Монгол хүний мөс чанар, нэгнээ гэсэн нинжин сэтгэл цаг хугацаа өнгөрөх тусам биднээс алсарсаар, нийгэм хүн дүрст араатнууд, хүйтэн чулуун зүрхтнүүдээр дүүрч байх шиг. Энэ нь зөвхөн хувь хүний асуудал бус, бидний нийтийн харилцаа, зөвшөөрч буй зан үйлийн талаарх болон давж болох, болохгүй хил хязгаарын тухай ойлголт юм. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хэн нэгний гадаад төрх, гэр бүл, амьдралын нөхцөл, эмзэг байдлыг нь дур зоргоороо шоолж доромжлон, түүнийгээ үзвэр, контент болгон ашиглах явдал хавтгайраад байна.
Хэн нэгнийг гутаан доромжилсон, хүчирхийлэлд өртсөн, эрхийг нь ноцтой зөрчсөн агуулга бүхий зураг, бичлэг, постыг хэдэн мянган үзэж, түүнийг нь нийгмийн олонх “зүгээр л хошигнол” мэтээр хүлээн авах болсон нь дэндүү хэрцгий. Энгийнээр тайлбарлавал эдгээр нь монголчуудын сэтгэлийн боловсрол “ширгэж” буйг илтгэх наад захын шинж тэмдэг юм. Цаашлаад бидний цөөхөн монголчууд “тогоон дотроо” нэгнээ хэрцгийлж, эхнэр, нөхрөө егүүтгэн, төрсөн эцэг, эхээ хөнөөж, үр хүүхдээ хүчирхийлэх зэргээр аймшигт балмад хэрэг өдүүлсээр буй. Нийгмийн олонхын сэтгэл зүйн байдал ийм тогтворгүй, улам “зэрлэг” болсоор байхад сүүлийн 12 жилийн турш хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг огт хайхарсангүй. Тэртээ 2013 онд хийсэн үндэсний хэмжээний ганц судалгаагаа өнөөдөр ч ярьсаар. Өөрөөр хэлбэл, манай улс хүн амынхаа сэтгэцийг 1992 оноос хойш 21 жилийн зайтай ердөө хоёрхон удаа л үнэлсэн гэсэн үг. Эдгээр судалгаа өнөөгийн монголчуудын сэтгэл зүйн байдлыг тодорхойлох ямар ч боломжгүйг сэтгэл зүйчид ч хэлдэг. Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд, зүрх сэтгэлийн боловсрол энэ мэт доройтсон, ужгирч, эдгэшгүй болоод уджээ. Нийгмийн толинд бид өөрсдийгөө хэр удаан харж чадаж байгаа бол. Үнэнийг олж харахыг хүсвэл энэ толийг байнга арчих хэрэгтэй гэдэг. Үг хүчтэй, нөлөө ч ихтэй, түүнээс үйлдэл ч гарч болно. Тэр дундаа нийгмийн сүлжээнд олны танил гэх хүмүүсийн үг, үйлдэл хүчтэй “зэвсэг” болсныг, хүнийг дутуугийн зовлон, эмзэг байдлаар нь дээрэлхэх хамгийн арчаагүй бөгөөд хүнлэг бус үйлдэл гэдгийг “Urban talk” нэвтрүүлгийн оролцогчид саяхан харуулсан.
Тэд “Өнчин таван охин олж, насанд хүрэгчдийн кино хийж, өндөр ашиг олно” гэж төлөвлөсөн тухайгаа нэвтрүүлгийн үеэр ярьсан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулж, улмаар Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газраас шалгалтын ажиллагаа явуулахад хүргэсэн. Шалгалтын үр дүнг нийтэд зарлаж, тухайн нэвтрүүлэгт оролцсон нэр бүхий зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүр 100 мянга, санаачлагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгосон юм. Түүнчлэн “Учралт каналайзер” ХХКийнхныг хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлснээ мэдээлэв. Мэдээж манай хууль, дүрэм ийм тул, хүний үг, үзэл бодол нь үйлдэл болоогүй цагт ярьсан хэлсэн болгоныг шүүхээр яллах боломжгүй. Гэсэн ч энэ жишээ бол зүгээр хэн нэгний үзэл бодол, үйлдэгдээгүй төлөвлөгөө төдий байсан гээд өнгөрүүлэхэд дэндүү харгис. Бид нийтээр өнөөдөр ийм л болчхоод буй. Зовж зүдэрсэн нэгэндээ туслахаа больсон, гудамжинд цус харваад уначихсан нэгнийг “архичин л биз” гээд хээвнэг дээгүүр нь харайгаад явчихдаг. Залуус нь автобусанд ороод суудлаа алдчихна хэмээгээд чихэвч зүүгээд, нүдээ аниад буруу хараад суучихдаг. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хажууд нь зогсож байхад юман чинээ ч боддоггүй. Олон хүнтэй бүгчим автобусанд хүн ухаан алдаад унаж байхад 40, 50-иулаа харж суугаа хэрнээ хэн нь ч “Таны бие зүгээр үү” гээд асуучих наад захын хүнлэг сэтгэлгүй хүмүүсээр хорвоо дүүрсэн. Эцэг, эхчүүд ч ялгаагүй үр хүүхэд нь мөр бүтэн, гэдэс цатгалан л байвал түүндээ ханачхаж байна. Орчин цагт дэлхий нийт IQ буюу оюуны чадвартай гэхээсээ илүүтэй EQ буюу сэтгэлийн хаттай хүүхдүүд ирээдүйд илүү их амжилтад хүрч байгааг нотолсон. Тиймдээ ч олон улсад бусдыг өөрийнхөө оронд тавьдаг (empathy), тусархаг, бусдыг энэрч мэддэг (compassion), эргэцүүлэн тунгаадаг (critical thinking), асуудлыг шийддэг (problem solving), багаар ажиллах чадвартай (team working) хүнийг үнэлдэг, ажлын байранд түрүүлж гардаг нь ч батлагдсан.
Гэтэл өнөөдрийн монголчууд сошиал орчинд ховоор “хооллож”, хор хутган, нэгнээ “дүүжилж”, бах таваа хангахаас өөр ид шидгүй, түүнийгээ ч ухаарах тэнхэлгүй болжээ. “Өнчин охидыг насанд хүрэгчдийн кинонд тоглуулж мөнгө олно” гэж боддог болтлоо монгол залуусын оюун санаа, зүрх сэтгэл доройтсон байна. Өсвөр үеийнхэнд үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүмүүс нь өнчин охид ямар ч үнэ цэнгүй гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхээр цаашид хэрхэх билээ. Нийтийн соёлыг ганцхан боловсролын системээр олгодоггүйг, монгол хүн оюуны, сэтгэлийн, биеийн тамиртай байхыг эцэг, өвгөд минь бидэнд сургаж ирснийг мартаж болохгүй юм сан. Тэгвэл зүрх сэтгэлийн боловсрол гэж яг юуг хэлэх вэ гэсэн асуулт урган гарах нь дамжиггүй. Үүнийг зөвхөн сайн хүн байх, сайхан сэтгэлтэй, зөөлөн хандахтай адилтган ойлгож болохгүй юм. Олон улсын сэтгэл судлал, боловсролын шинжлэх ухаанд Social and emotional learning буюу нийгэм сэтгэл хөдлөлийн суралцахуй гэдэг ойлголтыг өргөн хэрэглэдэг. Энэ нь дээр өгүүлсэнчлэн хүн өөрийн сэтгэл хөдлөлийг таних, зохицуулах, бусдын байр суурийг ойлгох, харилцаагаа зөв авч явах, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай шийдвэр гаргах зэрэг амьдралын суурь чадвар эзэмшсэн байхыг хэлдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас гаргасан Нийгэм, сэтгэл хөдлөлийн ур чадварын судалгаанд өсвөр насны хүүхдүүдийн эдгээр чадварыг даалгавар гүйцэтгэл, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай харилцах, нээлттэй сэтгэлгээ, хамтын ажиллагаа гэсэн таван бүлэгт хуваан авч үзсэн байдаг. Үүнд нь өнөөх л тэсвэр хатуужил, хариуцлага, өөрийгөө хянах чадвар, стрессээ зохицуулах, бусдыг ойлгох, туслах, итгэх, хамтран ажиллах, хүлээцтэй байх зэрэг олон чадварыг багтаажээ. Эдгээрийг боловсролоор олж авдаг академик мэдлэг, туршлагаас илүү чухалд тооцож буй. Хүн төрөлхийн ийм чадвартай төрдөггүй учраас нийгмийн орчноосоо, эцэг, эх, хүрээллээссээ суралцаж, даган дуурайж хөгждөг гэсэн үг. Тиймээс сэтгэлийн боловсрол бол нэг удаагийн лекцээр олгох зүйл биш, хүүхдийг багаас нь гэр бүл, сургууль, нийгмийн орчинд алхам тутамд нь заах ёстой аж. Оюуны өндөр чадвар нь хэдий чухал ч энэ нь дангаараа хүний хөгжлийг тодорхойлохгүй бөгөөд олон улсын судалгаанууд IQ болон EQ-г хооронд нь сөргөлдүүлэхээс илүү харилцан нөхөх зарчмаар “ажиллуулахыг” зөвлөдөг.
OECD-ийн судалгаагаар нийгэм-сэтгэл хөдлөлийн чадвар өндөртэй сурагчид боловсролыг үр дүнтэй эзэмшиж, тэр хэрээр сэтгэл ханамж их, ирээдүйд эрүүл зан үйлтэй болдог гэжээ. Ялангуяа тэсвэр хатуужил, хариуцлага, өөрийгөө хянах чадвар, амжилтад хүрэх сэдэл, сониуч зан зэрэг нь сурлагын амжилттай нь шууд холбоотой болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, өндөр боловсролтой мөртлөө өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөггүй, онц сурдаг атлаа бусдыг доромжилдог, ухаантай юм шиг мөртлөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, харагдах байдал, үзэмжээр нь ялгаварлан гадуурхдаг, эрхэд нь дураараа халддаг бол тэр хэн ч биш гэсэн үг. Саяхан нэгэн олны танил жүжигчин эмэгтэй киноны зураг авалтын үеэр бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөж байсан тухайгаа, эмэгтэй жүжигчдэд тулгамддаг зовлон бэрхшээлүүдийн талаар шүгэл үлээгээд цахимд “дүүжлүүлсэн”. Түүнийг сошиалаар “Найруулагчаа яах гэж дагаж явсан юм, хохь чинь. Чиний буруу шүү дээ” хэмээнд буллидэж, сэтгэл санааны гүн дарамтад оруулжээ. Ийм муухай монгол зан бол манайханд хамгийн түгээмэл бугшсан. Шүгэл үлээгчдээ хамгаалддаггүй, буруутан болгодог, ялладаг үзэгдэл хавтгайрснаас хүчирхийлэл улам далд хэлбэр лүү шилжиж буй гэдгийг ч сэтгэл судлаачид анхааруулах болсон. Уг нь бид эрт үеэсээ л уужуу тайван, зочломтгой, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан, эрх чөлөөг эрхэмлэдэг, ёс заншлаа хүндэтгэдэг, тэвчээртэй, эрэлхэг зоригтой, бусдад тусч ард түмэн байсан сан. Харамсалтай нь, манайхныг бусдаас ондоошиж, ялгадаг тэр сайхан сэтгэл, мөс чанар өмнө дурдсанчлан одоо үгүй болжээ. Хүүгээ уйлуулахгүй өсгөхөөс илүүтэй мэдрэмжээ зөв илэрхийлж чаддаг хүн болгох, охиноо даруухан байлгах гэхээсээ өөрийн хил хязгаар, эрхээ хамгаалж мэддэг нэгэн болгон хүмүүжүүлэхийг дэлхий нийт ч зөвлөж байна. Тиймдээ ч олон улсад хүүхдийн хүмүүжил, зүрх сэтгэлийн боловсрол нь нийгмийн өдөр тутмын соёл болон хөгжсөн байдаг. Ялангуяа бид хүүхдүүдээ ямар орчинд өсгөж байгаа вэ гэдгээ ямагт тунгаан, тэд бидний үйлдэл бүрийг даган дуурайж, хэлсэн үгийг сонсож, инээсэн зүйл рүү харж, үзэн ядсан болгоныг зүхэж, томчуудын “тусгал” болж байгааг анзаарах хэрэгтэй. Энэ бүхнийг өөрөөрөө үлгэрлээгүй цагт таны бодлогогүй үгэнд, зөвтгөдөг харгислалд, инээгээд өнгөрдөг доромжлолд, үзэж, түгээж буй хортой мэдээлэлд автсаар байх болно гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.