Монголчууд цөлжилт, газрын доройтолтой тэмцэнэ гээд дээр, дооргүй бужигналдаж, хаа сайгүй мод, бут тарьж байхад үүний эсрэг талд шороон шуурга хэмээгч аюул улам “хүчирхэгжиж”, бидний хамгаалж, тордож ургуулсан бүхнийг бага багаар “залгиж” байна. Манай орны хэмжээнд 2020 оноос хойш шороон шуурганы давтамж эрс ихсэж, агаарт дэгдэх тоосны хэмжээ гуравхан жилийн хугацаанд 5.7 саяас 40.3 сая тонн болж нэмэгдсэнийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид мэдээлэв. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Экологи, байгаль орчин, нөөцийн баруун хойд хүрээлэнгийн судлаач Ю Син “Төв болон Зүүн Азийн шороон шуурганы үйл явц дахь эх үүсвэрийн шилжилт ба оролцоо” сэдэвт судалгааныхаа хүрээнд ийм тооцоолол хийсэн нь өдгөө олон улсын анхаарал татаж байна. Судлаач энэ талаарх өгүүллээ “Science China earth sciences” сэтгүүлд хэвлүүлсний дараа Америкийн шинжлэх ухааныг дэмжигч нийгэмлэг (AAAS)-ээс эхлээд уур амьсгал, гамшиг судлалын томоохон хэд хэдэн байгууллагынхан онцлон мэдээлжээ.
Ю Синий ахалсан судалгааны баг WEPS (Wind erosion prediction system) буюу салхины элэгдлийг урьдчилан таамаглах системийг ашиглан, 2020-2023 оны хооронд гарсан 136 удаагийн томоохон шороон шуурганы өгөгдлийг нарийвчлан тооцоод тоосны хэмжээ гурван жилд долоо дахин нэмэгдсэнийг тогтоосон аж. Судлаач үүгээрээ Монгол орны газар нутаг, тэр дундаа говь цөлийн бүс нь Төв болон Зүүн Азийн цөлжилт, шороон шуурганы гол эх үүсвэр болж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолжээ.
Шороон шуурганаас үүдэлтэй тоосны хэмжээг ингэж нарийвчлан тогтоосон судалгаа ховор тул 40.3 сая тонн хэр их болох нь хүмүүст төсөөлөгдөхгүй байж магадгүй. Төсөөлөлд ойртуулах үүднээс цөөн жишээ дурдъя. Барилга, газар шорооны ажилд хамгийн түгээмэл ашигладаг, бидний сайн мэдэх “Howo” машин гэхэд 40 тоннын даацтай. Тэгвэл 40.3 сая тонн шороог багтаахын тулд нэг сая гаруй ийм машин хэрэгтэй гэсэн үг. Энэ тоосыг Монгол Улсын хүн амд хуваавал нэг иргэнд дунджаар 11.5 тонн “ачаа” ногдоно. Хүн болгоны толгой дээр 2-3 ширхэг “Жийп” машины жинтэй дүйцэхүйц тоос шороо дэгдэж байна гээд төсөөл дөө. Ийм их “ачаа” байгальд ямархан хэмжээний хор хохирол учруулах нь ойлгомжтой.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн доктор, профессор А.Хауланбек “Цөлжилтийн эцсийн шатны илрэл бол шар шороон шуурга. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд шороон шуурганы давтамж жил ирэх тусам үлэмж нэмэгдэж байгаа” хэмээсэн юм. Шороон шуурга нь нэг төрлийн байгалийн үзэгдэл хэдий ч цөлжилт, газрын доройтол ихсэж, хөрсний чийг, ургамлын бүрхэвч зохистой хэмжээнээс алдагдах тусам эрчимжиж, гамшигт үзэгдлийн түвшинд хор уршиг учруулдаг байна. Иймд шуурганы давтамж, учруулж буй хор хохирлоор нь тухайн бүс нутаг хэр зэрэг цөлжсөнийг шинжиж, үнэлж болдог ажээ.
Ю Синий дээрх судалгаанд “Өмнө нь Төв ба Зүүн Азийн шороон шуурганы гол эх үүсвэр нь Хятадын Такламакан цөл байсан бол сүүлийн жилүүдэд Монголын говь руу шилжээд байна. Энэ бүс нутагт шороон шуурганы давтамж, эрчим 2000-2020 онд харьцангуй тогтвортой байсан бол 2020 оноос хойш эрс идэвхэжсэн. Зүүн Азид тохиосон элсэн болон шороон шуурганд Монгол орны газар нутгаас дэгдсэн тоосны эзлэх хувь жил ирэх тусам өсөж байна. 2000-аад оны эхэн үед энэ үзүүлэлт 43 хувь байсан бол одоо 53 хувьд хүрч нэмэгдсэн. 2022 онд тохиосон хүчтэй элсэн шуурганы үеэр агаарт хөөрсөн нийт тоосны 62 хувь нь Монголын говь, хээрийн бүсээс дэгдсэн болохыг салхины элэгдлийг урьдчилан таамаглах системийн аргачлалаар тогтоосон. Хятадын хойд бүс нутагт хаврын улиралд эрс ихэсдэг бүдүүн ширхэгт тоосонцрын бохирдлын 42-64 хувь нь Монголоос эхтэй байна. 2023 оны дөрөвдүгээр сард Зүүн Азийн бүс нутгийг хамарсан “супер” элсэн шуурга болсон. Энэ үеэр Хятадын хотуудыг нөмөрсөн их тоос шорооны 60 хувь нь хөрш орноос нүүж очсон. Эцэст нь дүгнэхэд, Монголын цөлжилт, хөрсний эвдрэл нь ганц улсын асуудал бус, бүс нутгийн хэмжээний экологийн сорилт юм. Монголын шороон шуурга Хятад, Солонгос, Япон улсын агаарын чанарт шууд нөлөөлдөг” гэжээ.
Манай улс 2004 оноос улсын хэмжээнд цөлжилтийн үнэлгээ хийж эхэлсэн. Хамгийн сүүлд 2015 онд хийсэн судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжсөнийг тогтоосон юм. Өдгөө ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн тав дахь удаагийн үнэлгээг хийж байна.Үүнд үндэслэн цөлжилтийн атлас боловсруулах юм билээ. 10 гаруй жилийн дараах үнэлгээний үр дүн ямар өөрчлөлттэй гарах вэ гэдэг чиг баримжааг өмнөд хөршийн эрдэмтний дээрх судалгаа урьдчилаад өгчихлөө. Харин бид үүний мөрөөр юу хийж чадах вэ.
Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр олон улсын түвшинд томоохон санаачилга (“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил гэх мэт)-ууд гаргаж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй ч бодит байдалд байгаль орч ны үзүүлэлтүүд нь ийнхүү дордсоор. “Энэ л дориун” гээд жишээ болгоод үзүүлчхээр ажил бидэнд алга. Энд тэнд хэсэг бусаг газарт мод, бут тарьж байгаагаас биш, БНХАУ-ын Ниншя, Кубучигийн жишгээр цөлжиж доройтсон газрыг “ногооруулж”, эмчилсэн үлгэрлэл алга. Тийм ч учраас зарим судлаач “Цөлжсөн газар нутгаа хэмжиж тогтоох бус, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг үнэлэх нь илүү чухал” хэмээж байна.
Залуу судлаач Б.Энхсайхан “Цөлжилтийн нөлөөгөөр эрчимжиж байгаа шороон шуурганы сөрөг нөлөөг бууруулахын тулд газрын доройтолтой үр дүнтэй тэмцэх хэрэгтэй. НҮБ-ын Газрын доройтлыг тэглэх стратеги (Land degradation neutrality) шиг алхамчилсан тодорхой төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Хүрэх ёстой цэгээ тодорхойлно гэсэн үг. Ингэхгүй бол 5-10 жил тутамд цөлжилтийн үнэлгээ хийж, нэг тоо гаргаад л явдаг жишиг тогтох нь. Хэрэгжүүлсэн төсөл, хөрс хамгаалах ажлынхаа үр дүнг бодитоор хэмждэг болох нь стратегийн чухал шилжилт” гэсэн юм.
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажлууд хийхгүй бол агаарт дэгдэх тоосны хэмжээ цаашид ч сая сая тонноор нэмэгдэж, байгаль орчин болон хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх шороон шуурганы хор нөлөө даамжрах эрсдэлтэйг тэрбээр сануулав. Сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их хор хохирол дагуулсан шороон шуурга 2021 оны гуравдугаар сарын 13-15-нд тохиожээ. Энэ үед Монгол орны нийт нутгаар хүчтэй салхи дэгдэж, шороон шүуурга боссон юм. 12 аймгийн 51 сумд 706 хүн төөрч, алга болсноос 10 нь амиа алдсан байна. Хүчтэй шуурганы улмаас ОХУ-аас баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч дамжуулдаг агаарын шугамын тулгуур багана хэд хэдэн байршилд унасан билээ. Ганцхан удаагийн гамшигт үзэгдлийн улмаас манай улсад 2.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсныг “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-д дурдсан байна. Эндээс бид цөлжилтийн эцсийн шатны илрэл болсон шороон шуурга хэмээх үзэгдэл иргэдийн амьдралд бодитоор хэрхэн аюул занал учруулж байгааг харах боломжтой. Бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн арвин соёл уламжлалтай, байгалийн олон хэв шинж бүхий экосистемийн зохилдлоготой манай улс нэгэнтээ тоосны орон болжээ.