УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах Х.Тэмүүжин тэргүүтэй 17 гишүүний өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн барьсан хуулийн төслийн “хувь заяа” өөрчлөгдөж эхэлжээ. Парламентын спикер нь аль нэг намын дарга байх ёсгүй. Хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хэрэгтэй. Ингэж парламент олон ургалч үзэл, эрүүл мэтгэлцээний зарчмыг хангана хэмээн тэд үзсэн юм. Нэлээд бэрхшээл туулж, улс орныг “донсолгож” байж, уг төслийг хэлэлцэхийг олонх дэмжиж байлаа. Гэтэл хоёр сар “амраасны” дараа сөрөг хүчнийхэн зарчмаасаа гэнэт ухарчээ. Тэд “УИХ-ын дарга заавал нам бус байна гэдэг нь хэтэрхий хатуу заалт байжээ” хэмээв.
Өнгөрсөн гуравдугаар сард ийм акц өрнүүлж, хоёр долоо хоногийн турш нэгдсэн чуулганыг АН-ынхан ирцээр бойкотолсон. Улмаар МАН-ынхан улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-ын даргаас нь Н.Учралыг чөлөөлж, Ерөнхий сайдаар томилсон юм.
Түүнд зай тавьж өгөхийн тулд Г.Занданшатарын Засгийн газар огцорсон. УИХ-ын даргаар сонгогдох болсон С.Бямбацогт ч сөрөг хүчний санаачилсан төслийг баталбал намын гишүүнчлэлээс түдгэлзэж чадна гэсээр дэмжлэг авсан билээ. Тэгвэл үүнээс хойш юу болоод өнгөрчхөв. Хөшигний ард ямар тохиролцоо хийчхэв.
УИХ-ЫН ДАРГА НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ
2025 оны арваннэгдүгээр сард юу болсныг эргэн нэг сануулъя. Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласнаар эрх баригч намынхны дотоод талцал эрчимжсэн. УИХ-ын гишүүн биш, намын дарга ч бус Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд байр сууриа бэхжүүлэхийн тулд эл сонгуульд оролцох нь зүй ёсны хэрэг байсан юм. Харин МАН доторх 1980-аад оны бүлэглэлийнхэн УИХ-ын даргыг эл өрсөлдөөндөө татан оруулснаар намын талцал нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын асуудал болж өргөжсөн. Тиймээс АН-ынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, энэ алдаа завхралыг давтуулахгүйн тулд УИХын тухай хуульд холбогдох хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан юм. Х.Тэмүүжин гишүүн голлож ажилласан биз. Ерөнхий сайдыг тусгай индэрт залах бус, УИХ-ын бусад гишүүнтэй хамт суулгадаг болгох, парламентад Засгийн газрын тэргүүн хүссэн сэдвээрээ мэдээлэл хийдэг бус, хууль тогтоогчид түүнээс асууж мэтгэлцдэг байх, УИХ-ын даргыг нам бус байлгах гэсэн гол өөрчлөлтийг тэд боловсруулсан. Гэвч эрх баригчдын зүгээс эдгээр асуудлаа гурван тусад нь салгаж өргөн барихыг хүссэн аж. Улмаар гишүүдийн асуулгын цаг гаргаж, мэтгэлцээн өрнөдөг болжээ. Ерөнхий сайдын суудлыг индрээс буулгах төслийг УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах бусад төсөлтэй нь нэгтгээд, өчигдөр чуулганаар эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Харин УИХ-ын даргыг нам бус болгох төсөл нь үлдчихээд байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр сөрөг хүчнийхэн уг асуудлаараа улс төрийн акц хийж, чуулганы ирцийг хоёр долоо хоног бойкотолсон. Улмаар МАН улс төрийн шийдвэрээ гаргаж, байр байранд нь тавих ажил эрчимжив. Н.Учрал УИХ-ын даргаас чөлөөлөгдөж, намын даргын хувиар гүйцэтгэх засаглалаа тэргүүлэн, өөрийн танхимыг байгууллаа. Уг төслийг УИХ-аар хэлэлцээд баталбал МАН-ын гишүүнчлэлээс ч татгалзаж чадна хэмээсэн. Тиймээс ч Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүдийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дээрх агуулга бүхий төслийг хэлэлцэхийг дөрөвдүгээр сарын 10-нд дэмжжээ. Үүнээс хойш “тоосонд дарагдчихаад” байсан дээрх төслөө сөрөг хүчнийхэн одоо дахин “эргэлтэд оруулж” буй бололтой.
Учир нь өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаад, уг төслийг дэмжихээ болилоо гэж мэдэгдэв. Дэмжинэ гэж тохирчхоод тэд яагаад буцав. Үүнд нь сөрөг хүчин ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэсэн асуулт гарч байлаа. Тэгвэл тэд тохиролцсон юм байж. Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Х.Тэмүүжин “Олонх, цөөнх хоорондоо ойлголцсон. УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлэх заалт арай хатуу байна. Харин УИХ-ын дарга төвч, улс төрийн намаас ангид, бие даасан байдлаар ажиллахын тулд парламентын засаглал бүхий дэлхийн бусад орны туршлагаар нарийвчилсан тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгая гэж тохиролцсон. Тиймээс УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх заалтыг больж, оронд нь аль нэг бүлэгт орох шаардлага гарвал олонх болон цөөнхийн бүлэгтээ мэдэгддэг зарчимтай байя гэлээ. Өмнөх хоёр ч УИХ-ын дарга парламентыг намын даргын албан тушаалтай хавсарч удирдах сонирхлын зөрчлөөс үүдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийм алдааг давтахгүйн тулд УИХ-ын дарга намын даргын сонгуульд өрсөлдөхгүй, аль нэг улс төрийн хүчний дотоод улс төрд идэвхтэй оролцохгүй гэдэг зарчим тусгах, дундын хувилбарыг сонгохоор ажлын хэсэг тохирсон” гэсэн тайлбар өгчээ. Ийнхүү сүүлийн долоо, найман сарын турш өөрчлөхөөр тэмцсэн улс төрийн зарчмаасаа сөрөг хүчин гэнэт ухарчээ.
СӨРӨГ ХҮЧНИЙ ДАВТАГДСАН АКЦ
УИХ дахь АН-ын бүлгээс 20-иод хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд Д.Батлутад улс төрийн хариуцлага тооцох шаардлага тавьсан юм. Гэвч Ерөнхий сайд үл тоосон тул Засгийн газрыг бүхэлд нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн. “Бүлэг улс төрийн шийдвэр гаргасан учраас 42 гишүүн бүгд гарын үсгээ зурна” хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл хэлсэн юм. Гэвч хэдэн хүн гарын үсгээ зурсан, хэзээ огцруулах санал оруулж ирэх нь тодорхойгүй. Сөрөг хүчний ийм тодорхойгүй улс төрийн акц хоёр дахиа давтагдаж буйг санах уншигчид бий байх.
2025 оны намрын чуулганы төгсгөлд буюу Шинэ жилийн баярын өмнөхөн АН-ынхан мөн л Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаа мэдэгдэж, гарын үсэг цуглуулж байсан. Тухайн үед Ерөнхий сайд дэд сайдын албан тушаалыг сэргээснийг сөрөг хүчин буруутгасан билээ. Төрийн албыг цомхон, цэгцтэй болгох ёстой атал шаардлагагүй албан тушаал нэмлээ гэж тэд дургүйцсэн юм. Тиймээс энэ шийдвэрээ цуцлахыг шаардсан. Г.Занданшатар ч “гүрийсэн” тул огцруулахаар боллоо хэмээн мэдэгдэж байлаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн тулд нийт гишүүний дөрөвний нэг буюу 32-оос дээш хүний гарын үсэг хэрэгтэй. Харин огцруулах шийдвэр гаргахад 64-өөс дээш гишүүн дэмжиж байж ажил хэрэг болдог. Тэгвэл тухайн үед мөн л хэдэн хүн гарын үсэг зурсныг “нууж” хэсэг хугацаа авч байтал намрын чуулган ч завсарлав. Санал оруулах босго бүрдмэгц УИХ-д биш, МАН-ын бүлэгт өнөөх шаардлагаа өгсөн нь бүр сонин. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл тухайн үедээ “Засгийн газрыг тогтворгүй байлгах нь биш, алдааг засуулах нь чухал. Санал оруулах босгонд хүрэхүйц гишүүд гарын үсгээ зурсан. Гэхдээ чуулганаар шийдэхийн тулд 64-өөс дээш хүний дэмжлэг хэрэгтэй. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзсэн. Огцруулж, хариуцлага тооцох зарчмын шаардлагадаа бид хэвээр байгаа” гэсэн юм. Дэд сайдаас үүдэлтэйгээр Ерөнхий сайдыг огцруулах яриа ч тэгсхийгээд мартагдаж, оронд нь дээр дурдсан УИХ-ын дарга нам бус байх тухай акц өрнүүлсэн байдаг. Энэ нь харин амжилтад хүрч, Засгийн газар ч солигдож, парламент ч шинэ спикертэй болсон.
Энэ удаагийн хаврын чуулганыг ирэх сарын 3-нд завсарлуулна гэж буй. Тэгэхээр АН-ынхан өнгөрсөн оны төгсгөлд өрнүүлсэн тодорхойгүй улс төрийн акцаа дахин эхлүүлсэн гэж үзэж болох нь. Чуулган хаах үед Засгийн газрыг огцруулах тухай мэдэгдэл хийнэ, тэгсгээд “сарниулна”. Өмнөх жишгийнхээ дагуу тэдний шаардлага дараагийн намрын чуулган руу шилжих нь тодорхой болж байгаа юм. Эрх баригчдад алдаагаа засах хугацаа өгч буй мэт энэ улс төрийн акцаараа дамжуулан хөшигний ард тохиролцоо, улс төр хийдэг гэж хардахад хүрч байна. Учир нь одоо хүртэл юу ч тодорхой биш. Нэмээд Г.Занданшатарын танхимыг огцруулахад хүргэсэн улс төрийн акцын гол зарчмаасаа ч ухрав. Үүнтэй нь зэрэгцээд хамтарсан Засгийн газарт багтаагүй АН-д зарим нэг албан тушаалын “бялуу” хуваах тухай мэдээлэл ч гарч эхэллээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний орон тоонд нөхөн томилгоо хийх ёстой байгаа. Үүний нэгэнд АН-ын гишүүн, прокурор асан, эдүгээ УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбатыг томилуулахаар тохиролцсон гэсэн сураг гарч буй. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд дээрх албан тушаалд томилсон юм. Уг нь ялсан нам, Засгийн газарт хамтарсан хүчнүүд л бүх шатны албан тушаалд хүмүүсээ хуваарилдаг жишиг улс төрд бий. Гэтэл МАНаас сонгогдсон УИХ-ын дарга энэ жишгийг эвдэж, ардчилсан жишгээр сөрөг хүчнээс албан тушаалд томилоод байна уу. Эсвэл ард нь өөр тохиролцоо яваад байна уу гэсэн асуулт гарна. Засгийн газрыг огцруулна хэмээн “сүрдүүлж”, харин хөшигний ард сөрөг хүчнийхэн эрх баригчидтайгаа “хөтлөлцөөд” яваа юм биш биз. УИХ-ын дарга нам бус байхад ч яах вэ дээ хэмээн буулт хийсэн нь ч Н.Учралын танхимд хариуцлага тооцно гэсэн сөрөг хүчний акцын зорилго үнэндээ арай өөр байсныг харуулах мэт.