Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-т тухайн үеийн “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Б.Аззаяа Хүүхдийн паркийн газрын асуудлаарх цуврал нийтлэл, сурвалжилгаараа багтсан юм.
Б.Аззаяа
Таван жилийн өмнө л гэхэд Хүүхэлдэйн театрын агуулахад ус алдсанаас болж бүх хүүхэлдэй болон архивын баримт бичиг сүйдсэн. Ус алдсан хонгилын агуулахад театрын бүх хүүхэлдэй байж. Хамгийн харамсалтай нь бүх хүүхэлдэйнээс гадна ховор хүүхэлдэй, архивын материалууд устсан аж. Ийм харамсалтай байдалтай нүүр тулаад байхад төр удирдаж буй хэн нь ч Хүүхэлдэйн театрт газар олгоод, томхон барилга бариад өгөх төсвийг шийдэж өгөөгүй өдийг хүрсэн байна. Тиймээс тус театрыг Ц.Хулан 2009 онд хүлээж аваад, хувь хүмүүсийн тусламжтайгаар энэ хүнд байдлаас гарчээ. Тэр үед театрын барилгын цонхнууд нь хагархай, хана, тааз нь цоорхой гээд хүүхэлдэйнүүд хүндхэн байдалд “амьдарч” байжээ. Ингээд Хүүхэлдэйн театрыг төрхөнд нь оруулах гэж 160 сая ор чим төгрөгийн засвар хийсэн байна. Гэхдээ энэ мөнгийг улсаас гаргаагүй. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн дэм юм гэсэн. Тодруулбал, “Номин”-гийнхон гурван сая орчим төгрөгийн дэмжлэг үзүүлж, шалан дээр дэвсэх хивсийг нь авч өгсөн байна. Мөн ХААН банкны “Хүүхдийг ивээх сан”-гаас багагүй тусламж үзүүлжээ. Түүнчлэн театрынхан хана, таазаа шохойдох, тохижуулах ажлыг өөрсдийн хүчээр хийжээ. Үүний хүчинд өнөөдөр Хүүхэлдэйн театр нурчихгүй, үйл ажиллагаагаа зогсоож, үзвэрээ тасалчихгүй явж байна.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ШАТАН ДЭЭР ЯРАЙТАЛ СУУГААД ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭДЭГ
Хүүхэлдэйн театрынхан их тайзны буюу “Лусын хааны охид” жүжгээ 2500, бага тайзны буюу 0-6 насныханд зориулсан “Чоно ба долоон ишиг” зэрэг жүжгийг 1500 төгрөгийн үнэтэй тоглодог. Гэсэн ч тус театрыг зорих багачуудын цуваа дэндүү их юм билээ. Өнгөрсөн жил гэхэд 23 мянган хүүхэд уг театрт зочилсон байна. Ингэж их хүүхэд үзэж байгаа нь эрэлт их байгааг харуулах биз. Учир нь Хүүхэлдэйн театр нь хүүхдүүдийн зөв юм үзэх ганцхан газар нь. Хүүхдийн ордон гэхэд оффисын зориулалттай буюу секц, дугуйлан хи чээллүүлэхээс биш 0-6 насныханд зориулсан ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Харин кино театруудыг дандаа залуучууд зорихоос гадна өндөр үнэтэй. Гэтэл хамгийн бага үнээр хүүхдэд чухал мэддэг, боловсрол өгөх ганц газар нь хэзээ ч нурж мэдэхээр айдас дагуулж байна. Түүлчлэн дайны хажуугаар дажин гэгчээр Хүүхэлдэйн театрын үзэгчдийн суудал дэндүү бага юм. Тус театр 160 хүүхдийг багтаана. Тийм болохоор энэ сайхан ордонд орж, гоё жүжиг үзэхээр ирсэн бяцхан жаалууд уйлаад буцах үе цөөнгүй гардаг. Үнэхээр харамсалтай санагдаж байгаа биз. Насанд хүрээгүй учраас хүүхдүүдийг эцэг, эх асран хамгаалагчид нь дагаж явах учиртай.
Тийм болохоор 160 хүүхэд жүжиг үзэхээр ирэхэд дагалдаад 160 хүн ирнэ. Гэтэл тэднийг жүжиг үзэж дуусаад гарч иртэл хүлээгээд суух томоохон танхим ч энэ театрт байхгүй. Тийм болохоор эцэг эхчүүдийг театрын ажилчид өрөөндөө оруулах үе ч байдаг. Мөн зарим эцэг эх нь шатан дээгүүр ярайтал суугаад хүлээдэг юм байна. Ингээд бодохоор хүүхдээ юм үзүүлэх гэсэн биш энэ нь эцэг эхчүүдэд там болдог ч байж мэдэх юм. Уг нь тус театрынхан шинэ барилга бариулахаар 3-4 жил хөөцөлдөж байгаа аж. Гэхдээ л эрх мэдэл атгаж байгаа хүмүүс хүүхдийн төлөө “Үгүй” гэж хэлэх зүрхтэй байдаг бололтой. Тус театрын менежер Б.Батчимэгтэй уулзахад “Бид улсаас өгсөн цалин, уран бүтээл хий гэсэн зардлыг нь голсонгүй. Хүүхдүүд маань жүжиг үзэх гээд ирэхээр суудал хүрэлцэхгүй байна. Ийм жаахан газарт “Диснейлэнд”-ийн ордны загвар байгуулчихаар хүүхэд бүр ээж аавтайгаа зургаа татуулах гээд хэцүүхэн байдаг. Эцэг эхчүүд манайхаас цогц үйлчилгээ авахыг хүсдэг. Тэд хүүхдүүддээ ихэвчлэн амралтын өдөр цаг гаргадаг. Тиймээс хүүхдээ уран бүтээл үзүүл чихээд, орчинтой нь танилцах, дуртай амттаныг нь авч өгөх сонирхолтой байдаг юм. Түүнчлэн бидний үйлчилдэг хүмүүс насанд хүрээгүй учраас эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь орхиод явж чадахгүй. Тиймээс тайз руу орох хүзүүвчийг ашиглаад нэг хүлээлгийн танхим байгуулсан юм. Энэ газар дэндүү бага зайтай. Иймэрхүү байдлаар бага сага зүйл хийж л байна. Гэхдээ олон хүнд үйл чилж чадахгүй байна. Манай театрт юм үзэх гээд хаа байсан Эрдэнэтээс хүүхдүүд зорьж ирдэг. Уг нь Хүүхэлдэйн театрт томхон байр өгчихвөл бид цааш нь үйл ажиллагааг нь аваад л явчихна” гэлээ.
Нээрээ ч тус театрынхан Монголын хүүхэлдэйн театрыг дэлхийн түвшинд хүргэж чадсан. Өнгөрсөн жил л гэхэд “Дэлхийн хүүхэлдэйн их наадам”-д оролцож 66 орноос “Шилдэг тоглолт”ын төрлөөр “Гранпри”-ийн шагналыг нь хүртсэн байна. Тиймээс ч тэднийг хүүхэлдэйн театрыг дэлхийн түвшинд хөгжүүлж чадаж байгааг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Энэ жил гэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол алт” хөтөлбөрийн санхүүжилтаар “Лусын хааны охид” жүжгийг тавиад байгаа. Энэ жүжгийг шинэ жилээр Солонгосын жуулчид үзээд босож ирээд л алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэж байсан гэлээ. Гадныхан манай хүүхэлдэйн теартын бүтээлийг өндөр үнэлж байхад, манай томчуудад хүүхдэд зориулсан жүжиг гарч байна уу, үгүй юү гэдэг тийм ч чухал биш бололтой.
ШИНЭЭР ХҮҮХЭЛДЭЙ УРЛАХААС ХҮРТЭЛ ЭМЭЭЖ СУУНА
Хүүхэлдэйн театрынхан тун цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тийм болохоор нэг жүжигт ойролцоогоор 10 орчим хүн л тоглодог. Өдөрт нэг жүжгийг гурван удаа тоглоход нэг жүжигчин нь амраад нөгөөх нь орлон тоглоно гэсэн ойлголт байхгүй. Ядарч, зүдэрсэн ч хүүхдүүдэд танин мэдэхүй, хүмүүжлийн мэдлэг олгох болоод инээд бэлэглэхийн тулд тэвчих л хэрэгтэй болдог гэсэн. Арга ч үгүй биз. Хүүхэлдэйн театрт 30 гаруй хүн ажилладаг бөгөөд 10 нь жүжигчин. Гэхдээ цөөн хүнтэй, орон тоо цөөн байгаа нь хүмүүс ажиллах дургүйдээ биш гэсэн. Хамгийн гол нь зай талбай байхгүй. Тийм болохоор үйлдвэрт нь хоёрхон хүн л ажилладаг. Яагаад гэвэл таван оёдлын машин тавиад хүүхэлдэйнүүдээ урлаж болох ч зай байхгүй учраас хоёр л хүн энэ ажлыг хийхээс өөр аргагүй байдаг юм байна. Түүнчлэн тэд шинээр хүүхэлдэй урлахаас хүртэл эмээж сууна билээ. Учир нь саваа бэлтгээгүй байж, саалиа бэлтгэнэ гэдэг шиг урьд нь хийсэн хүүхэлдэйнүүдээ хадгалах тухтай орчинд энд байхгүй, тоосжилт ихтэй юм байна.
Үүний зэрэгцээ гадаадад боловсрол эзэмшээд ирж байгаа боловсон хүчнээ багтаах зай байхгүй гэсэн. Тодруулбал, манай улсаас 10 хүүхэд хүү хэлдэйн театрын урлагийн чиглэлээр Санкт-Петербургт суралцаж байгаа. Тэд ирэх жил төгсөнө. Гэтэл тэднийг тосоод авах зай талбай, ажлын байр алга байгаа гэнэ. Тиймээс Хүүхэлдэйн театрынханд хамгийн түрүүнд шаардлагатай байгаа зүйл нь стандартад тохирсон томхон байр. Хэрвээ тэд байрны асуудлыг нь шийдвэрлээд өгвөл, тэндээ Хүүхэлдэйн кино төв, Номын сан, Хүүхэлдэйн театрын музей байгуулж бүх зүйлийг цогцоор нь шийдвэрлэх боломжтой тухай ярьж байсан. Тиймээс хувийнханд алдаад дуусаж байгаа Хүүхдийн паркийн газраасаа Хүүхэлдэйн театрынханд өгчихвөл яасан юм бэ, хотын дарга аа. Уг нь Хүүхдийн парк Хүүхэлдэйн театр нь зэргэлдээ байвал хүүхдүүдэд нэг дороос цогц үйлчилгээ авах боломжтой болно шүү дээ.
Д.Бавуудорж: Хүүхдийн паркийн 76 хувь нь “Бодь” группийн эзэмшил гэдэг
-“Мон-Уран” 1.2 га газрыг ямар ч зөвшөөрөлгүй авсан, Б.Наранхүү гишүүн болоод хууль ёсоор эзэмшдэг болсон байж мэднэ-
Манай сонин хүүхэд, залуучуудын тодотголтой барилга байгууламжууд мөнгөтэй хүмүүсийн гараар орж томчуудын бизнесийг цэцэглүүлж байгааг хөндөн энэ асуудлаар “Хүүхэд, залууст зориулсан байгууламжаар бизнесмэнүүд ашиг олж байна”, “Хүүхдийн паркийн газраас Хүүхэлдэйн театрынханд өгчихбөл яасан юм бэ” цуврал сурвалжилгыг нийтэлсэн. Энэ удаа Хүүхдийн паркийн газрыг онцоллоо. Хотын төвийн А зэрэглэлд байрласан учраас баячуудын нүдний хор гүйсэн энэ газрыг зориулалтаар нь ашиглах талаар Монголын залуучуудын холбоо санаачилга гарган “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан ч төдий л үр дүнд хүрэхгүй л байна. Хамгийн ашигтай байрлал сайтай учраас Хүүхдийн паркийн газраас хумслагсад буцааж өгөхгүй хэмээн тас гүрийсээр байгаа. Энэ талаар Хүүхдийн паркийн орлогч захирлаар 21 жил ажилласан Д.Бавуудоржтой ярилцсан юм.
-Хүүхдийн паркийг 1966 онд байгуулсан гэл үү?
-Тийм ээ. Парк 1966 оны долоодугаар сарын 10-нд ашиглалтад орсон. Одоогийн парк байгаа дээр нарийн төмөр замтай, нүүрс буулгадаг газар байсан юм. Тэр чигээрээ нүүрсний хог, шалбааг ихтэй найгүй. Тэр үед монголчууд хөгшин залуугүй гар бие оролцож, улсаас нэг ч төгрөг заралгүй түмний хөрөнгөөр босгосон. Тэр их намгийг цэвэрлэж, хөрс шороог нь тэгшлээд, мод ногоо тарих ажлыг нийслэлийн хөдөлмөрч залуучууд хийсэн юм. Тоглоом тоног төхөөрөмжийг нь Зөвлөлтийн комсомолын байгууллага, Германы Чөлөөт залуучуудын эвлэлийн туслалцаатайгаар авчирч байлаа.
-Хэр том газартай байсан юм бэ?
-Тэр үед паркийн эзэмшилд 35.6 га газар өгч, хашаа хатгаж байсан. Одоо ч бараг л хувийн өмч болж дээ. Тоглоом барьж тохижуулсан газар нь есхөн га. Харин 26 га нь юу ч үгүй хоосон балгас шиг болж, долоон га газарт нь хувийн компаниуд барилга барьсан.
-Хэдэн жилийн өмнө Хүүхдийн паркийг тохижуулан Монголын Диснейлэнд болгоно хэмээн төсөл боловсруулсан дуулдаж байсан. “Бодь” групп гадны компанитай хамтраад хийх тухай үлгэр шиг л зүйл дуулдаж байсан гэдэг юм билээ.
-Уг нь “Бодь”, “Голомт”-ынхон зураг төсөл гаргаад бүгдийг нь шинэчилнэ гэж байсан л даа. Гэхдээ хэтэрхий яараад хуучин байсан зам, хашаа, 13 мянган модыг устгасан. Бүгдийг нь нэг ч төгрөгийн үнэгүй болгоод орхисон. 40 гаруй жил ургуулсан мод учраас хайран санагдсан. 25 жилд нэг модыг ургуулахад зарцуулсан зардал 780 мянган төгрөг гарч байсан. Тэгэхээр бүх модоо бодоод үзэхээр тэрбум гаруй төгрөгийн өртөг шингэсэн ногоон байгууламжийг алга болгосон гэсэн үг.
-Энэ бүхнийхээ хариуд нөхөн төлбөр төлсөн болов уу?
-Нөхөн төлбөр авсан, эсэх нь тодорхойгүй, бүх зүйл нь сүйдээд өнгөрсөн. Уг нь зураг төслөө байгаа байдалд нь тохируулаад хийгээд явсан бол хойд тал нь одоогийнх шиг балгас болохгүй, ногоон байгууламжтай байх л байсан. Гэтэл бая чуудын мөнгө олох эх үүсвэр болсон барилга байгууламж барьж байгаа нь үнэхээр хүмүүсийн дургүйг хүргэж байна. Хотын төвд болохоор хүмүүс их шунадаг юм шиг байна билээ. Гэтэл хотын удирдлагууд тэмцэл хийлгүй, өөрсдөө тохиролцоод л хаясан. Үүнээс болоод энэ газар эзэнгүйдсэн.
-Эзэнгүй балгас болсон гэх газар нь хэний мэдэлд байдгийг та мэдэх үү?
-Газрыг нь чухам хэний нэр дээр байдгийг бол мэдэхгүй. Ер нь бол Үндэсний соёл амралтын хү рээлэнгийн 76 хувийг “Бодь”, үлдсэнийг нь нийслэл эзэмшдэг гэх юм билээ. Албан ёсны гэрээ хэлцэл хийсэн, эсэхийг мэдэхгүй л юм. Тэгээд паркийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг устгачихаад, яаж эргүүлэн төлөх, хоорондоо ямар гэрээ хэлэлцэл хийсэн, эсэх нь хэнд ч мэдэгдэхгүй өнгөрсөн.
-Хүүхдийн паркийн газраас авсан “МонУран”-ы Б.Наранхүү “Голомт”-ын Д.Баясгалан паркийн газрыг зүгээр авчихсан, хүмүүс л мэддэггүй болохоос биш” гэж ярьсан байдаг юм. Магадгүй “Японы “Иточү” компанид зуучилж Диснейлэнд байгуулахад хөрөнгө оруулах нэрээр Хүүхдийн паркийг “Бодь” групп авчихсан юм биш биз?
-Парк 2000 оны үед 4.5 тэрбум төгрөгийн үндсэн өртөгтэй, 13 мянган мод буттай, 16 мянган ам метр ногоон байгууламж зүлэгтэй, 30 гаруй тоглоомтой байсан. 1980-1982 оны үед улсаас 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дараа 1990-1992 онд Хятадын тоног төхөөрөмжөөр шинэчлэлт хийсэн. Үүнээс хойш шинэчлэлт хийгээгүй учраас тоглоомнууд элэгдэж, аюулгүй байдлын баталгаагүй болсон. Тиймээс паркийг хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Уг нь 1992 он хүртэл Эвлэлийн төв хорооны харьяанд байхдаа бүтээлч ажилладаг, залуус чөлөөт цагаа өнгөрөөх гол төв болж байсан юм. 1992 оноос хотын захиргаанд шилжсэн. Хөрөнгө оруулалт хайсан ч улсаас тусалж, дэмжээгүй. Тоног төхөөрөмж нь жил ирэх тусам муудаад байсан учраас аргагүй шаардлагаар гадаадын байгууллагуудад хөрөнгө оруулах санал тавьсан юм. Тэгээд Японы “Иточү” корпорац хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Зуучлагч нь “Голомт” банк байсан юм гэсэн, тэр үед бидэнд мэдэгдээгүй. Тэгээд 2000 оноос эхний хөрөнгө оруулалтаа хийсэн гэдэг ч ердөө сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд бүтээн байгуулалт хийж, паркийн 35 га газраас ердөө наймд нь л тоглоом байгуулж шинэчлэл хийсэн байна билээ.
-“Иточү” хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан хэрнээ яагаад “Бодь”-ийн мэдэлд Хүүхдийн паркийн 70 хувь очсон юм бол?
-Уг нь санхүүжилтийг нь “Иточү” хийнэ гэж ярьж байсан. Гэрээ байгуулж, хамтарсан компани буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХКийг байгуулахдаа 76 хувийг нь “Иточу” эзэмшинэ гэж заасан юм гэсэн. Гэвч хөрөнгө оруулалтыг нь “Бодь” дандаа хийж байсан, “Иточү”-гаас хөрөнгө орж ирээгүй байх. -Тэгэхээр “Иточү” гэдэг компанийн нэрийг бариад “Бодь” групп Хүүхдийн паркийг өөрийн мэдэлдээ хууль бусаар авсан байж магадгүй гэсэн үг үү?
-Тийм байж болно. -Тэднийг Хүүхдийн паркийн 76 хувийг эзэмшихийн тулд 6.5 тэрбум төгрөг төлсөн гэж сонссон. Энэ нь үнэн юм болов уу? -Мөнгө төгрөгөөр авсан, эсэхийг нь мэдэхгүй. Хэрэв тэгж худалдаж авсан бол хотын данс руу мөнгө нь орсон байх, паркт нэг ч төгрөг ороогүй. Хотын захиргаа, “Бодь”-ийнхон хоорондоо ярьж, гэрээ хийх асуудал 2000-2005 онд болсон.
-“Бодь” 20 гаруй давхар зочид буудал барихаар төлөвлөж байгаа гэх юм билээ. Та энэ талаар сонссон уу?
-“Бодь”-ийнхон зочид буудал барихаар төлөвлөсөн гэж сонссон. Арай үгүй байлгүй дээ л гэж бодож сууна. Тэгвэл 35 га газрын 20 нь барилга болоод өнгөрнө шүү дээ. Парк гэдэг бол тоглоом, тоног төхөөрөмждөө гол нь биш, битүү ногоон ургамал, сандал, сүүдрэвч, хүүхэд багачуудад ая тухтай, эрүүл агаартай байх ёстой ганц газар. Гэтэл тэр объектыг нь зориуд устгая гэж байгаа юм шиг газар газрын хөрөнгөтнүүдэд олгоод байгаа нь шударга бус. Үүнийг шалгаж, цэгцлэх цаг нь болсон. Үүнд ахмад үеийнхэн их бухимддаг. Миний үеийнхэн надтай уулзахаараа “Чи ажиллаж байхдаа газрыг нь зарчихсан юм уу. Чамд хэр зэргийн юм унасан юм. Мөнгө хараад чи газрыг өгчихсөн юм биш биз” гэх маягийн юм асуудаг. Үнэхээр харамсмаар санагдаж байна. Ер нь олон түмний хэлээд байгаа ортой байж мэдэх юм. Иргэд “Тодорхой хэсэгт нь тоглоом барьчихсан, хойд талд нь барилга байгууламж барьж магадгүй” гэж яриад байгаа. Ингэж дур мэдсээр байтал нийслэлд хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг ганц төв нь байхгүй болчихож мэдэх л юм.
-Гэхдээ паркийн газрын тухай ярихдаа “Бодь” гэж бараг дуугардаггүй. Харин “МонУран”-ы Б.Наранхүү, MCS-ийн Ж.Оджаргал нарыг л буруутгадаг нь ямар учиртай юм бол?
-Паркийн газрыг 1996 оноос хойш компаниудад хувьчилж эхэлсэн. Хотын удирдлагуудтай тохиролцож, аман шийдвэрээр газар авсан байдаг. Анх ямар ч зөвшөөрөлгүйгээр дайрч орсон нь яах аргагүй “Мон-Уран” компани. “Мон-Уран”-ы Б.Наранхүү нь паркийн 1.2 га газарт 1998 онд хашаа хатгасан. Тэгэхдээ хүүхдүүдэд зориулж усан сан байгуулна гэж хуураад булааж авсан юм. Тэр нь ямар ч захирамжгүй байсан. Тухайн үед бид газрын алба, хотын удирдлагуудад асуудлыг тавьж, өргөх бичиг хүртэл барьсан ч дийлээгүй.
-Б.Наранхүү “Манай компани хууль журмынхаа дагуу энэ газрыг авсан. Бид энд газар өмчлөх эрхтэй” гэж байна билээ?
-1.2 га газрыг “Мон-Уран” ямар ч зөвшөөрөлгүй авсан. Анхнаасаа ямар ч захирамж шийдвэргүй, барьснаасаа хойш ямар ч бичиг баримтгүй байсан. Сонгуульд ялж, УИХ-д суусныхаа нэр нөлөөгөөр л газрынхаа зөвшөөрлийг авсан байж магадгүй. Гэхдээ тэр хууль дүрмийнх нь дагуу энэ газрыг авсан гэж мянга зүтгээд нэмэргүй, худлааг нь гэрчлэх баримт нь байгаа шүү дээ.
-“Мон-Уран”-тай танайх ч нэлээд шүүхдэлцсэн байх шүү. Шүүхийн шийдвэр ихэнхдээ л “Мон-Уран”-ы талд гарсан байдаг.
-Бид “Мон-Уран”-тай 1997 оноос эхлээд шүүхээр явсан. Намайг байхад шүүхийн тогтоол хоёр ч удаа гарсан. Надаас хойш бас хоёр, гурван удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр таван удаа гарахад хоёр нь “Мон-Уран”-ы талд, гурав нь Хүүхдийн паркийн талд гарсан ч шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж чаддаггүй байсан. Мөнгөтэй хүнд Монголын хууль гууль л болдог юм билээ.
-“Монтана” гэж компанийн тухай бас яригддаг. Тэр чухам хэний компани, ямар барилга барьсан юм бэ?
-1997 онд “Монтана”-д 0.5 га газрыг паркийн баруун хойд талын өнцөгт олгохоор захирамж гаргасан байдаг. Бид Хүүхдийн паркийн хашаан дотроос газар олгохгүй хэмээн эсэргүүцсэн. Тэгсэн паркийн хашааны яг ард талын өнцөг дээр Еөнхийлөгч П.Очирбат гуайн байшинг барихаар ярьж байсан юм. Тэгэхэд Ерөнхийлөгчийн ордныг хамтад нь барья гээд 0.5 га газрыг паркийн хашааны хойд өнцгөөс өгсөн. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад өгсөн юм. Бид ч нэлээд тэмцэл хийсэн. Тэгсэн тэр 0.5 га газарт хашаа хатгачихаад зургаан жил ашиглахгүй байж байгаад, долоо дахь жилдээ буюу 2005 онд “Шангрилла” зочид буудлыг барьж эхэлсэн. Учир нь “Монтана” компани “MCS” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2007 оны захирамжаар газар олгосон юм билээ. Тэгээд 0.5 биш таван га газар болгоод томруулж авсан байдаг. Мөн нэг дайрч орж ирсэн газар нь “Сөүл” групп. Уг нь “Туяа” ресторан нь паркаар үйлчлүүлж буй хүмүүсийн ганц төв нь байсан. 1997 оноос “Сөүл” группийн мэдэлд орсон байх. Уг нь газрыг нь бүрэн шилжүүлээгүй, түрээсэлж байгаа гэж байсан юм. Тэгсэн одоо Д.Өнөрболор гэж хүний мэдэлд байдаг юм гэсэн. “Сөүл” группийн эзэн нь солонгос хүн байдаг гэсэн. Одоо паркийн найман га газар нь гадны гурван компанийн эзэмшилд орчихоод байна. Олон компани Хүүхдийн паркийн газар руу дайрч орж ирсэн. Бид тэмцэл хийж, жагсаж хамгаалсан ч гуравт нь хүч хүрэхгүй ялагдсан даа.
-Таныг паркт ажиллаж байх үед жилд дунджаар хэчнээн төгрөгийн орлого олдог байсан бэ?
-Парк 1993 оноос аж ахуйн тооцонд шилжсэн. Тэр үед нэг тоглоом дээр тоглоход 50 мөнгө төлдөг байсан. Нэг тоглоом дээд тал нь гурваас дөрвөн төгрөг л байлаа. Зах зээл эхлээд 200-2500 болсон. Тэгээд бодоход жилд 45-50 сая төгрөгийн орлого олдог байж. Ногоон байгууламж, тоног төхөөрөмжөө сэргээгээд, ажилчдынхаа цалинг өгөөд, дулаан, цахилгааны мөнгийг өгөхөд ашиг олохгүй ч алдагдалгүй ажиллаж байсан. Тэр үеийн 50 сая чинь одоогийнхоор доод тал нь 500 сая шүү дээ.
-Одоо бараг тэр үнэ хоёр дахин нэмэгдсэн байх шүү. Дээрээс нь паркийн газар дээр гишгэлээ гэж 1000 төгрөг авдаг гэсэн.
-Хүмүүс их дургүйцэж байна билээ. “Бодь”ийнхон хэтэрхий их мөнгөний хойноос хөөцөлдөж байна гэж. Хувийн байгууллагад шилжсэн л бол ашигтай л ажиллахыг л бодно шүү дээ. Тиймээс иргэд, хүүхдүүдийг бодох нь юу л бол. Нийслэлийн удирдлагууд үүнд анхаарч, Хүүхдийн паркийг аварна гэж найдаж байна даа.