрээ “Би бол хүчирхийлэл” гэж бичсэн байдаг ба “Холдоорой, тэгэхгүй бол гишгэчихнэ шүү” гэж хашгирч явдаг. Өөртөө ч бүрэн итгэсэн байдаг юм” гэж хэлснийг санаж явцгаая.