- Засгийн газрын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт авчээ -
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг хоёр байгууллага зүгээр л “шүдгүй арслан” болсон. Танай хоёр байгууллагаас Засгийн газарт өгч байгаа зөвлөмжүүдийн биелэлт сүүлийн гурван жилд хэдэн хувьтай байна вэ. Зүй нь бол Засгийн газар хуульд нийцүүлэн тохируулж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл хуулийг дур зоргоороо өөрчилдөг боллоо” хэмээсэн нь гарцаагүй энэ цаг үед парламентын индрээс тавигдах ёстой асуулт мөнөөсөө мөн. Үндэсний аудитын газрынхан энэ удаад нийт 13.4 мянга гаруй асуудал, 11.8 их наяд төгрөгийн зөрчил илрүүлснээс 8.1 их наяд нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийнх, бусад нь төсөв захирагч нарт хамаарах “өр төлбөр” гэнэ.
Тухайлбал, Засгийн газрын 2025 оны санхүү гийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн үндэслэлээ тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшигчдийн шийдвэр болон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ”-ний дагуу төслийн санхүүжилтийг хувьцаанд хөрвүүлэхээр зохицуулсан ч нийт 3.3 их наяд төгрөгөөс 1.9 их наядыг нь хөрвүүлээгүй, урьдчилгаа дансанд үлдэгдлээр бүртгэгдсэн, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болон “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчаас авах нийт 376.6 тэрбум төгрөгийн авлагаас 132.3 тэрбумыг барагдуулж, 244.3 тэрбумын үлдэгдэлтэй, 61.4 тэрбумын үнэлгээтэй хөрөнгийн борлуулах үйл ажиллагаа удаашралтай байгаа” зэрэг зөрчилтэй холбон тайлбарлажээ. Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч 32 албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар олонх буюу 20 нь “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Аудитын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарт 147 албан шаардлага, 119 зөвлөмж, төлбөрийн 25 акт хүргүүлсэн бол гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэжээ.
Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулиар төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийн зарцуулалтад хараат бус хяналт тавих нь аудитын байгууллагын гол чиг үүрэг. Энэ дагуу тэд аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжөө УИХ, Засгийн газар, яамд, агентлаг болон холбогдох байгууллагад хүргүүлдэг. Гэвч аудитынхны илрүүлсэн зөрчил, өгсөн зөвлөмж, хүргүүлсэн албан шаардлагыг заавал биелүүлэх үүрэг хаана гээгддэг вэ. Ялангуяа төрийн дээд түвшний байгууллагууд, тэдгээрт алба хашдаг өндөр албан тушаалтнуудын хувьд аудитын зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг албаддаг, эсвэл биелүүлээгүй тохиолдолд улс төрийн болон хуулийн хариуцлага ногдуулдаг шууд механизм Монголд сул байгааг олон жил ярьж, шүүмжилж буй. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын байгууллага “онош”-ийг нь тогтоодог эмч хэрнээ зохих эмчилгээ хийлгэхийг шахаж шаарддаг, албадан хэрэгжүүлдэг эрх мэдэл байхгүй гэхэд болно.
2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн зөрчил л гэхэд өмнөх оныхоос 1.7 дахин өссөнийг аудитынхан саяхан албан цахим хуудастаа мэдээлсэн. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар нийтдээ 442.15 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил мөн илэрсэн аж. Тухайлбал, сангийн 2025 оны орлогыг 164.8 тэрбумаар дутуу бүрдүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн 57.8 сая төгрөгөөр оффис түрээслэн үргүй зардал гаргасан, олон жил болсон 77.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авахгүй байгаа зэрэг зөрчил илэрснийг арилгуулахаар Эрүүл мэндийн сайд болон дээрх сангийн удирдлагад шаардлага хүргүүлжээ.
Түүнчлэн Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад 358.89 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил аудитаар илэрсэн бөгөөд батлагдсан цалингийн зардлыг их хэмжээгээр хэтрүүлсэн, ажлын байрны жагсаалт, орон тоогоор батлаагүй албан тушаалын орон тоог олноор бий болгож, хавсран ажилласан цалингийн нэмэгдэл олгосон, тэгэхдээ цалин, үр дүнгийн урамшууллыг буруу тооцоолж илүү бодсон байжээ. Мөн тайлант хугацаанд МИАТ 98.2 тэрбум, Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК 21.7, Зам, тээврийн хөгжлийн төв 5.4, ИНЕГ 3.2, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ 1.6 тэрбум төгрөгийн орлого дутуу бүрдүүлж, төлөвлөгөөгөө биелүүлээгүй гэхчлэн тоочоод байвал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаасаа эхлээд Шадар сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Эрчим хүчний, Боловсролын, Сангийн сайд гэхчлэн танхимаараа “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байгаа юм.
Энэ мэтээр яамд, сайд нарын нэрс өөрчлөгдөхөөс биш, олон жилийн өмнөх аудитын зөвлөмж, дүгнэлтүүдэд тусгасан зөрчил төрийн хамаарал бүхий байгууллагуудад давтагдан гарч, ижил төрлийн алдаа дахин дахин илэрч байгааг аудитынхан өөрсдөө ч удаа дараа гомдоллосоор ирсэн. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсвийн зарцуулалт, хэрэгжилттэй холбоотой аудитуудад өмнөх зөвлөмжүүд бүрэн хэрэгжээгүй, үр дүнг нь бодитой үнэлээгүй, нэг төрлийн алдаа дутагдал он удаан жил давтагдсан талаар олонтаа дурдсан байдаг. Тэгэхээр энэ бүхэн аудитын байгууллагын хүргүүлдэг албан шаардлага, зөвлөмжийг бусад нь “нохой хуцсан” чинээ санадаггүй, хэрэгжилтэд нь шат дараатай хяналт тавих эрх зүйн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, бодит үр нөлөө багатай байгааг харуулж буй хэрэг. Наад зах нь, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухайд өмнөх жилүүдийн аудитын дүгнэлт, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж буй мэт боловч ихэнх төсвийн ерөнхийлөн захирагч гол зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг тайлагнахдаа үр дүн, нөлөөнд тулгуурлан бодитой дүгнэхээсээ илүүтэй биелэлт гаргаж ирүүлсэн бусад газар, хэлтсийн үнэлгээг зөрүүгүй хуулбарлан бичиж, үйл явц тоочин аргацаасан, санхүүжилтийг хөрөнгө оруулалтын болон бусад төлөвлөгөөтэй уялдуулаагүй, урьд онуудад хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дахин тайлагнасан зэрэг зөрчил давтагдсан хэвээр байгаа аж. Холбогдох журам, аргачлалыг мөрдөөгүй ийм биелэлтийн тайлангаас болж зорилтот түвшнийг бодитой үнэлж, тайлагнах аргагүйд хүрч, зарцуулсан хөрөнгө төсөвтэйгөө уялдсан, эсэх, үр дүнгийн сайн, муу талыг жинхэнээр нь илтгэх боломжгүй байгааг онцолжээ.
Аудитын байгууллагын шаардлага, зөвлөмжийг УИХ-ын түвшинд сонссон нэр зүүдэг ч заавал дагах албагүй, ёс төдий байгаа нь Монголын өнөөгийн тогтолцоонд Үндэсний аудитын газар нь парламентад ажлаа тайлагнадагтай холбоотой гэхэд дэгс болохгүй. Аудитын дүгнэлт УИХ-д очлоо гэхэд тухайн зөрчил, дутагдлыг гаргасан сайдыг огцруулах, төсвийн шийдвэрийг нь хүчингүй болгох, албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авах зэрэг нь автоматаар бий болдоггүй гэсэн үг. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд олон олон аудитын тайланг Төсвийн байнгын хороо, УИХ-ын холбогдох байгууллагууд хэлэлцсэн байдаг ч улс төрийн шийдвэр гаргах механизмтай хангалттай холбогдож чаддаггүйн улмаас үр дагавар нь маш хязгаарлагдмал үлдсэн тохиолдол цөөнгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд улс төрийн түвшинд хууль тогтоох дээд байгууллагад олонх болсон улс төрийн хүчин эрх мэдлээрээ түрээ барин, аудитын шалгалтын үр нөлөөг сулруулдаг нь хамгийн том шалтгаан гэдгийг судлаачид онцолж байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсны хяналт улс төрийн ашиг сонирхлын өмнө сулрах хандлагатай бөгөөд өндөр хөгжилтэй, парламентын ардчилалтай орнуудад аудитын дүгнэлт гармагц УИХ дээр хяналтын сонсгол явуулж, холбогдох сайд нар нь тайлбар өгдөг, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтийн хугацааг нарийн тогтоодог, дараагийн тайлангаар биелэлтийг нь шалгадаг байна. Монголд энэ процесс тасралтгүй, системтэй ажиллаж чаддаггүй.
Онолын хувьд Үндэсний аудитын газар нь хараат бусаар ажиллах ёстой. Гэвч Монгол Улсын Ерөнхий аудиторыг улс төрийн хүчин буюу парламентад олонхын суудал авсан эрх баригчид томилдог тогтолцоо нь аудитын байгууллагыг улс төрөөс бүрэн ангид байлгахад хүндрэл учруулдаг тухай шүүмжлэл байнга гардаг. Үүний үр дагаварт аудитын дүгнэлтийн чанарт бус, албан шаардлага, зөвлөмжийг хэн рүү чиглүүлсэн бэ гэдэг улс төрийн маргаан илүүтэй давамгайлдаг. Ингэснээр аудитын үндсэн зорилго болох төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүрэг нь бүдгэрсээр. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн хувьд аудитын дүгнэлт, зөвлөмжийн биелэлтэд тавих хяналт сул, улс төрийн нөлөөлөл талаасаа парламентын олонх өөрийн байгуулсан Засгийн газарт хатуу хариуцлага тооцох сонирхол бага байдаг. Иймээс аудитын тайлангууд жил бүр олон нийтэд шуугиан тарьдаг ч төрийн бодлого, албан тушаалтны хариуцлагад хүрэхдээ нөлөө нь эрс сулардаг. Асуудал нь аудитын дүгнэлтийг биелүүлэх институцийн тогтолцоо сул байгаад оршиж байна.
Тэгвэл энэ тохиолдолд хэрхэх талаар OECDийн орнууд болон INTOSAI-аас саяхан гаргасансудалгааны гол зөвлөмж нь аудитын байгууллагыг хэчнээн эрх мэдэлтэй болгож, шинэ бүтэц нэмж байгуулаад ч дангаараа хариуцлага тооцоход бэрхшээлтэй. Харин түүний оронд аудитын байгууллага дүгнэлтээ гаргана, араас нь Засгийн газар ямар арга хэмжээ авсан талаар албан ёсны хариу өгнө, үүний дараа парламент хэрэгжилтийг нь хэлэлцэнэ, үүнд УИХ-ын байнгын хороод хугацаатай хяналт тавина, эцэст нь дараагийн шатны аудит хэрэгжилтийг дахин үнэлнэ гэсэн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, аудитын жил жилийн тайлан, дүгнэлт бол процессын эхлэл болохоос төгсгөл биш. Монголд хэрэгжүүлж болох хамгийн боломжтой гурван хувилбарыг эцэст нь санал болгоё.
Нэгдүгээрт, Гүржийн Төрийн аудитын газар ARIS хэмээх цахим систем нэвтрүүлсний нэгэн адил аудитын зөвлөмж, шаардлага бүрийг цахим бүртгэлд оруулж, хэрэгжилтийн хувийг олон нийтэд нээлттэй болгох. Ингэснээр төрийн байгууллага бүр тэрхүү зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаарх арга хэмжээнийхээ төлөвлөгөө, хугацаа хийгээд нотлох баримтаа тухайн цахим системд нээлттэй оруулж, аудитын газар бодит цагийг нь хянаж, парламентын гишүүд ч харах боломжтой учраас “Зөвлөмжийг хүлээж авлаа” гэх мэт аргацаасан хариу биш, “Бодитоор хэрэгжүүлсэн үү” гэсэн бодит хяналт бий болно. Хоёрдугаарт, УИХын Төсвийн байнгын хорооны дэргэд аудитын шаардлага, зөвлөмжийг авч хэлэлцдэг тусгай хяналтын сонсголын тогтолцоо бий болгож, дүгнэлт бүрээр сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг тайлбар өгүүлдэг болгох нь чухал хөшүүрэгт тооцогддог байна. Гуравдугаарт, аудитын зөвлөмжийг хоёр жил дараалан биелүүлээгүй төрийн байгууллагын удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээ, гэрээний сунгалт, төсвийн нэмэгдлийг тооцохдоо хэрэгжилттэй нь уялдуулах механизм үр дүнтэй байдаг аж. Манайд бол Үндэсний аудитын газар прокурорын байгууллагынхантай хамтран ажилласнаар аудитын зөвлөмжийг үл тоомсорлохгүй хэрэгжүүлэхийн төлөө дор бүрдээ хичээдэг болсон гэх усан тайлбар, “хуурай” хариулттай л сууж байна даа.
Л.Аргамжин