УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана. Нийт 35 удаа хуралдсаны дараа гишүүд “тарж одох” нь. Харин одоогоор нэгдсэн хуралдааны дундаж ирц 82 хувь байна. Арваад хоногийн өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт ирц сайжирч буйг хэлж, 100 хувь оролцсон гишүүдийг онцлон магтсан юм. Гэвч зарим хүн хувийн ажлынхаа заваар үзэгдсэн болдог, зарим нь өндөр албан тушаалаас огцорсондоо “гомдоод” чуулгандаа суухгүй удсан байдалд тийм ч их өөрчлөлт гарсангүй. Ийм байхад спикерийн дүгнэлт үнэнд дөхөх үү. Одоо амралт, найр наадмын чимээ ойртсон учраас ажлаа тогтож суун хийх хүн улам цөөрч буй биз. Аливаа чуулган завсарлах дөхөхөд гишүүд “өвдмөөр”, чөлөө авмаар болдог, идэвх нь эрс сулардгийг статистик харуулдаг.
УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирц, оролцоог нарийвчлан тайлагнаж эхэлсэн учраас хэн ажлаа хэрхэн хийж байгааг хянахад хялбар болоод буй. Хаврын чуулганы, ерөөс энэ парламентын “хамгийн хамгийн”-уудыг эндээс тодруулчхаж болж байна.
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ БА ЭГҮҮЛЭН ТАТАХ ЗОХИЦУУЛАЛТ
УИХ-ын гишүүд энгийн олон иргэний адил цагтаа цуглаж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй. Гэтэл яагаад ч юм, бүрэн эрх нь ямба болон хувирч, үндсэн үүргээ ягштал, чанартай биелүүлдэг хүн эрс цөөрчээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ” хэмээн заажээ. Тэгэхээр тэдний ажил ч 09.00 цагт эхэлдэг гэсэн үг. Гэвч ажилдаа хоцордог, шалтгаангүй тасалдаг, хэнэггүй гишүүн олон. Ийм асуудал үе үеийн парламентад байсаар ирсэн, гэвч хэн ч тодорхой хариуцлага тооцсонгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий төсөлд ирцийн асуудлыг хөндсөн юм. “Нэгдсэн чуулганы 30-аас дээш хувьд шалтгаангүйгээр оролцоогүй бол” тухайн гишүүнийг эгүүлэн татахаар уг төсөлд тусгасан. Төслийг хэлэлцэхийг парламент дэмжсэн ч үүнээс хойш шат ахисангүй, “тоосонд дарагдав”. Хэрэв уг төслийг баталбал олон нийт гишүүдийн оролцоог УИХ-ын албан ёсны сайт дахь ирцийн нарийвчилсан мэдээллээс хянаж, улмаар эгүүлэн татахыг шаардах боломж бүрдэнэ. Харамсалтай нь, дээрх төсөл улс төрийн зорилгоо гүйцэтгэсэн үү, нэг хэсэг бужигнуулаад одоо чимээ алдраад байна. Ямартай ч иргэд тойргоос нь сонгогдсон гишүүдийн ирц, оролцоог өдөр бүр хянаж, шаардлага тавих боломж бүрдсэн нь авууштай.
Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫГ “БАРАХ” ХҮН ҮГҮЙ
Энэ парламент бүрдээд тус бүр хоёр удаа намар, хаврын чуулган хийлээ. Дөрвөн удаагийн чуулганд хамгийн бага оролцсон гишүүдээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар тодорч байна. Хаврын чуулганы ирцийг өнгөрсөн мягмар гаргийн байдлаар тооцсоныг энд сануулъя. Чуулган хаах дөхсөн учраас хэлэлцэх асуудал овоорч, энэ долоо хоногт гэхэд л бараг өдөр бүр хуралдаж буй юм.
Өнгөрсөн хоёр жилд чуулган нийт 137 удаа хуралдсанаас Х.Баттулга гишүүн ердөө 24 хувьд нь оролцсон байна. Тухайлбал, 2025 оны хаврын чуулган нийт 40 удаа хуралдахад тавд нь л оролцсон бөгөөд үүнийхээ гуравт хоцорсон аж. Эл чуулганд тэрбээр таслалтаараа хувийн “рекорд” тогтоож, 13 хувийн ирцтэй оролцсон юм. Түүний ажлаа тасалдаг шалтгаан нь нууцлаг. Улс төрд “хор найруулж”, хувийн бизнесээ хийгээд УИХ-ын гишүүний ажлаа хийх зав гардаггүй бололтой.
Түүнтэй аман хүзүү булаацалдах хүн бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн. Дөрвөн чуулганд ажилдаа ирсэн түүний дундаж ирц 27 хувь болж байна. Шалтгаан нь харин маш тодорхой. Эхний чуулганы үеэр тэрбээр Ерөнхий сайдын ажлаа хийгээд завгүй, байнга чөлөө авдаг байжээ. Ирц нь ердөө 14 хувь. 2025 оны хаврын чуулган нээснээс хойш ч чөлөө нь үргэлжилж байсан юм. Энэ үеэр түүний хүүгийн найз бүсгүй нийгмийн сүлжээнд тансаг бэлэгнүүдээ дэлгэж, “шү гэл үлээсэн”. Улмаар Ерөнхий сайд орлогын эх үүсвэрээ нотлох үүрэгтэй болж, залуус “Огцрох амархан” жагсаал хийж эхэлснийг уншигчид санаж буй биз ээ. Албан тушаалдаа тэсэж үлдэхийн тулд элдэв “хор найруулаад” түүнд УИХ-ын нэгдсэн хуралдаанд суух сэхээ ч байсангүй. Тиймээс эл чуулганых нь ирц 18 хувьтай гарчээ. 2025 оны тавдугаар сард тэр огцорсон. Түүнээс хойш ажилдаа ирэлгүй удсан юм даг. Тэрбээр “гомдлын шок”-нд оржээ. 2025 оны намар парламент 36 удаа хуралдахад Л.Оюун-Эрдэнэ гишүүн 23-т нь тасалж, гурван удаа хоцорсон байна. Эл чуулганы төгсгөлөөр л тэрбээр сая нэг тунирхлын “ичээ”-нээсээ цухуйж, ажилдаа ирж эхэлсэн юм. Нийт арван удаа оролцсон аж. Харин энэ удаагийнхад ирц нь мэдэгдэхүйц сайжирч, 41 хувь болсон байна. Дээрх хоёр гишүүний ирц энэ удаагийн чуулганд “эрс” сайжирч, 40 хувь давснаас үзвэл улс төрийн нөхцөл байдал харьцангуй тогтворжсон, С.Бямбацогт даргын ярьсанд үнэний ор байсныг илтгэнэ. Гэхдээ дундаж ирцээр нь авч үзвэл, бас Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл батлагдвал хамгийн түрүүнд “явах” болзлыг хангасан гэсэн үг.
Өндөр албан тушаалаас чөлөөлөгдөөд “гомдлын шок” болсон өөр хэсэг гишүүн бас бий. Д.Амарбаясгалан гишүүн уг нь эхэндээ маш хариуцлагатай байв. УИХ-ын дарга хүн ирц, идэвхээрээ үлгэрлэхгүй бол болохгүй байсан нь мэдээж. Тиймээс эхний хоёр чуулганд түүний ирц 100 хувь байлаа. Гэтэл 2025 оны өнөөх “гайтай” намрын чуулганы үеэр үзүүлэлт нь шууд 28 руу унах нь тэр. 2025 он улс төрд асар “савлагаатай” жил байсныг УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээнээс харж болж байна. Тавдугаар сард нь Засгийн газар огцорч, Л.ОюунЭрдэнийн “эморол” эхэлсэн бол есдүгээр сараас нь МАН-ынхан дотроо талцаж, намын даргын төлөөх сонгуульдаа улс орныг чирсэн билээ. Д.Амарбаясгалан гишүүн эл сонгуульд оролцож, тэгснээ “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой тухай мэдээлэл нь цацагдаж, юм юм л болсон. Эцэст нь тэрбээр хүсэлтээрээ УИХ-ын даргаас чөлөөлөгдсөн юм. Ингээд л алга болчхов. 36 хуралдаанаас 25-д нь чөлөө авчээ. “Их тулаан”-д ялагдсан учраас сэтгэлээр унасан байх л даа. Мөн Г.Занданшатарын Засгийн газрыг хууль зөрчин огцруулах хуралдааныг удирдсан Х.Булгантуяа ч УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд Д.Амарбаясгалантай ирц, оролцоогоор тэнцсэн юм. Уг нь 80-аас дээш хувьтай оролцдог гишүүн байснаа Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого нь илчлэгдсэнд “бантаад” чөлөө аваад алга болсон.
С.Амарсайхан мөн ижил. Г.Занданшатарын Засгийн газрын Шадар сайд байсан атлаа танхимынхаа эсрэг санал өгч, 1980-аад оны бүлэглэлтэй үгссэнийх нь хариуд Ерөнхий сайд түүнийг чөлөөлсөн юм. Тэгмэгц ирц нь 76-гаас шууд 43, 36 хувь болж урууджээ. Одоо бол тэр Н.Учралын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар эргэн ирсэн тул ирц нь 88 хувь болон “гозойж” байна лээ.
Л.Оюун-Эрдэнийн танхимын Тэргүүн шадар сайд байсан Л.Гантөмөр гишүүн ч бас сэтгэл зүйн хувьд “амаргүй” үеийг туулсан бололтой. Гэхдээ тэрбээр сайд байхдаа ч УИХ-ын нэгдсэн хуралдаанд цөөн суусан. Огцорсныхоо дараа буюу өнөөх 2025 оны намрын чуулганд оролцоо нь 22 хувь болж хоёр дахин буурсан юм. Одоо бол сэтгэл санаа нь дээрдээд, ажлаа сайн хийж буй бололтой, энэ хаврын чуулганы ирц нь 88 болсон байна.
Уг нь улс төрчид албан тушаалд томилогдож, бас огцорч л байдаг. Тэгсэн ч УИХ-ын гишүүний үндсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэх ёстой юм. Харин одоогийн улс төрчдийн сэтгэл зүй Z үеийнхэнтэй ижил, хэврэг болчихжээ. Өндөр албан тушаалаас зарим нь хүчээр, зарим нь аргагүйн эрхэнд, зарим нь “хөөгдөж” буугаад л “эмороод”, ажлаа таслаад алга болж буйг дээрх статистик харуулж байна. Тэгэхээр цаашид ийм эмзэг хүмүүсийг улс төрд сонгохгүй байхад иргэд бид анхаарах хэрэгтэй аж. Нөгөө талд манай парламентад ажлаа бараг тасалдаггүй гэж болох ганц гишүүн байгаа нь А.Ариунзаяа юм байна. Түүний ирц эхний чуулганд 97, бусдад нь 100 хувь байгаа юм. Оролцоог нь харвал магтахаас аргагүй.
Тэгэхээр улс төрийн нөхцөл байдал, албан тушаал нь УИХ-ын гишүүний үндсэн үүргээ хэр идэвхтэй гүйцэтгэхэд маш их нөлөөлдөг байх нь. Энгийн нэг иргэн сарын 22 ажлын өдрийн 50 хувьд тасалбал аль хэдийн халагдчихсан байгаа. Харин хуулиар хамгаалагдсан бүрэн эрхтэй гишүүдэд ийм зарчим үйлчилдэггүй. Тэд хаа нэг цалингийн хувиар торгуулахаас өөр хариуцлага хүлээдэггүй. Тиймээс л хувийн ажлынхаа заваар, сэтгэл санааны байдлаа харзнаж ажлаа хийдэг эрх дархтанууд болж хувирчээ. Ийм назгай байдлыг хазаарлахын тулд ирц, оролцоо, мөн ажлын үр дүнг харгалзан, эгүүлэн татдаг зохицуулалт л хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг батлаад, хэрэгжүүлээд эхэлбэл парламентын ирц жинхэнэ утгаар сайжрах биз ээ.