Нэгэн иргэн гэрийнхээ ойролцоох сүлжээ дэлгүүрээс хоёр пакетан савлагаатай сүү авчээ. Гэтэл өнөөх нь хэрэглэж заншсанаас нь тэс өөр амт, үнэртэй байж гэнэ. Ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан хэрэглэгч өөр дэлгүүрээс яг тэр үйлдвэрийн, ижил огноотой сүү авч шалгахад мөн л таагүй үнэр, амт мэдрэгджээ. Ингээд тэрбээр хамгийн анх сүү худалдан авсан сүлжээ дэлгүүрийн менежер, зохион байгуулагчдад нөгөөх “этгээд” амт, үнэртэй бүтээгдэхүүнийг шинжлүүлэх хүсэлт гаргаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд гомдол хүргүүлсэн байна. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Салбарын хяналтын газар болон нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас түүнтэй холбогдож, мэдээлэл авчээ.
Эл асуудлыг шалгаж, нягтлахаар томилогдсон, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын байцаагч тухайн сүүг худалдан борлуулж байсан сүлжээ дэлгүүрээс ижил огноо, серийн дугаартай бүтээгдэхүүн эрээд олоогүйгээ учирлажээ. Харин бүтээгдэхүүн нийлүүлэгч үйлдвэрээс хэд хэдэн дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхээр хүлээлгэн өгснөө гомдол гаргагч иргэнд тайлагнасан аж.
Энэ хэрэг явдал болсноос хойш сар орч мын хугацаа өнгөрчээ. Хачирхалтай нь, сүүний шинжилгээний хариу ямар гарсан, тэр “өвөрмөц” амт, үнэр юуных гэдэг нь өдий хүртэл тодорхой болоогүй гэх. Харин эл гомдлыг гаргасан иргэнд Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлснийг дуулгаж, хэд хэдэн удаа мэдүүлэг авчээ.
эрбээр “Ямар чанартай, баталгаатай хүнс өдөр тутам хэрэглэж ирснээ мэдэх гэсэн биш, өөрөө буруутан болоод дуусах шинжтэй. Төр нь үүрэг хүлээж, шалгаж, аюулгүй байлгах ёстой зүйлээ хянаж чадахгүй, иргэний гомдол, мэдээллийн мөрөөр хянасан дүр эсгэж, хариуцлагыг өөрсдөөсөө бултуулдаг жишиг тогтож. Уг нь тэд хүнсний үйлдвэрүүд, дэлгүүрүүдэд хяналт шалгалт тогтмол хийж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” хэмээн ярилаа. Энэ асуудлаас үүдэн тэрбээр мөн л 1111 төвд хандахад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт шалгалт хийхийг хязгаарласан. Харин иргэний гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийж байгаа” гэсэн хариу хүргүүлжээ. Ийм хариу сонссондоо тэрбээр итгэж ядан, их л бухимдаж байв.
Манай улс хүнсний аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэмээх байгууллагыг төрийн данхар бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах нэрээр 2022 онд Засгийн газрын шийдвэрээр татан буулгасан. Улмаар яамдын дэргэд Салбарын хяналтын газар хэмээх шинэ бүтэц бий болгож, хяналт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан тушаалтнуудыг төрийн захиргааны байгууллагуудад томилсон юм. Энэ зохицуулалтын дагуу өдгөө хүнс, хоолны салбарт хяналт тавих чиг үүргийг ХХААХҮЯны Салбарын хяналтын газар, харин бодлогын асуудлыг нь Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцаж байгаа юм. Эдгээр газрын мэргэжилтэн, байцаагчид саяхныг хүртэл хүнсний үйлдвэрүүд, дэлгүү рүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулан, зохих шатны арга хэмжээг авдаг байсан бол өнгөрсөн хавраас энэ тогтолцоо өөрчлөгджээ. Учир нь 2026 онд хийхээр төлөвлөсөн 9300 гаруй төлөвлөгөөт шалгалтыг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Чөлөөлье” аяны хүрээнд цуцалчихжээ. Шалтгаан нь бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд учруулдаг дарамт шахалт, шат дамжлагыг халах гэнэ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч “Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг дарамтаас ангижруулах бодлого баримталж буй. Үүний хүрээнд төлөвлөгөөт шалгалтыг цуцалсан ч төлөвлөгөөт бус шалгалт хэвийн үргэлжилж байна. Иргэд болон бусад байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, ноцтой зөрчлийн сэжиг бүхий тохиолдолд холбогдох газраас гэнэтийн, төлөвлөгөөт бус шалгалтыг хуулийн хүрээнд хийх боломжтой” гэсэн юм.
Харин ийм “чөлөөлөлт”-ийг хийсэн Ерөнхий сайд Н.Учрал “Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй тохиолдлоос бусад үед төлөвлөгөөт шалгалт хийх шаардлагагүй” гэж тодотгожээ. Уг нь хүнс бол улс орны аюулгүй байдал, оршин тогтнолын үндэс юм. Хүнсний аюулгүй, найдвартай байдлыг хангана гэдэг нь өл залгуулах хэрэгцээг хангахаас онхи ондоо асуудал бөгөөд хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь билээ. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь үүнийг хүний эрүүл мэндэд ноцтой хохирол, эрсдэл дагуулахуйц салбар биш хэмээгээд ийм зохицуулалт хийсэн нь харамсалтай.
Төрийн байгууллагаас олгодог зарим төрлийн тусгай зөвшөөрлийг цуцлах, бичиг цаасны ажлуудыг хөнгөвчлөх шийдвэрүүд хувийн хэвшлийнхний ачаа дарамтыг үлэмж бууруулсан. Харин аж ахуйн нэгжүүдэд төвөг чирэгдэл болохгүй гэдэг үндэслэлээр төлөвлөгөөт шалгалтыг цуцалж, хамгийн чухал салбарууд дахь хяналт, удирдлагаа сулруулсан нь гажуудал гэлтэй. Энэ бодлогогүй шийдвэр хүнсний үйлдвэрүүд төдийгүй худалдаа эрхлэгчид, төрийн байгууллагынхны хариуцлага, уялдаа холбоо, чиг үүргийг алдагдуулж, налгар назгай байдал үүсгэж байна.
Өөр нэгэн жишээ дурдъя. Иргэн Болд хүнсний дэлгүүрүүдэд эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй төмс, хүнсний ногоо худалдан борлуулж буй асуудлаар зохих шатны байгууллагуудад ханджээ. Үүний дагуу нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын байцаагчид иргэний мэдээлэлд дурдсан нэр бүхий хүнсний таван дэлгүүрт шалгалт хийсэн гэнэ. Энэ талаарх мэдэгдэлдээ “Шалгалтаар нэр бүхий хүнсний хоёр дэлгүүрт… нэрийн савласан төмс борлуулж байсан бөгөөд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтыг шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдалд улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна” гэж дурджээ.
Иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр хийж байгаа гэх хяналт шалгалт ямархуу үр дүнтэйг эндээс харж болно. Нэг нэрийн ижил бүтээгдэхүүн худалдаалагч таван дэлгүүрийн талаар мэдээлэл хүргүүлсэн байхад хоёрыг нь шалгасан дүр үзүүлээд, бусдыг нь орхигдуулжээ. Шалгалтаар чухам ямар зөрчил дутагдал илрүүлсэн нь ч тодорхой бус. Ерөөсөө төрийн байгууллагынхан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн утсаар дамжуулан салбартайгаа холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэж эхэлснээр хяналт шалгалтыг ор нэрийн төдий хийдэг боллоо. Өргөдөл, гомдлыг түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй хүлээж авч байгаа ч түүнийгээ бодитой шийдвэрлэхийн төлөө бус, “таны ирүүлсэн мэдээллийн дагуу ажиллалаа” гэдэг тайлан, мэдэгдэл хүргүүлэхэд л анхаарч байна. Эхэнд дурдсан жишээн дээр ч энэ явдал давтагджээ. Холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд иргэний гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа байнга шахам тайлагнаж, мэдээлэл хүргүүлж ирсэн ч тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой гол асуудлыг өнөө хэр шийдээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, сүүний үнэр, амт яагаад өөрчлөгдсөн, стандарт хаана зөрчигдөв гэдгийг байцаагчид тогтоож хүч рэхгүй нэг сар шахам болжээ. Ийм байхад төлөвлөгөөт буюу тогтмол хугацаанд, тодорхой давтамжтайгаар хийдэг хяналт шалгалтын үйл ажиллагааг хязгаарлана гэдэг нь хариуцлагагүй хүмүүсийн толгойг илж буйгаас өөрцгүй.
Монгол Улсад хүнсний аюулгүй байдал анхаарал татсан асуудал хэвээр байна. Хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангах, импортын хараат байдлыг бууруулахаас эхлээд бүтээгдэхүүний гарал үүсэл, хаяг шошгын стандартыг чанд мөрдүүлэх гээд тулгамдсан бэрхшээл олон. Тийм ч учраас Төрийн тэргүүн нь манлайлж уриалаад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах бодлого барьж байгаа. Иймийн тул Монгол Улс хүнсний салбар дахь хяналт анхаарлаа сулруулж болохгүй. Хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагын систем угсарсан бол түүнийгээ ажиллуулах ёстой. Юуны тулд яамдын дэргэд Салбарын хяналтын газар гэж нэмэлт бүтэц бий болгосон билээ. Хэргийг нь гаргах л учиртай.
Иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гомдол, мэдээллийг зохих байгууллагад гаргахгүй өнгөрөх нь элбэг. Үүнд манай төрийн байгууллагынхны хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагаа, залхаан цээрлүүлэх гэсэн мэт хандлага нөлөөлдөг. Бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зөрчил гарлаа гэхэд гомдол, мэдээлэл гаргах нь хэд билээ. Ингээд тооцохоор төлөвлөгөөт шалгалтыг чөлөөлөх шийдвэрийн цаана хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой олон зөрчил дарагдах магадлалтай. Харин худалдаа эрхлэгчдийн хувьд хяналт шалгалт дайраад өнгөрөх үү, тойроод гарах уу гэдэг нь аз, эзний асуудал болж хувирах нь.
Манай улсын хүнсний салбарт хатуу хяналт шаардлагатай юу, хэр зэрэг чухал вэ гэсэн асуултад хүнсний технологич Б.Рэгзмаа “Хүнсний аюулгүй байдал хэврэг улсад дотоодын үйлдвэрлэл хангалтгүй, импортоос хэт хамааралтай байдаг тул салбарын яамны болон хяналтын бусад байгууллагын хатуу хяналт шалгалт онцгой чухал байдаг. Энэ нь хугацаа дууссан, чанарын шаардлага хангахгүй, хортой бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, улмаар хүнсний эрүүл ахуйн стандартыг бүх шатанд мөрдүүлэх үндэс болдог. Түүнчлэн хяналт шалгалтыг сайжруулснаар хууль бус наймааг таслан зогсоож, нийлүүлэлтийн сүлжээнд шударга өрсөлдөөнийг бий болгон, үндэсний хэмжээнд хүнсний тогтвортой нөөцийг бүрдүүлэхэд шууд нөлөөлдөг” гэсэн юм.
Н.Мишээл