150 тэрбум төгрөг. Статистикийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан голч үнэлгээгээр тооцвол энэ мөнгөөр 62 мянга гаруй хүнийг нэг сар цалинжуулж ажиллуулах хэмжээний төсөв. Монгол Улсын хүн амд хуваавал нэг иргэнд 43 мянган төгрөг ногдох хэмжээний хөрөнгө оруулалт. Илүү бодитой зүйлээр жишээлбэл 700-800 айлыг дундаж хэмжээтэй орон сууцад оруулахад хангалттай хүрэлцэхүйц мөнгө. Нийгмийн тулгамдсан асуудалд хөрөнгө оруулна гэвэл 600-900 хүүхдийн суудалтай 10 орчим сургууль барихад өлхөн хүрнэ. Улаанбаатар хотод өдгөө хэрэгжүүлж буй дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажлыг энэ мөнгөөр урагшлуулъя гэвэл 150 мянган айлын орон сууцын инженерийн шугам сүлжээг шийдчих боломжтой хөрөнгө.
Энд дурдсан тооцооллоос 150 тэрбум төгрөг Монголын зах зээлд хэр их мөнгө, ямар үнэ цэнтэй хөрөнгө оруулалт вэ гэдэг нь тодорхой харагдана.
Г этэл манай Засгийн газар төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүү лэх, дижитал ур чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх нэрийн дор сургалт, семинар зохион байгуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, цахим систем, мэдээллийн сан хөгжүүлж, нэвтрүүлэх зэрэг ажилд ийм хэмжээний мөнгө төсөвлөчхөөд, гарын салаагаар урсгах шиг болж байна. Энэ бол Дэлхийн банкны 41.7 сая ам.долларын санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ)-наас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төсөл юм.
ХОЁР ДАХИН ТЭЛСЭН ТӨСӨВ
Манай улс төрийн цахим үйлчилгээний системийг өргөтгөн шинэчлэх зорилгоор “Ухаалаг засаг-1” төслийг 2015-2021 онд хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд өдгөө бидний ашиглаж байгаа “И-Монголиа” зэрэг нэгдсэн платформуудыг хөгжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулан, тоон гарын үсэг хэрэглээнд нэвтрүүлжээ. Төслийн эхний шат үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэсэн учир Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацынхан “Ухаалаг засаг-2”-ыг хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн ширээний ард сууж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлжих тусгай эрхийн гэрээ байгуулжээ. Цахим шилжилтийн үндэс суурийг тавих зорилготой “Ухаалаг засаг-1” төслийн санхүүжилт 19.4 сая ам.доллар байсан бол төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх хоёрдугаар шатны ажлуудад зарцуулах төсөв үүнээс хоёр дахин өндөр буюу 41.7 сая ам.доллар юм.
Үр дүнтэй ашиглаж, хэргийг нь гаргаж чадвал энэ бол маш том хөрөнгө оруулалт. Нэгэн судлаачийн хэлсэнчлэн цахим шилжилтийг хурдасгах хөдөлгүүр болохуйц дэмжлэг. Ийм хэмжээний санхүүжилттэй төслийн үр дүн зөвхөн шинэ систем, тоног төхөөрөмж нэвтрүүлснээр бус, иргэдийн цаг хугацаа, төсөв зардлыг хэмнэж, бүтээмжийг бодитоор сайжруулсан уу гэдгээр хэмжигдэх учиртай. Тиймээс төсөл бү хэлдээ ил тод, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. Үүний хүрээнд хэрэгжүүлж буй ажил болгон бодит хэрэгцээ шаардлага, тооцоо, судалгаанд үндэслэсэн байх шаардлагатай. Хэрэгжүүлэгчид нь уялдаа холбоотой ажиллаж, хариуцлагатай хандах учиртай. Гэтэл бодит байдалд уг төслийг хэрэгжүүлэгч толгой байгууллагынхан нь эдгээр шаардлагыг зангидаж, нэгдсэн удирдлага, менежментээр хангаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээ дагуулсаар.
ТӨХӨӨРӨМЖ ШҮТСЭН ТӨР
Төрийн байгууллагынхан тохижилт, засвар шинэчлэл нэрээр баахан тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж худалдаж авах үрэлгэн зардлыг улс, нийслэлийн төсөвт тусгачихсан, өнөөх нь жилийн жилд шүүмжлэл, хэл ам дагуулж байдаг. Үүний цаана төсвийн мөнгөөр өөрсдөдөө тохь тух бүрдүүлэх гэсэн төрийн албан хаагчдын хүсэл шунал, аахар шаахар хэрэгцээгээр ч далимдуулан тендерийн цавчаа хийх гэсэн төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарын зорилго нуугдаж байдаг нь нууц биш. Тэгвэл “Ухаалаг засаг-2” төслийн хү рээнд төрийн цөөнгүй байгууллагын тоног төхөөрөмж, компьютер хэрэгслийг шинэчлэх нь.
Засгийн газрын цахим болон танхимын хуралдааны өрөө, архивын сангаас эхлээд Үндэсний дата төв, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам гэхчлэн олон байгууллагын танхим, тасалгаанд техник, тоног төхөөрөмж, цахим системийн дагалдах хэрэгсэл нийлүүлэхээр тендер зарлажээ. Санхүүжилт нь тэрбум тэрбумаар хэмжигдэж байна. Засгийн газрын хуралдааны танхимыг гэхэд 4.6 тэрбум төгрөгөөр тоноглох нь. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 9.9 тэрбум төгрөгийн систем, тоног төхөөрөмж шаардлагатай гэнэ. Энэ мэт чилэн нүсэр хөрөнгө оруулалттай ажил өч нөөн. Эдгээрийн чухам хэд нь бодит хэрэгцээнд үндэслэсэн, үр ашигтай хөрөнгө оруулалт вэ гэдгийг үнэлж дүгнэхэд бэрх. Тэр хэрээрээ дараа нь үр дүнг нь үнэлэхэд ч төвөг чирэгдэлтэй.
Манай төр сүүлийн жилүүдэд цахим шилжилтээр түрээ барин тоног төхөөрөмж төвтэй “шинэчлэл” их хийх болсон. Сервер, компьютер, сүлжээний төхөөрөмж, программ хангамж худалдаж авснаар цахим, ухаалаг засаг бий болчихгүй. Дэд бүтэцгүйгээр цахим засаг бүрдэхгүй. Харин тоног төхөөрөмж бол дэд бүтцийн өчүүхэн хэсэг нь. Тоног төхөөрөмж, компьютер хэрэгслээ шинэчиллээ гээд төрийн мэдээллийн сангуудыг холбож, иргэдэд бодит, үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бий болгож чадахгүй бол хэчнээн үнэтэй, шилдэг техник байгаад ч нэмэргүй.
СУРГАЛТ НЭРЭЭР СУЛ УРСГАХ ЗАРДЛУУД
ЦХИХХЯ-ныхан дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх нэрээр хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж, бизнесийг нь булаах гэж байна гэсэн шүүмжлэл саяхан газар авч, бөөн сенсац болсныг уншигчид мартаагүй байх. Учир нь салбарын яамнаас 1500 залуусыг цахим ур чадварт сургаж, ажиллах экосистемийг нь бэлтгэх тендер зарласан нь манай зах зээлд хувийн хэвшлийнхний амжилттай хэрэгжүүлж буй бизнесийн бэлэн загварууд байсан юм. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг “Momade”, “Freelance Mongolia” зэрэг агентлаг үүнийг эсэргүүцэж “1500 хүнд хичээл заахад долоон тэрбум төгрөг зарцуулснаас хувийн хэвшлийг дэмжихэд хөрөнгө оруулсан нь дээр” гэж шүүмжилсэн. Үүний дараа ЦХИХХЯ-наас “Тус хөтөлбөрийг мэргэжлийн шинжээчдийн зөвлөмжид үндэслэн олон жилийн өмнөөс төлөвлөсөн” гэсэн тайлбар мэдэгдэл гаргаснаар уг асуудал намжисхийсэн юм.
Энэ нь “Ухаалаг засаг-2” төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг дижитал эдийн засгийг дэмжих зорилтын хүрээнд төлөвлөсөн, цаг үеэ мэдрээгүй, илүү зардалтай ажил. Үүний хүрээнд төрийн албан хаагчид, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, ахмад настнуудад техникийн мэдлэг олгох, дижитал технологид суурилсан ажлын байр нэмэгдүүлэх зэрэг маш олон ажил төлөвлөсөн. Заримыг нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн, цаашид ч хэрэгжүүлнэ.
“Үндэсний цахим элч” хэмээх сүржин тодотголтой, дээрхтэй яг ижил хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хү рээнд бэлтгэсэн 100 гаруй сургагч багшаар дамжуулан 1000 ахмадад цахим ур чадвар олгох гэнэ. Энэ ажлыг нь “И-Монгол академи” УТҮГын Цахим ур чадварын газар хариуцаж буй юм билээ. Санхүүжилт нь мөн л тэрбум тэрбумаар яригдана.
Дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих шаардлагатай гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрийн албан хаагчдын ур чадвар, техникийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь энэ цаг үед зайлшгүй хэрэгцээ болж байна. Харин иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлнэ гэсэн маш ерөнхий малгай зорилтын доор мянга мянган хүнийг сургалтад хамруулж, ахмадуудыг хүртэл чирэгдүүлэх хэрэгтэй юү гэвэл нухацтай бодох л асуудал. Сургалт зохион байгуулснаас суурь асуудлуудаа шийдсэн нь дээргүй юү.
ХУВИЙН ХЭВШИЛД “ХОНЗОГНОГЧ” ЗАСАГ
“Ухаалаг засаг-2”-ын ажлууд хоорондоо ямар уялдаа холбоотой хэрэгждэгийг тодруулах үүднээс нэгэн жишээ дурдъя. Мэдээлэл холбооны операторуудын ассоциацын удирдлагууд өнгөрсөн хавар Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж, харилцаа холбооны суурь сүлжээг өргөтгөн хөгжүүлэх чиглэлээр хөдөө, орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа эргэж харахыг хүссэн юм билээ. “Ухаалаг засаг-2” төслийн хөрөнгөөр хөдөөд утасгүй дата сүлжээ байгуулах шаардлагагүй, харилцаа холбооны дэд бүтцийг өргөтгөх ажлуудыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн нөөц боломжоор өнгөрсөн хугацаанд хангалттай хийсэн, цаашид ч төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг дээрх холбооноос илэрхийлж. Харин Дэлхийн банкны төлөөлөл төслийн цар хүрээг хумих боломжийг судална гэсэн тодорхой байр суурь илэрхийлжээ.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “Зээлийн хөрөнгө бол ард түмний нэрийн өмнөөс зээлж байгаа, татвар төлөгч бидний эргэн төлөх мөнгө. Төр уймраад, учраа олохоо болиод, бидний мөнгөөр бидэнтэй өрсөлдөх зүйл хийх гэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Монголчууд нийтээрээ гаднын хүний үг авдаг, дагадаг байж болно. Харин төрийн бодлого хэрэгжүүлэгч яамныхан тэднийг аялдан дагахаа болих хэрэгтэй. Гол нь төслийн ажлаар ирж байгаа хүмүүс нь хурдтай хөгжиж буй салбараас хоцорсон, локал контекст (цаг хугацаа болон байршилд суурилсан тодорхой орон нутгийн мэдлэг, дата) ч мэдэхгүй нөхөд байх юм” хэмээн хатуухан шүүмжилсэн. Энэ бол ажлын цар хүрээ, хэрэгжүүлэх салбар нь л ондоо болохоос дээр дурдсан дижитал ажлын байр бий болгох хөтөлбөртэй яг ижил, хувийн хэвшлийн урдуур хөндөлссөн санаачилга юм.
ЭЗЭНГҮЙ ХАРИУЦЛАГА
“Ухаалаг засаг-2” төслийн ажлуудтай холбоотой элдэв шүүмжлэл, маргаантай асуудал дэгдэхэд ЦХИХХЯ-ныхан Дэлхийн банкийг нохойд барих мод болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагын санхүүжилтээр, тэдний боловсруулж, баталсан төлөвлөгөөний дагуу хяналт дор нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна гэсэн мессежийг олон нийтэд өгдөг. Сүүлд дижитал ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой хөтөлбөр олны анхааралд ороход “Төслийн зорилго, хэрэгцээ шаардлага, хэмжих үр дүнг Дэлхийн банкнаас таван жилийн өмнө боловсруулж, олон талт зөвлөгөөнийг дотоодод удаа дараа зохион байгуулж, мэргэжлийн шинжээчдийн зөвлөмжийг тусган баталсан” гэж мэдээлсэн. Угтаа энэ нь хариуцлагаас бултах, өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого юм.
Хачирхалтай нь, манайхны бамбай болгон ашиглаад буй, төслийг санхүүжүүлэгч гол байгууллагын зүгээс ч “Ухаалаг засаг”-ын хэрэгжилтийн явцад анхаарах, засаж залруулах зүйл цөөнгүй байгааг сануулсаар иржээ. Тухайлбал, Дэлхийн банкныхан уг төслийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийгээд “Хүний нөөцийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр төслийн ажил тасалдах, институтийн ой санамж алдагдах, гүйцэтгэлийн чанар муудах зэрэг бэрхшээл тулгамдаж байна” гэж дүгнэжээ. Ч.Анар тэргүүтэй технологийн салбарт ойр парламентын гишүүд ч энэ төсөлтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн дэд бүтэц, худалдан авалтын уялдаа холбоог хангах бэрхшээл тулгарч буйг хөндсөөр байна. Энэ бүгд “Ухаалаг засаг-2”ыг хэрэгжүүлэгч тал буюу манай Засгийн газар, бүр тодруулбал, ЦХИХХЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Удирдах хорооныхон илүү хариуцлагатай, хяналттай байж энэ олон ажлынхаа эрэг шургийг тохируулах, төсөв санхүүг нь үр дүнтэй зарцуулахад дорвитой анхаарах шаардлагатайг сануулж байна.
Н.Мишээл