Жишээ 1.
-Би 2021 онд ихэр хүүтэй болсон юм. Хүүхдүү дээ нэг нас хүртэл нь огт бүтэн нойртой хонож үзээгүй. Мөн гурван настай охинтой байсан учир тэднийгээ зэрэг анхаарч, халамжлах гээд амаргүй үе байлаа. Ихэнхдээ өөрөө ч мэдэлгүй том охин руугаа хашхирах, загнах, “Дүү нарыг нь арай гэж унтуулж байхад сэрээлээ” гэх мэтээр стресс, уур бухимдлаа илэрхийлдэг байсан. Охины минь зан ааш өөрчлөгдөхөд л ухаарч мэдсэн. Өөрийгөө нэг л биш байгааг анзаарч эхэлсэн. Өөдрөг, нээлттэй хүн нэг л өдөр бусадтай ярих, уулзах битгий хэл, зурвас бичих ч төвөгтэй санагдах боллоо. Зураг авхуулахаас дургүй хүрч, толинд хараад бүр их сэтгэлээр унадаг байв. Мэдээж төрсний дараах дааврын өөрчлөлт нөлөөлсөн байх.
Тухайн үед ихрүүд маань таван сартай л болж байлаа. Сүүлдээ энгийн зүйлүүдийг ч ганцаараа хийж чадахаа байсан. Сэтгэл санаа, бие махбодын хувьд маш их ядарч, туйлдсан. Нэг өдөр гурван хүүхэд маань зэрэг уйлаад, би хэнийг нь ч аргадаагүй, дунд нь уйлаад сууж байв. Тэгээд л ойр дотно хүмүүсээсээ тусламж хүсье, “Би яагаад дандаа мундаг байж, бүх зүйлийг тэвчих ёстой юм” гэж бодсон. Ингээд хөдөө сум руугаа хүүхдүүдээ аваад явсан, асрагчтай ч болсон. Ихрүүдийг асрагчтай нийлж хардаг болсноор бүтэн нойртой хонож, онлайнаар мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцаж, 10 удаагийн зөвлөгөө авсны эцэст байдал сайнаар эргэв. Харьцангуй эрт мэдэж, яаралтай арга хэмжээ авсан учир хурдан эдгэрсэн гэж боддог. Мэргэжлийн сэтгэл зүйч цээжин дээр бөөгнөрсөн, орооцолдсон тэр их зүйлийг бага багаар хөвөрдөөд л учрыг нь олоод байгаа юм шиг санагдсан. Яриад л, уйлаад л. Тэр бүрдээ эдгэрч байсан санагдана. Ийм хэцүү үед ар гэрийнхэн, найз нөхөд нь ойлгох л чухал. Хүн ер нь эхлээд би нэг л биш болчихжээ гэдгээ анзаарах, тэгээд хүлээн зөвшөөрөх, дараа нь бусдаас тусламж хүсэж чадаж байж л даван туулах юм билээ.
Жишээ 2.
-Үхэлтэй нүүр тулах гэдэг ямар их айдас дүүрэн мэдрэмж байдгийг хорт хавдар туссан хойноо мэдэрсэн. Сэтгэл гутрал гээчийг ч даваад гарсан. Сэтгэл гутралтай бараг 25 жил явсан гэдгээ би сүүлд олж мэдсэн юм. Харин 10 жилийн өмнөөс өөрийгөө сэтгэл гутралтай болохоо хүлээн зөвшөөрсөн. Урьд нь сэтгэл өвдсөн гэдгээ ойлгодоггүй явж. Хүн хүлээн зөвшөөрөөгүй зүйлтэйгээ тэмцэж, шийдвэрлэж чаддаггүй шүү дээ. Амьдрах нь үхэхээс илүү хэцүү байна гээд бодоод үз дээ. Өдөр бүр там шиг санагдаж, хэн ч чамайг сонсохгүй, өвчин, зовлон гэж харахгүй. Үнэндээ сэтгэл гутралын мэдрэмж бол надад хорт хавдраас ч хүнд байсан. Орь ганцаараа мэт мэдрэмжтэй хэчнээн хүн амьдарч байна вэ. Тэд чимээгүй байж байгаад л хорвоогоос буцдаг. Хэд нь энэ тухайгаа ярьж, тусламж авч, ард нь гарч чадсан бол.
Өдөр өдрийг аргацааж, аз жаргалгүй, хоосон мэдрэмжээ мартахын тулд өөрийгөө сатааруулах, дотроос чинь сонсогдоод байгаа “Үх, үх” гэх дуу хоолойг хэрхэн тэсвэрлэх вэ. Сэтгэл гутралаа нууж, аргацаагаад өнгөрөөхөөр хэсэг гайгүй болдог ч дахиад л сэдэрдэг. Ингэж буглаж явсаар тэсэрч, архи, дарс ууж, зориглож чадахгүй байсан амиа хорлох үйлдлийг хийдэг. Энэ бол яагаад ч амархан шийдвэр байдаггүй. Маш олон зүйлийг туулж, тэсэж тэвчсэний эцэст гаргасан шийдвэр. Гэхдээ амиа хорлохыг зөвтгөөгүй юм шүү. Ийм байдалд хүртлээ битгий яваач, нэгэндээ жаахан ч гэсэн хүндэтгэлтэй хандаач л гэж үүнийг ярилаа.
Би амиа хорлох оролдлого гурван удаа хийснийхээ дараа үхмээр хэцүү байгаагаа анх гэр бүл, найз нартаа нээж хэлсэн. Сэтгэл зүйчид очиж, ямар ч шүүлтүүргүй ярьсныхаа дараа “Надад тусалж чадна, шүүхгүйгээр сонсох юм байна” гэсэн мэдрэмж авсан. Хэцүү байгаагаа бусдад ярихаар “Хүн бүр л зовдог. Хэтэрхий завтай байгаа юм биш үү, сайхан аялаад ир” гэх зэргээр зөвлөдөг. Ийм үед хамгийн хэрэгтэй зүйл бол ямар ч шүүмж, шүүмжлэл, зөвлөгөөгүйгээр сонсох юм. Амиа хорлох оролдлого бол “Намайг авраач” гэсэн чимээгүй хашхираан. Хэдэн зуун хүн чамайг хүндлээд, хамгийн аз жаргалтай нэгний дүрд тоглоод, орой нь гэртээ хариад өөрийгөө хог, новшоор мэдрэх үнэхээр хүнд. Хэцүү бэрх амьдрал туулж буйгаа гаднаа харуулахаас илүү аз жаргалтай царайлж байгаад нуран унах нь цөөнгүй. Хамгийн сул дорой байгааг нь хэн ч хүлээн зөвшөөрдөггүй, шүүмжилж, доромжилж, гишгэлэх учраас дүр эсгэж амьдардаг. Тиймээс л нэг нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлтэй байгаарай.
Үүнийг гурван хүүхдийн ээж, эгэл жирийн эмэгтэй болон олны танил нэгэн ярьсан юм.
СЭТГЭЛ ГУТРАЛЫН ХАРИУ УРВАЛЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ
Өнгөрсөн сарын сүүлчээр 30 настай, дуучин залуу лайв хийснийхээ дараа амиа хорлосон. Өөрийгөө сэтгэл гутралтай байсан тухайгаа ярьсны дараа ийм харамсалтай хэрэг болжээ. Тэгвэл сэтгэл гутрал амиа хорлох үйлдэл рүү дагуулдаг уу, яавал сэргийлэх вэ гэсэн асуулт хариулт нэхэж байна. Манай улсад амиа хорлосон хүмүүсийн олонх нь 15-39 насныхан. Тэр дундаа 80 орчим хувь нь эрчүүд гэсэн судалгаа бий. Амиа хорлох тухай бодлоо бусадтай хуваалцсанаар сэдэл буурдаг тухай мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ талаар СЭМҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал З.Цэндсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “СЭМҮТ-ийн амбулаториор жилд 70-80 мянган хүн үйлчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх 14 тасаг, 550 ортой. Өнгөрсөн онд 10 гаруй мянган хүн хэвтэн эмчлүүлжээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй хүний тоо бол жил бүр нэмэгдэж байна. Хүнд сэтгэл гутрах шинж тэмдэг түр зуур илэрч болно. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн зарим шалтгааны улмаас хариу урвал байдлаар илэрсэн сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бие махбод хүндээр өвдсөн үед сэтгэл гутралын шинж хоёрдогчоор илрэх нь цөөнгүй. Мөн удамшлын улмаас сэтгэл гутрах эмгэг илэрч болно. F3-ын хүрээ буюу олон улсын өвчний X ангиллын тавдугаарт нь сэтгэцийн өвчин багтдаг. Архаг сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүс манай төвд үйлчлүүлэгчдийн бага хувийг эзэлдэг. Нэг ёсондоо, манай эмнэлэгт сэтгэцийн ямар нэгэн асуудалтай хүмүүс хэвтэн эмчлүүлдэг ч өвчний түвшин нь харилцан адилгүй. Сэтгэл гутралын хариу урвал гэж бий. Уй гашуу, гарз хохирол учрах гэх мэт амьдралд тохиолдсон, гэнэтийн золгүй явдлын үед хариу урвал үүсдэг. Санаа зовоосон асуудлыг шийдвэрлэсний дараа эдгэдэг. Харин тусламж авахгүй, эмчлүүлэхгүй, асуудлаа шийдвэрлэхгүй явсаар байвал сэтгэл гутрах хам шинжид өртдөг. Энэ үед сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, эмчилгээ хийлгэх, сэтгэл зүйчид хандах шаардлагатай. Нийгэм, соёлын хөгжлийн өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал сэтгэцийн тулгамдсан асуудал үүсгэдэг ч энэ нь өвчин биш. Харин шалтгаан тодорхойгүй сэтгэл гутрах эмгэг гэж бий. Эдгээрийг ялгаж, салгаж ойлгох нь зүйтэй” хэмээсэн.
БИД НЭГНЭЭ САНААНДГҮЙ ГЭМТЭЭДЭГ, ТЭГЭЭД “СҮРТЭЙ ЮМ БЭ” ГЭЖ ХЭЛДЭГ
Монголчууд бид үр хүүхдээ “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн зарчмаар өсгөж, хүмүүжүүлж ирсэн. Энэ нь нэг талдаа хүчирхийллийг хэвийн зүйл мэтээр ойлгох, сэтгэлээ илчилж ярихаас эмээх, дотроо нурж байсан ч гаднаа инээмсэглэж, дүр эсгэж амьдрахад нөлөөлдөг хэмээн сэтгэл зүйч Б.Эрдэнэтуяа ярьсан юм. Тэрбээр багадаа гэр бүлийнхээ гурван хүнийг алдаж, бүтэн өнчин болжээ. Гэр бүлээ маш их санаж, шаналж, өвдөж олон жилийг өнгөрүүлсэн байна. Бараг 20 жилийн дараа л сэтгэлийн шарх нь аньж буйг хэлсэн юм. Сэтгэл зүйч болон ойр дотно хүмүүстэйгээ уулзаж “Би аавыгаа санаад байна” гэж хэлэх нь эдгэрэх үйл явц болдог хэмээсэн. Гэвч ингэж ярихыг нь үгүйсгэж, сонсохоос цааргалж, “Нас барсан хүний тухай яримааргүй байна, март” гэж хэлдэг нь олон таарч.
“Хайртай хүмүүсээ мартаж чадна гэж үү. Нэг нь хуваалцаж байхад нөгөө нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бүгд л чухал царайлаад болж, бүтэж байгаа мэт явдаг, арай гэж сэтгэлээ нээхээр сонсоод, хань болоод өгөхийн оронд мэдэмхийрч, зөвлөгөө өгөөд шүүмжлээд эхэлдэг. Энэ нь хүнийг бүр их өвтгөдөг. Сонсож хань болох нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний нэг төрөл. Эцсийн шатанд буюу хүндэрсэн үед амиа хорлох шийдвэр гаргадаг байх. Гэхдээ амиа хорлосон хүн бүрийг сэтгэл гутралаас болсон гэж дүгнэх нь өрөөсгөл. Сэтгэл гутрал хурц мэдрэмж биш, өвдөлт, зовуурь нь удаан хугацаанд үргэлжилсээр, шантрааж буй үйл явц. Мөн согтуурсан, мансуурсан үедээ буюу огцом сэтгэл хөдлөлд автсанаар амиа егүүтгэсэн тохиолдол цөөнгүй. Сэтгэл гутралыг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж болно. Хүнд шатанд өөрийгөө хянах, барих чадвар бүрэн алдагддаг. Зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар сэтгэл зовуурьтай, шаналж, стресстэй яваад байвал энэ нь сэтгэл гутрал болж хувирдаг. Хоёр жил ба түүнээс дээш хугацаанд тогтмол шаналсаар байвал итгэл найдвараа алддаг. Сэтгэл гутралд орсон хүн нойр, хоол, бие махбодын хувьд өөрчлөгдөж, амьдрах итгэлгүй, өөдрөг үзэлгүй болсон ч ажлаа хийгээд эрүүл хүн шиг яваад байж болно. Үүнийг хөнгөн буюу дөнгөж эхлэх үе гэж үздэг. Өвдөлт, зовуурьтай мэдрэмжээ зохицуулахын тулд хүмүүс олон арга эрэлхийлдэг. Харамсалтай нь, өөрийгөө завгүй байлгах, согтууруулах ундаа хэрэглэх, цахим тоглоом тоглох зэргээр буруу арга сонгодог. Эдгээр нь бүр илүү асуудал дагуулдаг. Би өөрөө сэтгэл гутралыг туулж, эдгэрсэн хүн. Бидний багад агсам согтуу тавьдаг архичингүй айл гэж бараг байгаагүй. Үүний улмаас сэтгэл зүйн хувьд гэмтсэн хүмүүс биднийг хүмүүжүүлж, бид ч үр хүүхдээ тэр замналаар өсгөж байна. Эцэг, эхээсээ сэтгэцийн гэмтэл авсан хүн олон бий. Сэтгэл засалд “гинжийг тасалж болно” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө хүсэж, зориглож, удмаас дамжсан сэтгэлийн гэмтлийг тасалж болдог. Ядаж л хэцүү зүйлүүдээ цаасан дээр бичиж, уужуу ухаантай, амьдралын туршлагатай ахмад буурай нартай уулзаж, үг сонсож, заримд нь “Намайг сонсоод, ойлгоод өгөөрэй” гэж урьдчилан зааварчилгаа өгөөд мэдрэмжээ хуваалцаж болно шүү дээ” хэмээн ярив.
Мөн тэрбээр хүмүүс ёс суртахууны асар их доройтолд орсон. Хүн байх, нэгнээ хайрлах, энэрэх, хүнлэг чанар, бусдын хувийн орон зай, ялгаатай байдлыг хүндэтгэх зэрэг нь монголчуудад цоо шинэ зүйл байсаар байгааг дурдсан. Тодруулбал, “Бид нэгнээ санаандгүй гэмтээж байдаг. Тэгээд “сүртэй юм бэ” гэж хэлдэг. Сэтгэл өвдөж байгаагаа илэрхийлсэн нэгнийгээ “шалчгар” гэж шоолдог. Ялангуяа эрчүүдийг нийтээр нь ялгарвалан гадуурхдаг учраас монгол эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс тав дахин их. Амиа хорлолтын тоогоор манай улс Азидаа хоёрдугаарт орж байна. Заавал сэтгэл зүйчид очих биш, нийгэм бусдыг өвтгөдөг шигээ эрүүлжүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай. Хүний амьдрал хэцүү болохоор эго нь ихэсдэг. Сэтгэл зүйдээ анхаарах соёл алга, мөнгө зарцуулж сураагүй байна. Сэтгэл зүйн асуудалтайгаа хүн эхлээд нүүр тулж, үүнээсээ гарахыг хүсэх ёстой. Хүсэхгүй бол хэчнээн сайн сэтгэл зүйч байгаад нэмэргүй. Тэмцэх ёстой. Өөрөө өөртэйгөө хийх сэтгэлийн тэмцэл. Дараа нь мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, эмчлүүлэх хэрэгтэй. Түүнээс “Би л байхгүй бол бүх юм сайхан болно” гэж бодох нь төөрөгдөл юм” хэмээн тэрбээр зөвлөлөө.
БҮХИЙ Л ТАЛЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ
Харин уламжлалт анагаах ухааны эмч, сэтгэл судлаач Х.Пүрэвбадам “Сэтгэл гутрал бол хайрцаглагдсан мэдрэмж. Олон бодол төрөх эмгэг ч гэж нэрлэдэг. Сэтгэл гутралыг даван туулах байдал нь нийгмээс өөрийгөө тусгаарлах, сөрөг бодолд автах, ганцаардал, цөхрөл мэдрэхтэй ерөнхийдөө төстэй ч тухайн хүний нас, хүйс, итгэл үнэмшил, соёл иргэшил, амьдралын туршлагаас хамаарч ялгаатай талууд бас бий. Манай залуучууд сэтгэл гутралд орсон үедээ ихэвчлэн архи, тамхи, зарим тохиолдолд мансууруулах бодис хэрэглэх, мөн компьютер тоглоом тоглох зэргээр аргацааж байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд мөн л архи, тамхи хэрэглэх (охид шөнийн цэнгээний газруудад ажиллах) зэрэг байдал ажиглагддаг. Иймд гэр бүлийн суурь хүмүүжил, дотоод уур амьсгалыг дээшлүүлэх, стресс тайлах эерэг аргад суралцах, сэтгэл зүйтэй холбоотой ерөнхий суурь мэдлэгтэй байх нь чухал. Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх, нойрны хэмнэлээ алдахгүй байх, бусадтай нээлттэй ярилцаж сурах, мэргэжлийн хүнд хандах, эрүүл, зөв хооллох, хор хөнөөл багатай уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй” хэмээсэн.
Сэтгэл гутрал даамжирвал ямар их төлөөстэйг мэргэжилтнүүд хэллээ. Харамсалтай нь, манай улсын хүн амын хэдэн хувь нь ямартүвшний сэтгэл гутралтай, эсвэл СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн хэд нь үүний улмаас тусламж, үйлчилгээ авдаг гэсэн нарийн тоо, мэдээлэл алга. Олон улсад сэтгэл гутралаас сэргийлэх нь зөвхөн эмчилгээ бус, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хамтарсан цогц бодлого гэж үздэг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу олон оронд өрхийн эмчээр дамжуулан сэтгэл гутралыг эрт илрүүлж, шаардлагатай бол сэтгэл зүйч, сэтгэцийн эмчтэй холбож өгдөг байна.