
Олон янзын хэл, соёл, зан заншилтай дэлхийн иргэдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран холбодог цорын ганц гүүр бол хөгжим билээ. Хүний сэтгэлийн гүнээс урган гарах тэрхүү хөг эгшиг өөр нэгний мэдрэмжийн утсыг хөндөж, түүнийг бүтээн туурвиж, дэлхий дахинд түгээнэ гэдэг юутай гайхалтай бөгөөд бахархалтай. Ийм хувь заяанд хөтлөгдөн, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа уран бүтээлчид бол Төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонт “Hu” хамтлагийн залуус юм. Тэд хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулсан “Wolf totem-The Hu world premiere” тоглолтоо өнгөрсөн бямба гарагт толилуулж, 40 мянга гаруй үзэгчтэй хамт омогшил, уухайгаар дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүллээ. Эрх чөлөөт монгол залуусын онгод хэрхэн цалгиж, өв соёлоо дэлхийн хөгжмийн тайзнаа яажшуухан илэрхийлж буйг тэр үдэш үзэгч бүр мэдэрсэн биз ээ.
ДЭЛХИЙН ТАЙЗНАА ГАРАХААС ӨМНӨХ НАЙМАН ЖИЛ
Хүмүүсийн олонх нь уран бүтээлчдийн амьдралыг нижигнэсэн алга ташилт, нүсэр тоглолтоор төсөөлөх нь бий. Харин тэр бүхний цаана шаргуу бэлтгэл, гэр бүлээсээ хол өнгөрүүлэх он цагууд, тасралтгүй аялал, өөрийгөө шинээр бүтээх сахилга бат, хөдөлмөр нуугдаж байдаг. “Hu” бол гэнэтхэн тодрон гарч ирээд, дэлхийд танигдсан хамтлаг биш юм. Хамтлагийн ахлагч Ц.Галбадрахын хэлснээр продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог хүннү рокийн санааг бодит бүтээл болгохын тулд найман жилийн турш судалгаа хийжээ. Түүний зорилго үндэсний хөгжмийг уламжлалт хэвээр нь эгшиглүүлэх бус, Монголын баялаг өвийг дэлхийн рок хөгжмийн хэлээр илэрхийлэхэд оршиж байв. Тэрбээр хамтлагийн гишүүдээ сонгоход бүтэн нэг жил зарцуулж, өнгө аяс, тайзны төрхөөс эхлээд хөгжмийн зэмсгийн хийц хүртэл нарийн төлөвлөсөн байна. Ийнхүү морин хуур, товшуур, цуурын эгшиг, хөөмий, хархирааны өвөрмөц аялгууг рок хөгжмийн хүчирхэг хэмнэлтэй хослуулсан “Hu” хамтлаг мэндэлжээ. Энэ бүхний үр дүнд уламжлалт хэв маягийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан хүннү рок хэмээх урсгалыг дэлхийн сонорт хүргэж, өөрсдийн байр сууриа олсон юм. Б.Дашдондогийн олон жилийн хөдөлмөр, хүннү рокийг шинэ түвшинд хүргэсэн хувь нэмрийг дэлхийн алдарт дуучин Элтон Жон хүртэл онцлон үнэлж байжээ. “Hu” дэлхийн хөгжмийн зах зээлд гарахдаа “Бид барууны рокийг тэднээс дутахааргүй тоглож чадна” гэж өрсөлдсөнгүй. Харин “Бидэнд бусдад байхгүй, дахин давтагдашгүй юу байна вэ” хэмээн өөрсдөөсөө асуужээ. Хариулт нь монгол ондоошил, өв соёл байв. Тэд үндэсний хөгжмөө музейн шилэн хоргонд түгжихийг хүссэнгүй. Харин эртний өв соёлоо орчин үеийн рок хэмнэлтэй сүлэх эрсдэлтэй замыг сонгосон. Магад энэ нь ч тэднийг бусдаас ялгаруулах гол онцлог болжээ. Өөрөөр хэлбэл, бусдын гаргасан жимээр газар дөхөхийн оронд өөрсдөд нь буй өвийг дэлхийн сонсогчдод хүргэх шинэ зам сонгосон гэсэн үг.
ДӨРВӨН ӨНГӨ, НЭГ ЗОРИЛГО
Тайзнаа нэгэн бүхэл мэт харагддаг дөрвөн залуугийн цаана өөр өөр зан чанар, сонирхол, арга барил бий. Харин тэднийг нэгэн зүгт хөтөлдөг нийтлэг зүйл нь сахилга бат, уран бүтээлдээ тавьдаг өндөр шаардлага юм. Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах морин хуурч мэргэжилтэй, СУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн нэгэн. Гишүүд нь олон жилийн өмнөөс найз нөхөд, ах дүүсийн холбоотой байсан учраас нэг хамт олон болоход төдийлөн хугацаа шаардаагүйг тэрбээр ярьдаг. Хамтлагийн ууган гишүүн Б.Энхсайханы хувьд морин хуур, хөөмийн хослолыг тайзнаа амилуулахдаа гаргууд нэгэн. Тэрбээр хөгжмийн ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ адууны анатоми сонирхон судалж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Аялан тоглолтын үеэр зав гарвал хамтлагийнхантайгаа хөгжилдөж, Монголдоо ирэхээрээ байгаль, уул ус, мал ахуйтай ойр байж эрч хүчээ сэлбэдэг аж. Бөмбөрчин Г.Одбаярын хувьд амьдралынхаа ихэнх цагийг бэлтгэлдээ зориулна. Тоглолтын өмнөх sound check, өдөр тутмын сургуулилалт гээд хийх зүйлээ нарийн төлөвлөдөг бөгөөд өдөрт дунджаар найман цагийг чанартай бэлтгэл хийхэд зарцуулдаг аж. Харин Б.Нямдаваа аливаа ажлыг эмх цэгцтэй зохион байгуулахыг чухалчилдаг. Түүний хувьд ажил, ар гэр, хувийн амьдралын аль нэгийг нөгөөгийнхөө золиос болгох ёсгүй гэж үздэг. Тиймээс хийх ажлаа урьдчилан тооцож, чухлыг нь эрэмбэлэн, цаг хугацаатай нь уялдуулахыг эрхэмлэдэг. Том зургаа алдахгүйгээр өдөр тутмын жижиг ажлаа орхигдуулахгүй байх нь түүний баримталдаг зарчим. Тайзнаас буугаад тэд эгэл жирийн монгол залуусын амьдралдаа эргэн орно. Харин дэлхийн рок хөгжмийн томоохон тайз, олон мянган үзэгчийн өмнө гарах бүрдээ эх орныхоо нэр, өв соёлыг төлөөлж буй хариуцлагаа ухамсарладаг. Аялан тоглолтын урт зам, тасралтгүй үргэлжлэх бэлтгэл, ядарч зүдрэх үедээ тэд нэгнээ дэмжин, ижил зорилгын төлөө хамтдаа зүтгэдэг учраас шантрах зүйл бараг л гардаггүй гэнэ лээ.
ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ОНДООШЛЫГ БИЙ БОЛГОСОН НЬ
“Hu”-гийн тайзны дүр төрхийг харахад хөгжмийн зэмсгүүд нь хамгийн түрүүнд анхаарал татна. Тэдний морин хуур бусдаас өөр. Б.Дашдондогийн санаачилгаар илүү том биетэй, өтгөн өнгө, хүчтэй дуугаралттай загвар гаргаж, хөгжмийн урлаач П.Байгальжавын урласан тусгай морин хуурыг тэд ашигладаг. Мөн морины толгойг уламжлалт хэлбэрээс өөрөөр, эзэн рүүгээ харуулсан нь хамтлагийн өвөрмөц төрхийн нэг хэсэг болжээ. Лого нь ч мөн өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Өнгөц харахад луу мэт боловч анзаарч ажиглавал цоохор ирвэсийн дүрслэлтэй. Энэ нь хүч чадал, сүр жавхлангаас гадна дахин давтагдашгүй байх санааг илэрхийлдэг аж. Ийнхүү “Hu” хөгжмийн зэмсэг, лого, хувцас, тайзны төрх гээд бүхий л зүйлээрээ өөрийн гэсэн ертөнцийг бүтээжээ. Олон нийт оддын амьдралын хамгийн гэрэлтэй, сайхан мөчүүдийг л олж хардаг. Харин тэр гэрлийн цаадах хүнд бэрхийг тэр бүр анзаардаггүй. “Hu” дэлхийн олон орноор аялан тоглохдоо хэдэн сараар гэр бүлээсээ хол байж, урт аяллын турш сэтгэл санаа, бие махбодын асар их тэсвэр тэвчээр гаргадаг тухай Ц.Галбадрах ярьсан. Тоглолтын өмнөх бэлтгэл, дуугаралтын шалгалт, цагийн нарийн хуваарь. Дараагийн хот, дараагийн тайз. Энэ бүхэн тэдний амьдралын нэгэн хэмнэл болжээ. Тиймээс “Hu”-гийн амжилтын нууцыг зөвхөн авьяас, өвөрмөц дуугаралтаар тайлбарлах боломжгүй. Тэдний ард чанд сахилга бат, нарийн зохион байгуулалт бий. Хамтлагийн ажлаа бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, шинэ цомог, тоглолт, оролцох арга хэмжээ болгоны бэлтгэлийг менежментийн баг урьдчилан базаадаг. Тайзнаа гарсан дөрвөн залуу хэдхэн хормын дотор үзэгчдийн сэтгэлийг эзэмдэн хүчтэй энергиэ “цацдаг” ч, үүний ард олон цагийн шаргуу бэлтгэл, тасралтгүй хөдөлмөр оршдог билээ. Мөн тус хамтлагийн амжилтын гол гогцоо нь шинэ зүйлийг бий болгохын тулд хуучнаа орхисонд бус, өв соёлоо өөр өнцгөөр харж, дэлхийн сонсогчдод ойлгомжтой хэлээр хүргэж чадсанд оршино. Тэдний морин хуурын өвөрмөц хийц, хөгжмийн зэмсгийн өтгөн эгшиг, хувцаслалт, лого болон тайзны дүр төрх бүхэн нь нэгэн цогц утга бэлгэдлийг илэрхийлдэг. Өв уламжлалаа хадгалан үлдэх, түүнийг шинэ цагийн хэмнэлээр дэлхийд тунхаглах хоёрын заагт “Hu” хамтлаг өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй орон зайг дархалж чадсан юм.
НИЙГМИЙН АСУУДЛЫГ ДУУ ХООЛОЙГООРОО ИЛЭРХИЙЛЖЭЭ
“Hu” хамтлагийнхан бусадтай адилхан болохыг хэзээ ч зорьж байгаагүй. Продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хөгжим тоглодог олон хамтлаг бий болсон. Гэвч шинэ хамтлаг бүр өөрийн гэсэн онцлог, арга барил, уран бүтээлтэй байх ёстой гэж үзжээ. Тэрбээр үндэсний хөгжмийг багахан зардлаар тоглож, хурдан мөнгө олох хандлагыг том алдаа хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үзэл “Hu”-гийн уран бүтээлээс ч харагдана. Тэд бусдын амжилтыг давтахын оронд өөрсдийн ондоошлыг хөгжмийн хэл болгосон. Монгол хөгжмийг уламжлалт хэвээр нь хадгалах бус, шинэ цагийн сонсогчдод хүрэх өөр хэлбэрийг эрэлхийлсэн нь тэднийг бусдаас өөрөөр гэрэлтэхэд тусалжээ. 2019 онд “Yuve yuve yu”, “Wolf totem” зэрэг бүтээлээрээ дэлхийн сонсогчдын анхаарлыг татаж эхлэхэд эдгээр дууюүтүбболон хөгжмийн бусад платформд олон сая хандалт авч, рок хөгжим сонирхогчдын анхаарлыг Монгол руу чиглүүлсэн. Б.Дашдондогийн тайлбарласнаар “Yuve yuve yu” бол тухайн үеийн Монголын нийгмийн байдлыг шүүмжилж, хүмүүсийг сэрээх гэсэн санаанаас төржээ. Байгалийн баялгаа хайр найргүй ашиглах, мөнгөний хойноос хэт хөөцөлдөх, төрийн завхрал, гаднын зүйлд хэт автах зэрэг асуудлыг хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, тэд эх орныхоо тухай зөвхөн магтан дуулаад зогсохгүй, Монголын нийгэмд тулгарч буй асуудлыг өөрсдийн дуу хоолойгоор илэрхийлжээ. ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙХ НЬ ТЭДНИЙ ГОЛ ДҮРЭМ Продюсер Б.Дашдондогийн Б.Энхсайханд өгсөн хамгийн сайн зөвлөгөө “Өөртөө үнэнч бай” гэсэн үг байжээ. “Алдсан ч, оносон ч миний л алдаа, миний л амжилт” гэсэн энэ үзэл “Hu”гийн замыг тодорхойлсон гэж хэлж болно. Тэдний сонгосон зам дардан байсангүй. Үндэсний хөгжмөө роктой хослуулах нь нэг хэрэг. Харин түүгээрээ дэлхийн хөгжмийн зах зээлд өрсөлдөнө гэдэг огт өөр сорилт байв. Тэд Монголын өв соёлыг гадаадын хөгжмийн хэлбэртэй хольж, бусдад таалагдахыг зорьсонгүй. Оронд нь өөрсдөд нь байсан хөгжмийн өвийг дэлхийн сонсогчдод ойлгомжтой хэлээр дахин өгүүлсэн юм. Тиймээс “Hu”-гийн амжилтыг хэдэн сая хандалт, томоохон фестиваль зэргээр хэмжих нь учир дутагдалтай. Үндсэндээ тэд “Бид бусдаас юугаараа өөр вэ” гэсэн асуултад өөрсдийнхөөрөө хариулж чаджээ. Тэд монгол хүн гэдгээрээ дэлхийд танигдахыг сонгосон. Тиймээс “Hu”-гийн түүх бол зөвхөн дэлхийд гарсан нэгэн хамтлагийн намтар биш. Харин өөрийнхөө хэн болохыг мартахгүйгээр дэлхийн тайзнаа гарч болдгийн нэгэн жишээ юм.
Э.СҮЙЛЭН