ЖИШЭЭ 1.
Би нэг дагавар хүүхэдтэй байхдаа нөхөртэйгөө гэрлэсэн. Гэхдээ 2022 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тул “Одоо дуусгая, салъя” гэж шийдээд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийг шийдвэрлэхээс өмнө урьдчилсан арга хэмжээ авхуулж, гурван хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгосон боловч манай нөхөр дагавар хүүхдэд маань тэтгэлэг өгөхгүй гэж өдийг хүртэл маргаж байгаа. Хүн амын амьжиргааны доод түвшин 2023 онд Улаанбаатар хотод 313 400 төгрөг байсан бөгөөд 11 нас хүрээгүй хүүхдэд үүний 50 хувиар тооцож өгдөг учир бага хоёр хүүхдийн минь тэтгэлэг нийлээд 313 400 болдог. Нөхөр өндөр цалинтай ажил эрхэлдэг ч хоёр хүүхдийн тэтгэлгээс өөрөөр дэм туслалцаа үзүүлдэггүй. Би төрийн албанд ажилладаг. Гурван хүүхдийн хамт түрээсний байранд амьдардаг миний хувьд ийм хэмжээний тэтгэлгийн мөнгө нь хоёр хүүхдийн нэг сард хэрэглэх хоол хүнс, ахуй, аюулгүй байдлыг нь хангах, өдөр өнжүүлэхэд явуулах төлбөр, эрүүл мэндийн зардлын хаана ч хүрэлцдэггүй. Хүүхдүүдээ хайхраагүй, хариуцлага алдсан хүний өмнөөс би хохироод дуусаж буйд гомдолтой байдаг. Өдөр бүр ажлаа тараад гэр лүүгээ яаран бүхнийг болгож, бүтээх гээд хичээж байхад тэр хүн сар бүр багахан тэтгэмж төлчхөөд эрх дураараа явж байгаа нь шударга бус санагддаг. (Иргэн А)
ЖИШЭЭ 2.
Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт элэг бүтэн амьдарч байтал тэр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул одоогоос дөрвөн жилийн өмнө гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нь анх “За яах вэ, муу, сайн ч хүүхдүүдийн минь эцэг” гэж бодоод эвтэйхэн, мөнгө төгрөгийн асуудалгүй салъя гэсэн ч тэр миний саналыг зөвшөөрөөгүй. Үүгээр тогтохгүй нөхөр минь өмгөөлөгч хөлсөлчхөөд хүүхдийн тэтгэлэг өгөхгүй хэмээн гүрийж, дундын хөрөнгийг хуваах хүсэл сонирхолгүйн улмаас байр, машинаа бусдад хууль бусаар шилжүүлж, ямар нэг байдлаар хугацаа хожих гэж үндэслэлтэй, үндэслэлгүйгээр хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг байнга хойшлуулсаар өдий хүрсэн. Шүүхээс уг хүсэлтийг нь хангаж, хуралдаан хойшлох бүрд эвлэрүүлэх, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийх ажиллагаа явуулах гэх мэтээр хугацаа их алддаг. Шүүгч хэргийн материалтай огт танилцдаггүй, хурлын үеэр хавтастай цаас эргүүлсэн болоод л өнгөрдөг юм шиг. Хариуцагчийн үндэслэлгүй хүсэлтийг уухайн тас зөвшөөрч, өөрийнх нь алдаатай захирамжаас шалтгаалан дараа дараагийн ажил үргэлж уягддаг. Би цалингийн зээл авч, дөрвөн хүүхдийн хамт түрээсний байранд амьдарч, хэрэглээний бүх зардлаа зөвхөн цалингаараа болгож байна. Одоо энэ хэрэг шүүхэд очоод өчнөөн удаж байхад анхан шатны шүүх хурал ч бололгүй өдий хүрлээ. Энэ хугацаанд хүүхдүүдэд маань амьдрах, сурахаас эхлээд олон зардал гарсан ч эцэг нь огт санаа зовсон шинжгүй байгаа. Нэг ч төгрөг, нэг ч хи чээлийн хэрэглэл, хувцас авч өгөөгүй. Эцэг хүн гэдгээ таг мартсан бололтой байдаг. (Иргэн С)
ЖИШЭЭ 3.
Хүүхдийн тэтгэлэг төлөгч оршин суух хаягтаа амьдардаггүй, эрэн сурвалжилсан ч олдохгүй байх нь элбэг. Нэг талд архины хамааралтай, ажил эрхэлдэггүй учраас өөрийн гэсэн орлогогүй, тэтгэлэг авагч хүүхдийн мөнгийг зориулалтын бусаар ашигладаг хүн цөөнгүй. Түүнчлэн тэтгэлэг төлөгч нь хүндээр өвчилж, хөгжлийн бэрхшээлтэй болсны улмаас төлбөрийн чадамжгүй байх, гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй гэх шалтгаануудын улмаас хүүхдийн тэтгэлэг төлөлтийн гүйцэтгэл бага хувьтай байдаг. (Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч О)
АМЬЖИРГААНД ХҮРЭЛЦДЭГГҮЙ ТЭТГЭЛЭГ
Шүүхээр эцэг тогтоолгох, эцэг, эх байх эрх хасах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг, маргааныг шийдвэрлэсэн тоон үзүүлэлт жил бүр өсөж буй ч шүүхийн шийдвэр хангалттай хэмжээнд биелэгдэхгүй байна. Тухайлбал, хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалт гүйцэтгэвэл зохих хэмжээнийхээ 50 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, салсан хүмүүс хүүхдийнхээ тэтгэлэгт хүнийрхэж буй гэсэн үг.
Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хамтын хариуцлага хүлээх чадамж сул байгаагаас хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг хүний эрхийн байгууллагууд сануулсаар. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуульд заасанчлан гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садны хү мүүс бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй. Түүнч лэн гэрлэгчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг зөвхөн шүүх тогтоож, үүнийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар хуульчилсан байдаг.
11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй этгээдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сард нэг удаа тэтгэлэг олгодог. Хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болдоггүй. Уг хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2026 оны А/11 дүгээр тушаалаар зохицуулсан нь бий. Үүнд бичсэнээр Улаанбаатарт 543 700, баруун бүсэд 538 700, хангайд 526 200, төвийн бүсэд 522 300, зүүн хэсэгт 519 200 төгрөг гэхчлэн тогтоожээ. Монгол Улсад өргөн хэрэглээний барааны үнэ, долларын ханш нэмэгдэж, инфляц өссөөр байхад дээрх амьжиргааны доод түвшнээр тодорхойлсон хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоох нь уг тэтгэмж хүрэлцэхүйц байх шинжээ алдаж, хүүхдийн эрх, ашгийг хамгаалах зорилгодоо нийцэхгүй байгааг судлаачид шүүмжилсээр.
Тухайлбал, 11 нас хүрээгүй хүүхэд Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин болох 543 700-гийн 50 хувь буюу 271 850 төгрөгийг сард авдаг ба энэ нь нэг өдөрт 9061 төгрөг гэсэн үг. Мөн 11-16 насны хүүхэд цааш суралцаж байгаа бол 18 нас хүртэлх хугацаанд амьжиргааны доод түвшний 100 хувиар тэтгэлэг авна, харин суралцаагүй бол 16 нас хүрээд тэтгэмж авах эрхгүй болдог байна.
СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 11960 ХОС ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛЖЭЭ
ын судалгаанд дурдсанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 2023 онд 686, 2024 онд 727, 2025 онд 1050 байна. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоосон шалтгаанууд дунд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь жин дарж буй юм. Сүүлийн гурван жилд нийт 11960 гэрлэлт цуцалсны 4233 хэрэгт эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нь биелүүлэхээр 6187 хүүхдэд тэтгэлэг тогтоожээ. Энэ нь гэр бүл салалтын хохирогч нь ихэвчлэн хүүхдүүд болж буйг илтгэж байгааг мөн онцолсон байна.
Харин 2021-2025 онд шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний цөөнгүй хэрэг, маргааныг шийдвэрлэснээс харахад хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг маргааны 10 жилийн хугацааны дундаж 710 байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд 2062 болсон нь өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэлэг, хүүхэдтэй уулзах уулзалт зэргийг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол практикт түгээмэл бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалт эвлэрэх хугацаа дуусахад шүүх гэрлэлт цуцална л гэж зааснаас энэ нь шалтгаалж байна гэж үздэг аж.
Зөрчлийн тухайн хуулийн зургаадугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан нь хүүхдийн тэтгэмжийг хугацаанд нь төлөх зохицуулалт болж чадахгүй байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээс тусдаа нэхэмжлэлээр шүүхэд хянан шийдвэрлэхээс аргагүй байгаа нь асуудал. Ирланд, Австрали зэрэг улсад хамтран амьдрагчийн харилцааг хуульчилж, хамтран амьдарсан хугацаа, хаяг дээрээ тогтмол амьдарсан байдал, өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүү лээгүй байх зэргийг харгалзан үзэж, дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлэг зэргийг шийдвэрлэхээр зохицуулсан байхад манайд үүнтэй ижил зохицуулалт огт алга.
Дээрх бодит тохиолдлууд болон статистик мэдээллээс харахад Монгол Улсад гэр бүл салалт, хүүхдийн тэтгэлгийн маргаан жил бүр өсөж байгаа ч хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо нь хангалттай хэмжээнд биш байна. Цаашид хүүхдийн тэтгэлгийг эцэг, эхийн бодит орлого, хэрэгцээнд нь тулгуурлан тогтоодог болох зэрэг Гэр бү лийн тухай хуулийг цаг алдалгүй шинэчлэх шаардлага тулгарчээ.
Д.Хэрлэн