Улс, нийслэлийн удирдлагуудыг удтал улигласан дүүжин тээвэр, метро, тусгай замын автобусны төслөө ярьж, түгжрэл, төвлөрлийг бууруулах түмэн төлөвлөгөө, буман бичиг цаас боловсруулах аядан зууралдаж байтал хувийн хэвшлийнхэн хотын нэг цэгээс нөгөө рүү зорчигч тээвэрлэдэг нисдэг тэрэгний үйлчилгээ нэвтрүүлж сүйд майд болох вий дээ. Ингэж мэдэхээр л дүр зураг, сонин содон үйл явдал сүүлийн үед шил даран өрнөж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн түүхт ойд зориулсан “Шувуун саарал” баяр наадмын үеэр Төв аймгийн удирдлагууд наадамчин олонд бэлдсэн түлхүүрийн оосор зэрэг дурсгалын эд зүйлсээ зэвсэгт хүчний байгууллагын нисдэг тэрэгнээс шидэн тарааж, “хишиг” хүртээсэн л гэнэ. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрынхныг Хөшигийн хөндий рүү автобус явуулна, явуулахгүй, ашигтай, ашиггүй гэж эргэж буцаж байх хооронд “Ontime” хэмээх компани “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас богино зайн тогтмол нислэгээр хотын төв рүү жуулчид тээвэрлээд хэдийн есөн сарын нүүр үзчихэж.
“Плэйтайм” хөгжмийн фестивалийг Налайх дүүрэгт зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан түгжрэлээс зайлсхийх, цаг хэмнэх гэсэн олны танил хүмүүс, бизнес эрхлэгчид өнөө жил хувийн нисдэг тэргээр наадмын талбайд газардаж олноос онцгойрсон гэх. Жил жилийн баяр наадмын өдрүүдэд олны хөлд дарагддаг Хүй мандлын торгон ногоон дэвжээнд улс төрч, урлаг соёлынхон, бизнесийн “томчууд” агаарын хөлгийг автобус шиг буулгаж, хүндтэй зочдоо нааш цааш зөөлгөн аархдаг болсон сурагтай. Эцэст нь иргэний нисэхийн байгууллагынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нисдэг тэрэг хөөрч, буух зурвас байгуулахаар хүч түрж эхэлсэн талаар тус ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн VIII хуралдааны үеэр хэлэв. Эдгээр үйл явдал нь манай улсад ерөнхий зориулалтын буюу бага оврын агаарын хөлгийн хэрэглээ, үйлчилгээ эрс нэмэгдсэнийг баталж байна. Иргэд сүүлийн үед “Хотын дээгүүр нисдэг тэрэг байнга явах боллоо”, “Гачуурт, Биокомбинат тэргүүтэй нийслэлийн захын бүсэд онгоцны дуу чимээ өглөө, оройд их сонсогддог болсон” гэх зэргээр төвөгшөөж эхэлсэн нь учиртай. Хувийн хэвшлийнхэн, бизнесменүүд, аялал жуулчлал эрхлэгчид захиалгат нислэг үйлдэх, хувьдаа ашиглах зорилгоор нисдэг тэрэг оруулж ирэх нь сүүлийн жилүүдэд эрс ихэсжээ. Үүнийг дагаад нислэгийн аюулгүй байдлыг хангуулах, дүрэм журмыг мөрдүүлэх асуудлууд тулгамдаж эхэлснийг агаарын тээврийн салбарынхнаас эхлээд бодлого, шийдвэр гаргах түвшнийхэн ч хөндөж байна.
Өдгөө манай улсын хэмжээнд гадаад, дотоодод нислэг үйлддэг 60 орчим агаарын хөлөг буйгаас тэн хагас нь ерөнхий зориулалтынх буюу бага оврын нисдэг тэрэг гэнэ. Үүний тав нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дэргэдэх “Mongolian airways cargo” компанид харьяалагддаг бол бусад нь хувийн хэвшлийнх. Энэ төрлийн агаарын хөлгийг дэлхий дахинд аялал жуулчлал, ачаа тээвэр, спорт, сургалт, яаралтай түргэн тусламж, уул уурхайн үйл ажиллагаанд түгээмэл ашиглаж иржээ. Харин манай агаарын тээврийн компаниуд ч, хувь хүмүүс ч урин дулааны цагт голдуу аялал жуулчлалын зорилгоор ашигладаг байна. Өдгөө “Скай жет”, “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Мөнх трэйвэл”, “Хүннү эйр”, “Опен скай”, “Ontime” зэрэг компани өөрсдийн гаргасан хөтөлбөр, маршрутын дагуу болон хувь хүмүүсийн захиалгаар аяллын, албан ажлын хуваарьт бус нислэг тогтмол үйлдэж байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн мэргэжилтэн хэллээ. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, олон улс, орон нутгийн шинж чанартай арга хэмжээ олширсон, авто замын нөхцөл байдал муудсан, нийтийн тээврийн хүртээмж, тав тух муу, хотжилт, түгжрэлийн нөлөөгөөр нэг цэгээс нөгөөд хүрэхэд зарцуулдаг хугацаа уртассан зэрэг нь бага оврын агаарын хөлгийн хэрэглээ өсөхөд нөлөөлж буйг аялал жуулчлалын салбарынхан хэлж байна. Зөвхөн гангараа болгож, хувийн хэрэглээний зориулалтаар нисдэг тэрэг худалдан авч хөлөглөдөг нь хуруу дарам цөөн гэдгийг ч хэлэв.
Гагцхүү сайд, дарга нар улсын өмчийг зориулалт бусаар ил, далд ашигладаг явдал олон ажээ. Монгол Улсын иргэний нисэхийн дүрэмд зааснаар суурьшлын бүс болон задгай газар нутаг дээгүүр агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд аюулгүй байдлын үүднээс өндрийн хязгаарлалтыг чанд мөрдөх ёстой гэнэ. Тухайлбал, хот, суурин газарт, эсвэл хүн олноор цугларсан задгай газар, талбайд нислэг үйлдэхдээ тухайн агаарын хөлгөөс 300 метрийн радиус доторх хамгийн өндөр саадаас дээш 300-гаас багагүй метрт нисэх ёстой юм байна. Энэ нь хөдөлгүүр зогсох зэрэг гэнэтийн аваарын үед суурин бүсээс холдож, аюулгүй газардах хугацааг нисгэгчид олгох зорилготой. Харин суурьшлын бус бүс, усны мандал дээгүүр нисэхдээ дурын хүн, тээврийн хэрэгсэл, барилга, байгууламжаас багадаа 150 метрийн өндөрт зорчих дүрэмтэй аж. ИНЕГ-аас зөвшөөрсөн тусгай ажиллагаа, тодруулбал, эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд бол олон хүн цугласан газарт дүрмийн бус буюу хэт доогуур нисэхийг хатуу хориглодог гэнэ.
Харамсалтай нь, манайд сүүлийн үед энэ дүрмийг зөрчиж, “экстрим” үйлдэл хийх тохиолдол түгээмэл гарах болжээ. Агаарын тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай инженер, эрхзүйч мэргэжилтэй нэгэн нисэхийн дүрэм амиар бичигддэгийг сануулаад “Зам, тээврийн яамныхан болон Иргэний нисэхийн ерөнхий газрынхан ерөнхий зориулалтын нислэгийн хөгжлийг бодлогоор дэмжиж байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр нислэгийн дүрэм санаатай зөрчих, аюулгүй байдлын горимыг үл хэрэгссэн үзэгдэл гарах боллоо. Ялангуяа эгц дээш хөөрч, буух зориулалттай хөлгөөр олон хүн цугларсан талбайд газардах, дүрмийн бус, хэт нам хэсгээр нисэх, онгоцноос эд зүйл шидэх явдал гарч байна. Нисэх бол арай өөр орчин. Дүрэм нь амиар бичигддэг онцлогтой. Агаарын “хулигаанчлал”-ын санаатай үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн хариуцлагыг зөвхөн нисгэгчид тохоох бус, тийм үйлдэлд хөтөлсөн, түлхсэн бусад этгээдэд давхар үүрүүлэх хуулийн шийдэл бий болгох ёстой. Энэ жил үүнийг ажил хэрэг болгохын төлөө хөөцөлдөнө.
Эрх мэдэлтэн, нөлөө бүхий этгээдүүд нислэгийн дүрмээс гадуурх зүйлийг нисгэгчээс шаардсан, шахсан, тушаасан тохиолдолд давхар хариуцлага үүрүүлдэг байх нь шударга зарчим” гэсэн юм. Харин өөр нэгэн мэргэжилтэн “Манай улс 2018 онд “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр” баталж, энэ чиглэлийн үйл ажиллагаанд мөрдөх багц дүрэм болон агаарын зайгаа шинэчилсэн. Үүгээр хяналттай буюу нисэх буудал, суурин газар, цэргийн байгууламж бүхий объекттой бүсээс бусад агаарын орон зайг чөлөөлж, 6150 метр хүртэлх хэсгийг хяналтгүй болгосон. Ийм өндөр хүртэлх агаарын орон зайд нислэг үйлдэх тохиолдолд иргэний нисэхийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй байх нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг. Энэ зохицуулалт нь нислэгийн аюулгүй байдал алдагдах, дүрэм зөрчих гол үндэслэл болж байна. Ерөнхий зориулалтын нисэхийг сайн хөгжүүлсэн орнуудад иймэрхүү чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлэх нь зөв ч нисдэг тэрэгний хэрэглээнд хожуу шилжсэн, харьцангуй туршлага багатай манайх шиг оронд энэ салбар одоохондоо хатуу хяналттай байх ёстой.
Бага оврын онгоц, нисдэг тэрэг, хэт хөнгөн агаарын хөлгүүд илүү нам доогуур, харааны баримжаагаар нисдэг тул тэдгээрийг том онгоцны замаас тусгаарлахын тулд ингэж өндрийн зааг тогтоосон юм билээ” хэмээв. Үндсэндээ манай улс ерөнхий зориулалтын нислэгийн үеийн аюулгүй байдлыг хангах дүрэм журам, хууль, стандартыг олон улсын жишгээр баталдаг ч түүнийгээ хэрэгжүүлэх, хянах тал дээр учир дутагдалтай гэдэг нь эндээс маш тодорхой харагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монгол Улсад нисдэг тэрэг болон агаарын жижиг хөлгийг хувийн салбарт ашиглах, хөгжүүлэх боломж жилээс жилд нэмэгдэж буй. Бизнес эрхлэгчид жижиг оврын нисдэг тэргийг өөрсдийн хувийн хэрэгцээнд ашиглахаас гадна түүгээрээ захиалгат, төлбөрт нислэг үйлддэг болсон. Төр үүн дээр хяналт тавиад, бодлогоор дэмжихэд л хангалттай. Шинэ тутам хөгжиж буй салбар учраас аюулгүй байдлын дүрэм журмыг хатуу мөрдүүлэх нь чухал. Төрийн өмчийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр захиалгат нислэг үйлдэж, хувийн хэвшлүүдтэй бизнесийн орон зайг нь булаалдаж болохгүй” гэсэн нь одоогийн бодит нөхцөл байдалд яв цав нийцсэн “зөвлөгөө” байв.
Н.ДҮҮЛ