Жил бүрийн зуны эхэн сар гармагц монголчуудын өдөр тутмын ярианы сэдэв дотоодын амралтын газруудын үнэ, үйлчилгээний чанар болж хувирдаг. Жишээ нь, Улаанбаатараас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорьж буй нэгэн амрагчийн туулдаг замыг төсөөлөөд үзье. Амралтын өдрүү дэд агаар салхинд гарахаар зорьсон тэрбээр нийслэлийн түгжрэлээс арайхийж мултарлаа гэхэд эвдэрч цөмөрсөн замын нүх сүвийг тойрон тэмтэчсээр Горхи-Тэрэлжийн чиглэлд нийлнэ. Гэтэл байгалийн сайханд алжаалаа тайлах гэсэн түүнийг угтах хамгийн эхний “бэлэг” нь нэвтрэх пост байна. Автомашин бүрээс хураамж авдаг атлаа замаа засдаггүй, зам дагуу ганц ч боловсон ариун цэврийн байгууламж, хогийн цэг байгуулдаггүй нь иргэдийг аяллаа эхлүүлэхээс нь өмнө бухимдуулж орхидог.
Энэ бол зөвхөн эхлэл. Зорьсон газраа очиход дараагийн асуудлууд ар араасаа хөвөрнө. Урьдчилан захиалсан нэг хоногийн 300-400 мянган төгрөгийн үнэтэй байшин нь нийгмийн сүлжээнд нийтэлсэн зургаасаа тэс өөр байх нь элбэг. Хаалга нь гүйцэд хаагддаггүй, шал нь цөмөрчихсөн, бороо орохоор дусаал гоождог, өнгө үзэмжгүй, хуучирч муудсан модон байшин, эсвэл чийг үнэртсэн гэр угтах нь энүүхэнд. Халуун, хүйтэн усгүй, ариун цэврийн өрөө нь бохир. Тэгсэн хэрнээ үнэ нь олон улсын тансаг буудлынхтай өрсөлдөхүйц өндөр. Гар угаах саван битгий хэл, ариун цэврийн цаас ч байхгүй учраас аялагчид бүх зүйлээ бэлдэж явахаас өөр аргагүй. Энэ бол зуны турш дотоодын аялагчид төдийгүй гадаадын жуулчдад тохиолддог нийтлэг дүр зураг билээ. Эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний соёл дээшлэх бус, үнэ нь хяналтаас гарч, чанар нь улам бүр дордож буй эл гажуудал өдгөө Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн эмзэг цэг болсон.
Асуудлын гол дүр зургийг харахын тулд хөрш зэргэлдээ БНХАУ-ын үйлчилгээний стандарттай харьцуулж үзье. Хятадад жуулчдын хөлийн газар 400 юань (монгол мөнгөөр ойролцоогоор 200 гаруй мянган төгрөг) төлөөд, дөрвөөс дээш одтой, олон улсын стандартад нийцсэн зочид буудалд тухлах бүрэн боломжтой. Үүнд олон нэр, төрлийн хоолтой өглөөний цай, нэг удаагийн хэрэгслүүд (саван, шампунь, шүдний оо, сойз) болон найрсаг үйлчилгээ цөм багтана. Өрөө болон ор, дэрний цагаан хэрэглэл нь цэвэрхэн, агааржуулалт сайтай байх нь тэнд наад захын шаардлага, соёл нь.
Тэгвэл Монголд нөхцөл байдал ямар байна вэ. Өдгөө манайд 3-4 ортой муухан гэр 150 мянга, шовгор байшин 250 мянган төгрөгөөс эхэлж байна. Мэдээж үүнд өглөөний цай, нэг удаагийн хэрэгсэл зэрэг “тансаг” хэрэглээ багтаагүй. Иргэд төлсөн мөнгөнийхөө хариуд цэвэрхэн, тухтай орчин хүсдэг ч эцэст нь халаасаа гөвж, сэтгэл зүйгээрээ хохироод буцдаг. Жаахан тохилог газар хайвал ганц хоногийн 250-400 мянган төгрөг нэхдэг хэрнээ нүхэн жорлонтой, эсвэл олон гэр бүлийн дунд ганцхан бохир душ ажиллуулах нь хэвийн үзэгдэл болжээ. Зарим газар өглөөний хоолтой гэх боловч тэр нь хөрчихсөн, амт чанаргүй, порц багатай байх нь түгээмэл. Тэгсэн атлаа аялагчид авчирсан хүнсээрээ гэр, байшиндаа хоол хийж идье гэхээр амралтын газрууд нь зөвшөөрдөггүй болсон. Үүгээр зогсохгүй XXI зуунд амьдарч буйгаа мартам, цахилгаан ч үгүй харанхуй гэр, байшинд хонуулдаг газар олон бий.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИУДЫН “ШҮДНИЙ ӨВЧИН”
Дотоодын аялагчид ийнхүү “шулуулж” байхад гадаадын жуулчид болон тэднийг зуучлан авчирдаг тур оператор (аялал жуулчлалын компани)-уудын хувьд нөхцөл байдал бүр ч хүнд тусдаг. Дотоодын аялагчид ихэвчлэн богино хугацааны (2-3 хоногийн) амралт, зугаалгаар явдаг учраас амралтын газрууд тэднийг тогтвортой үйлчлүүлэгч гэж хардаггүй, нэг ирээд л өнгөрөх хүмүүс гэсэн хандлагаар харьцдаг байна. Харин жуулчид Монголд ирэхдээ ихэвчлэн урт хугацааны буюу 10-21 хоногийн хөтөлбөртэй аяллыг сонгодог аж.
Статистик мэдээллээс харахад нэг жуулчин Монголд ирээд дунджаар 1500-2500 ам.доллар зарцуулдаг бөгөөд үүнийхээ 40-50 хувийг зөвхөн байрлах амралтын газартаа тушаадаг байна. Мөн операторууд бүтэн жилийн өмнө үнээ эцэслэн тохирдог ч манай амралтын газрууд зун эхэлмэгц, эрэлт ихэссэн гэх шалтгаанаар хүссэн үедээ үнээ нэмчихдэг аж. Бүр тодруулбал, урьдчилгаа төлбөрөө авчихсан байж жуулчдын захиалгыг гэнэт цуцлах, эсвэл өөр бааз руу шилжүүлэх зэрэг бүдүүлэг үйлдэл гаргадаг байна.
Жуулчдаас “Та Монголд дахиад ирэх үү” гэж асуухад олонх нь “Үгүй” гэж хариулдаг нь гашуун үнэн. Тэд Монголын онгон дагшин байгаль, нүүдэлчин соёлд үнэхээр сэтгэл алдардаг ч хариуцлагагүй амралтын газруудын соёлгүй харилцаанаас болоод “Нэг удаа үзээд өнгөрөхөд хангалттай орон” гэсэн дүгнэлтэд хүрээд буцдаг. Үндсэндээ Монголд жуулчид тэрбумын энтэй зардал гаргаад, балар эртний үеийнх шиг үйлчилгээ авдаг бичигдээгүй хууль үйлчилдэг гэмээр.
Харамсалтай нь, байгалийн сайхныг үнэгүй “түрээслэн” хангалттай ашиг олдог амралтын газрууд эргээд байгаль орчиндоо хамгийн халтай ханддаг. Орчны хог хаягдлын нэгдсэн менежментгүй, өмхий нүхэн жорлонгууд нь хөрс, усны бохирдол үүсгэдэг. Үүн дээр нэмэгдээд өндөр төлбөр авдаг ч бэлэн мөнгөөр, эсвэл хувийн дансаар гүйлгээ хийхийг шаардаж, НӨАТ-ын баримт өгдөггүй. Түүнчлэн үйлчилгээний ажилтнууд нь мэргэжлийн бус, ихэвчлэн зуны амралтаараа ажиллаж буй оюутнууд, эсвэл нутгийн иргэд байдаг тул аялагчидтай хэрхэн харилцах, гомдлыг нь яаж шийдвэрлэх талаар ямар ч ойлголтгүй. Хэрэглэгч шаардлага тавихад өөдөөс нь уурлаж, зандрах нь бий.
Мэдээж бизнес эрхлэгчдэд ч өөрсдийгөө өмгөөлөх шалтаг, “зовлон” бий. Тэдний хэлдэг гол шалтгаан нь манай орон эрс тэс цаг агаартай учраас аялал жуулчлалын улирал ердөө 2-3 сар үргэлжилдэг явдал юм. Жилийн үлдсэн есөн сард нь үйл ажиллагаа явуулдаггүй тул энэ богино хугацаанд зардлаа нөхөж, ашиг олохоос өөр аргагүй гэсэн тайлбарыг тэд өгдөг. Түүнчлэн орон нутгийн дэд бүтэц, цахилгаан, дулаан, авто замын хүрэлцээ муу байгаа нь үйл ажиллагааны зардлыг өсгөдөг гэж гомдоллодог.
Үндсэндээ тэд өөрсдөө өвлийн аялал жуулч лалыг хөгжүүлж, дөрвөн улирлын үйлчилгээ үзүүлэх ямар ч менежмент, идэвх санаачилга гаргадаггүй байж хамаг бурууг цаг агаарт тохдог гэсэн үг. Гэхдээ энэ бүхэн нь амрагч, аялагч иргэдийг хохироож, чанаргүй үйлчилгээгээ тулгах шалтгаан яавч байж болохгүй. Хэрэв богино хугацаанд ажиллаж, амныхаа зоргоор үнээ тогтоож болдог юм бол тэр хэмжээгээрээ үйлчилгээнийхээ чанарыг яагаад сайжруулж чаддаггүй юм бэ. Аялал жуулчлалыг зөвхөн түр зуурын бизнес хэмээн харж, үйлчилгээний орчноо сайжруулахаас татгалзаж, зөвхөн ашиг олохыг урьтал болгож байгаа нь өөрөө энэ салбарын хөгжлийг боомилогч гол хүчин зүйл гэлтэй.
“ДОТООДДОО “ШУЛУУЛАХ”-ЫН ОРОНД ГАДААДЫГ ЗОРЬСОН НЬ ДЭЭР”
Хэрэв энэ мэт гажуудал үргэлжилсээр байвал эцсийн дүндээ аялал жуулчлалын салбарыг элгээр нь хэвтүүлээд зогсохгүй, улсын эдийн засаг, валютын гарах урсгалд ч асар том цохилт болно. Иргэд эх орныхоо байгалийн сайханд саатаж, валютын урсгалыг дотооддоо үлдээхийн оронд гадаадын улсуудыг зорих хандлага улам бүр эр чимжих нь аргагүй.
ҮСХ-ны мэдээллээс харахад цар тахлын дараах жилүүдэд монголчуудын гадаадыг зорих урсгал түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Тодруулбал, гадаадад зорчсон Монгол иргэдийн тоо давхардсан тоогоор 2023 онд 1.9 сая байсан бол 2024 онд 2.4, 2025 онд 2.6 сая, харин энэ оны байдлаар улам бүр өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, дотоодын аялагчид үнийн хөөрөгдөл, тухгүй орчноос дайжиж, ижил зардлаар БНХАУ, Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг орныг зорихыг илүүд үзэх болсон нь эл тоо баримтаас бэлхнээ харагдана. Хөвсгөл, Тэрэлжид гэр бүлээрээ аялж, чанаргүй үйлчилгээнд олон сая төгрөг “цацаж” байхаар бараг ойролцоо үнээр олон улсын стандартад нийцсэн дөрвөөс дээш одтой буудал, нислэг, өглөөний цай нь багтсан Зүүн өмнөд Азийн орнуудын багц аяллыг сонгож буй иргэдийг ч буруутгаж боломгүй.
Манай улс аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн тунхаглаж, гадаад сурталчилгаанд олон сая ам.доллар зарцуулж буй. Тэгсэн хэрнээ наад захын хэрэгцээ, шаардлага, тав тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байж гадаадын жуулчдыг урьж залаад ямар нэмэр байх билээ. Өөрийн орны иргэддээ хоногийн 350 мянган төгрөгөөр эвдэрхий “амбаар” шахдаг үйлчилгээний салбар жуулчдыг татна гэдэг юу л бол.
Үүний зэрэгцээ төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдийг зөвхөн торгох, хаах гэсэн явцуу аргаар дарамтлахаа зогсоох хэрэгтэйг салбарынхан онцолж байна. Аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтцийг нь шийдэж өгөөгүй байж, аж ахуйн нэгжүүдээс өндөр стандарт нэхэх нь нэг талаас шударга бус. Төрийн энэ харалган шахалтын хариуд бизнес эрхлэгчид урсгал зардлаа нөхөхийн тулд үнээ улам нэмдэг бөгөөд эцсийн дүндээ иргэд, жуулчид л хохирч үлддэг нь үнэн.
Тиймээс эл “чөтгөрийн тойрог”-ийг таслахын тулд төрөөс урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, татварын уян хатан орчин бүрдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах шаардлагатай аж. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох байгууллагуудаас амралтын газруудад үйлчилгээнийх нь зэрэглэлд тохирсон үнийн дээд хязгаар тогтоох шаардлагатайг иргэд хэлж байна. Мөн салбарын холбоод улирлын чанартай ажиллах богино хугацааны ажилтнуудыг чадавхжуулж, харилцааны соёлд сургах сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй аж. Үндсэндээ амралтын газрын эзэд богино хугацаанд хурдан баяжих гэсэн шунахай сэтгэлгээнээсээ салж, үйлчилгээнийхээ стандарт, соёл, чанарт анхаарахгүй бол Монголын аялал жуулчлал “тэнгэрт хадсан” үнийнхээ сүүдэрт дарагдахад ойрхон байна.
Э.Сүйлэн