Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Хүн амын нягтшил ихтэй газрууд болон хотын төвийн бүсэд орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай өндөр барилга барих зөвшөөрөл дахиж олгохгүй. Хотын төвд олгосон газруудыг шалгуулахаар нийслэлийн Засаг даргын дэргэд шуурхай ажлын алба байгуулсан. Хууль, журам зөрчиж олгосон газруудын эрхийг цуцалж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн зориулалттай хэсэг болгоно” хэмээн өмнөх дарга нарын л адил попорлоо. Үнэндээ улаанбаатарчууд нийслэлийн удирдлагуудын энэ мэт нялуун амлалт, хөндий хоосон саймшралыг пологттолоо сонссон, ам, ажлынх нь зөрүүг алхам тутамдаа харж, мэдэрч буй тул шинэ даргын уянгалалд автсангүй.
Хэрэв нийслэлийн удирдлагууд хэлж ярьдаг шигээ газрын хулгай, тусгай зөвшөөрлийн наймаа, замбараагүй барилгажилттай тэмцдэг байсан бол өнөөдрийн Улаанбаатар арай ч ийм өнгөтэй байхгүй. Нийслэл хотын маань нүүр царай болсон төв хэсэг ч ингэтлээ өндөр барилгад эзлэгдэхгүй байв. Үгүй гэвэл Бага тойрууг хар л даа. Хотын зүрхэн цэг болсон, хамгийн олон түүхэн дурсгалт барилга, байгууламжтай гэгддэг эл хэсгийг дахин төлөвлөх нэрээр сүүлийн жилүүдэд хэрхэн самарч, худалдаа, үйлчилгээ, нийтийн зориулалттай байр сууц хэчнээнийг босгож орхив оо. Уг нь хотын дарга нарын хамгийн их “анхаарал халамж” тавьдаг, хуучин төрхөөр нь хамгаалж үлдэнэ гэж ярьдаг бүс энэ юм шүү дээ.
Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1-6, Сүхбаатарын 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах газрын хэмжээ 243.3 га. Нийслэлийнхэн 2015 онд Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, дахин төлөвлөх ТЭЗҮ-ийг боловсруулахдаа энэ хэсгийг Улаанбаатар хотын түүхэн орон зай, дүр төрхийг хадгалсан, хүн амын төвлөрөл багатай төв бүс болгох зорилт тавьсан. Ингэхдээ Их, Бага тойрууг гэр хэлбэрийн модон дуганын уламжлалт төлөвлөлттэйгөөр хадгалах, үүнийг халхлахаар өндөр буюу зургаагаас дээш давхар бариулахгүй гэсэн шийдвэрийг тухайн үеийн хотын удирдлагууд гаргасан юм. Гэсэн ч эл шийдвэр биеллээ олоогүй. Хотын аль ч дарга үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Нийслэлийн удирдлагууд дахин төлөвлөх, хотын өнгө төрхийг өөд нь татах нэрээр өнөөх “модон дугана”-ынхаа гадна талыг бужигнуулж дуусгаад, одоо доторхыг нь сүйдлэх шиг болж байна. Хуучны өнгө төрхөөр нь хадгалж, хамгаалж үлдэх газрын хэмжээ ч жилээс жилд үлэмж багассаар.
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд мөн л “Их, Бага тойрууг гэр хэлбэрийн модон дуганын уламжлалт төлөвлөлттэйгөөр хадгалж, түүхэн дурсгалуудад хамгаалалтын зэрэг тогтоон, архитектурын чуулгуудыг хамгаалалтад авна” гэж тусгасан. Тэгвэл энэ ажлын хүрээнд Бага тойруугийн архитектурын чуулга бүхий газрын хэмжээг 33.7 га-гаар тогтоож, ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр нийтийн зориулалттай, 2969 өрхийн 72 орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулах болсныг Хот байгуулалт, хөгжлийн газрынхан мэдээллээ. Бага тойруугийн үнэ цэнтэй газруудын хэмжээ хэрхэн хумигдаж, эсрэгээрээ буулгаж сүйдлэх барилга, байгууламжийн тоо яаж нэмэгдэж буй эсрэгцлийг эндээс харж болно.
“Хүнсний IV дэлгүүр”-ийн барилгыг дахин төлөвлөх нэрээр ийнхүү буулгаж, хашаалаад байна
Нэг жишээ дурдъя. “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр” хэмээх нэршлээр нь бидний сайн мэдэх, нийтийн зориулалттай орон сууцын барилгыг дахин төлөвлөлт нэрээр буулгаж, газрыг нь олны хөлөөс тусгаарлан хашаа татаад байна. Угтаа энэ нь нийслэлчүүдийн хувьд зөвхөн худалдаа, үйлчилгээний цэг бус, түүхэн, үнэ цэнтэй байгууламж байсан юм. Хэдий албаныхан “Тус барилгын өндрийг нэмэлгүй, архитектурынх нь анхны хэв шинжийг алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адил төлөвлөнө” гэж ая тал зассан тайлбар, мэдээлэл түгээж буй ч үүний суурин дээр 25 давхар орон сууц барих сураг чимээ, зураг төсөл хэдийн гарсныг учир мэдэх хүмүүс хэлэх болов. “Хүнсний дөрөв”-ийн суурин дээр худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга босох нь цаг хугацааны асуудал бололтой. “Архитектурын дурсгалаа хамгаална” хэмээх дарга нарын амлалт нидэр дээрээ хэрхэн хэрэгждэг, цаанаа ямар чиг зорилготой байдгийг энэ жишээ дахин харуулав.
“Хүнсний IV дэлгүүр”-ийн эргэн тойронд өрнөж буй ажлуудаас манай хотын төв, Бага тойруу орчим хэр эрчимтэй барилгажиж байгааг тод томруун харах боломжтой. Уг дэлгүүрийн газартай залгуулаад, зүүн талд нь 21 давхар барилга барихаар газар шорооны ажил эхлүүлснийг тэндхийн оршин суугчид хэлж байна. Цаахна талд нь “Дашчойлин” хийдийн баруун хойно мөн худалдаа, үйлчилгээний зориулалттай хоёр барилга зэрэгцүүлэх шахам барьж эхэлсэн. Хотын дарга асан Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа Эмийн үйлдвэрийн хуучин барилгыг албадан нурааж, газрыг нь дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргаснаар тэнд хувийн хэвшил үйлчилгээний зориулалттай орон сууц сүндэрлүүлэх суурийг тавьжээ. Яг ийм байдлаар гэв гэнэт актлагдаж, өндөр барилгад орон зайгаа булаалгасан газар нийслэлийн төв талбай, “Хүнсний IV дэлгүүр” орчимд цөөнгүй. МУИСийн III байр буюу Хууль зүйн сургуулийн барилга, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар буюу М.Горькийн нэрэмжит номын сангийн байр, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга гээд дурдвал дуусашгүй. Их, Бага тойрууд зургаагаас дээш давхар барилга бариулахгүй гэсэн бодлого, шийдвэр утгаа алдлаа.
Хотын төв талбайн баруун талд, “Хангарди” ордонтой хаяа залган орших нийслэлийн засаг захиргааны I байр буюу ЗДТГ-ын хуучин барилгыг засаж тохижуулан “Хүүхдийн ордон” болгох шийдвэрийг Засгийн газрын тэргүүн гаргасан. Өмнө нь энэ газарт 300 ортой, зургаан давхар зочид буудал барихаар төлөвлөж, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төсөлд багтаагаад байв. Зочид буудал барихаар шийдвэрлэхдээ уг барилгын хуучирч, муудсаныг нь гайхширч байсан улс өдгөө хүүхдийн ордон болгож тохижуулахдаа тулахдаа “өмнө нь үйл ажиллагаа хэвийн явуулж байсан учраас шууд ашиглахад гэмгүй” хэмээн өөд татаж байна. Суурин дээрээ эргэж буцаж буй энэ үйлдлээс л манай дарга нар нийслэлийн төв хэсэг дэх хуучны хэдэн барилгыг юу гэж ч хэлж, яаж ч хувиргаж “нааш цааш” болгодог нь харагдаж байгаа юм. Одоо цаадуул чинь “Зөвхөн Бага тойруугийн бүсэд актлах шаардлагатай 72 орон сууц байна” гээд инээд алдчихсан, “Боломжтойг нь хүчитгэж засна, боломжгүйг нь нурааж дахин төлөвлөнө” хэмээн баахан бичиг цаас барьчихсан дээгүүр гүйлдэж яваа сурагтай.
Хотынхон хуучны барилгуудыг дахин төлөвлөж, шинэчлэхдээ суурин дээр нь худалдаа, үйлчилгээний төвтэй орон сууцууд голдуу бариулах болсон. Энэ нь төвийн бүсийн төвлөрлийг үлэмж ихэсгэж, түүхэн дүр төрхийг нь алдагдуулж байгааг хотын оршин суугчид ч, мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Иргэн Д.Цэрэнжав “Улаанбаатар хот газар олголт, барилгажилтын онц байдал зарлах хэмжээнд хүрсэн. 20 дугаар зуунд бүтээн байгуулсан түүхэн төв болох Бага тойрууг бүрмөсөн устгах ажлыг өдөр бүр системтэйгээр хийж байна. Бага тойрууд зургаа, долоогоос дээш давхар барилга бариулахгүй гэж нийслэлээс зарласан нь олон нийтийг тайвшруулах зорилготой залилан байсан гэж санагдах боллоо. 50-60 айлын хуучны байрнуудыг буулгаад оронд нь дандаа үйлчилгээний төвтэй, 200-300 айлын орон сууц барьж байна. Хотын захиргааныхан нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг 10-20 хувиар бууруулна гээд тэрбум, их наядын зарлага гаргаж буй хэрнээ нөгөө гараараа үүний эсрэг ажлуудад зөвшөөрөл олгодог” хэмээн шүүмжилсэн юм.
Харин “Хотын хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын судлаач, урбанист Б.Даваацэрэн “Бага тойруу дахь хуучны орон сууцууд нь хотын удирдлагуудад газрын ченж, барилгын компанийнхантай наймаалцах далим болж байна. Дахин төлөвлөнө гээд л хувийн хэвшлийнхнийг “оруулаад” өндөр шилэн барилгууд бариулчхаж байна. Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга байхдаа хотын төв дэх замбараагүй, хөрөөний ир шиг барилгуудыг цэгцэлнэ гээд энд тэндгүй яваад, дуудлага худалдаагаар газрууд зарсан ч нэгэн дээр нь ч олигтой ажил хийгээгүй. Одоо дараагийнх нь дарга гарч ирээд улиглан давтаж байна. Хотын хэмжээнд байгаа 177 барилга, байгууламжийг хамгаална л гэнэ. Чононд хонь хадгалуулсан хэрэг болох вий” хэмээв.
Н.Мишээл