УИХ-ын Төсвийн байнгын хорооноос саяхан зохион байгуулсан “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголтой зэрэгцээд нийслэлийн ИТХ энэ жилийн төсвөө хоёр дахиа тодотгохоор эхний хэлэлцүүлгийг хийж байлаа. Дээрээ нэгдмэл төрийн “төмөр нударга”-тай, дэргэдээ ард чилсан орны эрх чөлөөт иргэдийн түмэн нүд, буман чих сонсголыг хоёр өдрийн турш ажиглаж, чимээ тавин сонордож байхад Яармагт “өрх тусгаарласан” хотын парламентын төлөөлөгчид тансаг саарал ордондоо татвар төлөгч бидний мөнгийг дахиад яаж үрэн таран хийх вэ гээд хуралдаж суудаг. Мөн егөөтэй төр, “ерөөлтэй” давхцал, ёроолгүй даапаалал байгаа биз.
Туулын хурдны замыг 2024 онд 916 тэрбум төгрөгөөр барих тооцоог анх хийсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын даалгавраар хэдхэн сарын дотор “Урьдчилсан зураг төсөв” гэгч нэрийн дор төсөвт өртгийг өөрчилж, 1.9 их наяд буюу хоёр дахин нэмсэн байдаг. Гэвч хэдхэн хоногийн дараа төсвийг дахиад магадлангаар оруулж 400 тэрбумыг нэмснээр өнөөгийн яриад буй 2.38 их наядад хүргэсэн. Хамгийн гол нь Монгол Улсын ямар ч хууль, журамд байхгүй “Урьдчилсан зураг төсөв” гэдэг нэр томьёонд тулгуурлаад магадлан хийж, энэ төслийн дүнг маш богино хугацаанд огцом нэмж мундагдаад яваад байхад гол хяналт тавих ёстой төлөөллийн байгууллага нь ямар ч протокол тэмдэглэлгүй удаа дараа тогтоол баталсныг ерөнхий хяналтын сонсголыг даргалсан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал онцолж байв. Тэрбээр “Сэлбэ” дэд төвийн төслийг мөн төр хэрэгжүүлэхдээ барилга, байгууламжуудыг хувийнхнаас асар өндөр үнэтэй барьсны зэрэгцээ хятад компаниудыг илт дэмжсэн нь хэл ам дагуулсаар байгаа. Энэ мэтчилэн Туулын хурдны зам, “Сэлбэ” дэд төвийн төсөл нь асар их мөнгөний цаана хулгай луйвар хийх нөхцөл болж өгчээ” хэмээсэн байна лээ. Мега төсөл ярьж попорсон 2024-2026 оны хооронд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 3.8 дахин нэмэгдсэн хэрнээ ямар ч хяналт, сахилга бат байхгүй, зарцуулалт нь ил тод биш, хэрэгжилт нь хууль тогтоомжид нийцээгүй зэрэг олон зөрчил дутагдлыг нийгэмд илчилсэн шинжээч, оролцогчдын үг хаана хүрч, сонсголын үр дүн хэзээ, хэрхэн гарахыг таашгүй.
ХОТЫН ПАРЛАМЕНТ ТӨСВӨӨ ГУРВАН САР ТУТАМД ТОДОТГОЖ БАЙНА
Энэ зуурт харин Яармагийн “саарал ордныхон” нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өнгөрсөн даваа гарагт баталж амжив. 1.6 сая оршин суугчтай хотын төсвийн асуудал учраас ёсыг бодож жижүүрийн асуулт тавьсан ганц нэг төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн энэ удаагийн төсвийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх хүрээнд төсвийг тодотгож байна. Эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1 коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас МАН-ын бүлэг яриад нэмэлтээр тусгасан. Мөн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай төсвийг нэмж тавьсан” гэх зэргээр хариулт өгчээ. Хоёрхон сарын өмнө баталсан төсвөө тодотгож, түүндээ дахиад гуравхан сарын дараа нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр Улаанбаатар хотын төсвийг жилд 3-5 удаа өөрчилдөг “уламжлал” тогтоосон нийслэлийн МАН-ын хорооныхон олонхоороо хүч түрсээр одоо бүр долоо хоногийн өмнө ИТХ-даа оруулж танилцуулсан төслөө хүртэл зассанаа юман чинээ тоохоо больж.
2025 оны батлагдсан төсвөө нийслэл дөрвөн удаа тодотгосон, энэ жилийнхийг хагас жилд хоёр удаа засаж байгаа бол асуудал нь татвар төлөгчдийн мөнгийг тэд ямар ч төлөвлөлтгүй, хяналтгүй, хариуцлагагүйгээр захиран зарцуулдаг болсон гэсэн үг. Энэ удаагийн баталсан төсвийн тодотголын мэдээллийг нь авах гээд холбогдохоор нийслэлийн ИТХ, ЗДТГ-ын хэвлэлийн албаныхан хоорондоо шидэж “чулуу хөөлгөөд” халгаасангүй. Төсөв бол хотын хөгжлийн урт, дунд богино хугацааны төлөвлөгөөний зураглал. Гэтэл энэ зураглалаа нийслэл гурван сар тутамд ахин дахин өөрчлөөд байгаа нь хотыг төлөвлөлтөөр биш, туршилтаар удирдаж буй хэрэг. Нийслэлийн ИТХ-ын хамгийн чухал ажлын нэг бол төсөв батлах учраас энэ тохиолдолд төлөөлөгчдөөс гарцаагүй хариуцлага нэхэх ёстой.
ДАВХАР АЛБА ХАШИЖ БАЙСАН 43 ТӨЛӨӨЛӨГЧИЙН ДӨРӨВ НЬ Л АЖЛАА ӨГЧЭЭ
Нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанар нь иргэдийн итгэж сонгосон төлөөлөгчид гүйцэтгэх засаглал буюу Засаг даргаа хянаж, олон нийтийн дуу хоолойг төрд илэрхийлэн, тэдний өмнө хариуцлага хүлээхэд оршдог. Гэтэл иргэдийн эрх ашгийг төлөөлж, тэдний өмнөөс хяналт тавих ёстой нийслэлийн ИТХ нь хотын захирагчийнхаа үйл ажиллагааг хянах биш, харин ч дур зоргоороо авирлах эрх олгож, шийдвэрийг нь баталгаажуулдаг байгууллага болж хувирсан. Хотын парламентад сууж буй 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийтдээ 104 суудал эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн 65 нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн тухай саяхны сонсголоор шинжээч мэдээлсэн. Тодруулбал, төлөөлөгч Г.Батзориг, Т.Даваадалай нар нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой таван хуулийн этгээдийн ТУЗ-д ажиллаж байгаа бол А.Амартүвшин, С.Даваасүрэн, Т.Батцогт, З.Төмөртөмөө нар дөрвөн ТУЗ-д дарга, гишүүний алба давхар хашдаг. Харин Д.Ихбаяр, Л.Ариунтуяа, Ж.Батбаясгалан, Ц.Баттөр, Ч.Батзориг, Б.Мөнхбат, Б.Мягмар, Т.Отгонболд, Б.Сэмжидмаа, Б.Хуягбаатар, Э.Энхтөр, Л.Хосбаяр, Ч.Мэндбаяр нар нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой гурван хуулийн этгээдийн ТУЗ-д дарга, гишүүнээр ажиллаж байгаа аж.
Ерөнхий хяналтын сонсголын дараа ямартай ч нийслэлийн ИТХ-ын дөрвөн төлөөлөгч буюу Б.Ану-Үжин, Л.Хосбаяр, Б.Мөнхбаатар, Б.Мөнхбат нар өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгч, давхар хашиж байсан нийслэлийн өмчит компанийн Удирдах зөвлөл, ТУЗ-ийн дарга, гишүүний ажлаасаа чөлөөлөгдөв. Харин үлдсэн 39 төлөөлөгч, тэр дундаа хамгийн олон хуулийн этгээдийн “толгой”-д заларч буй 18 төлөөлөгч сандал суудалтайгаа тас зууралдах уу, эсвэл ганц нэгийг нь өгөх үү, яах вэ гээд эргэлзэж байх зуурт загасны ой санамжтай монголчууд асуудлыг таг мартаж, тэднийг өршөөн хэлтрүүлээд өнгөрлөө.
Сонгосон иргэдийнхээ эрх ашгаас илүү намдаа үйлчилж, намынхаа шийдвэрт захирагддаг төлөөлөгчид хяналт тавих ёстой байгууллагынхаа цалингийн сүлжээнд орж “барьцаалагдсан” ийм тохиолдолд нийслэлийн ИТХ-ыг тараах үндэслэл, шаардлага, “болзол”- ыг бүрэн хангасан гэж үзэж болохоор байна. Манай хотын парламентын 45 төлөөлөгч нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн үүргээ биелүүлэх чадамжгүй байгаа нь өнөөдрийн нийслэлийн ИТХ угаасаа аль хэдийн бодит утгаараа тарчихсан гэсэн үг биш үү.
НИЙТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГУРАВНЫ ХОЁРООС ДООШГҮЙН САНАЛААР ТАРААХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйл буюу Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох гэсэн 36.1.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсан бол Хурлын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүйн саналаар тухайн Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол” гэж тодорхой заасан. Төлөөлөгчид нь өөрсдөө ИТХ аа тараах санал оруулж, олонх нь дэмжсэн бол тарж, “Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд сонгуулийг 30 хоногийн дотор холбогдох хуульд заасны дагуу товлон зарлана” гэдэг хууль, эрх зүйн зохицуулалт бол байна. Гэвч нийслэлд сүүлийн гурван сонгууль дараалан ялалт байгуулсан эрх баригчид албан тушаал, эрх мэдэл, олз омог, ашиг хонжооны төлөө яаж ч хоорондоо муудалцлаа гээд хүзүүндээ өөрсдөө дүүжлүүрийн олс уяад зогсож буй “сандлаа” өшиглөх дайны эр хар зоригтон МАН-д үгүй л болов уу.
Нийслэлийн ИТХ-ыг тараах бас нэг үндэслэлийг дээрх зүйл заалтад “анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй, хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60- аас дээш хоног өнгөрсөн бол тухайн Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргасан бол” гэжээ. Гэхдээ эдгээр нь нэг нам бүх шатанд засаглаж буй сүүлийн 10 гаруй жилийнх шиг нөхцөлд төлөөлөгчдийн үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хуулийн шахалт болохгүйг бид хангалттай харлаа.
ДАВАРСАН ИТХ-Д ЗАСГИЙН ГАЗРЫН “ДАРУУЛГА” ЧУХАЛ
Иргэдийн засаглал буюу нутгийн өөрөө удирдах ёсны институцэд системийн доголдол, авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл газар авч, удирдлагын болон төлөөллийн зарчим алдагдсан бол тухайн байгууллагыг хугацаанаас нь өмнө татан буулгах, эсвэл Засгийн газраас нь шууд хяналт тогтоодог жишиг олон улсад цөөнгүй бий. Тухайлбал, Европын хамгийн том орон нутгийн захиргааны нэгд тооцогддог Бирминхам (Birmingham) хотын зөвлөлийн олон жилийн санхүүгийн буруу удирдлага, зарцуулалт, их хэмжээний өр төлбөр, төсвийн хяналтын алдагдлаас болоод 2023 онд Британийн Засгийн газар эрх мэдлийнх нь ихээхэн хэсгийг хяналтдаа авч, асуудлыг ном журамд нь оруулж байжээ.
Ливерпүүл хотын ИТХ-ын байгууллагад ч 2021 онд ийм явдал тохиосон бөгөөд тендерийн луйвар, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ноцтой дүгнэлт шүүхээс гаргасны улмаас Засгийн газар нь тусгай комиссар томилж, нутгийн захиргааны байгууллагын олон чиг үүргийг өөртөө төвлөрүүлсэн удаатай. Түүнчлэн Италийн Засгийн газар 2012 онд зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига нэмэгдсэн, мафийнхан орон нутгийн удирдагчдын шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг үндэслэлээр мужийн төв болох Reggio Calabria хотын ИТХ-ыг тараасан нь анхны томоохон тохиолдол гэж үздэг байна. Үүнээс хойш далайн эргийн голдуу хэд хэдэн хотын нутгийн өөрөө удирдах байгууллагыг иймэрхүү шалтгаанаар тарааж, оронд нь Засгийн газраас томилогдсон комиссар ажиллуулах замаар олон асуудлыг засаж байжээ.
Тэгвэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын парламентад сонгогдон ажиллаж буй төлөөлөгчид дунд ч авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон, шалгагуулж, эхнээсээ зарим нь саатуулагдаад байна. Туулын хурдны замын төслийн сонгон шалгаруулалт дээр гэхэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүн гэр бүл, ах дүүсээрээ хэрэгт татагдсан явдал нь асар өндөр дүнтэй мега төслүүдийн зураг төсөв, санхүүжилт, хөрөнгө оруулалт, тэдгээрийн тендер зохион байгуулалт, газар, өмчлөл, бүртгэлийн будилаантай олон асуудалд төлөөллийн байгууллага бодит хяналт тавьж чаддаг уу гэсэн асуултыг эрхгүй тавихад хүргэж байна. Чаддаггүй бол хяналтыг хэн, хэрхэн тавих тухай одоо л ярих цаг шүү дээ.
Л.Аргамжин