Хууль зүй, дотоод хэргийн сайд олны магтаалд “хөөрч”, оёгоор өвдсөн үү, эсвэл хөндлөнгөөс зөвлөж, буруу зөрүүг нь хэлэх хүнгүйдээ тэр үү, “Хүн бүр ганцхан сошиал хаягтай байх тогтолцоо руу шилжинэ. Ингэхдээ зөвхөн насанд хүрсэн хүн регистрийн болон утасны дугаараараа бүртгүүлж, цахим сүлжээнд хандах боломжтой байна” хэмээчхэв.
Өнгөрсөн сард тэрбээр өргөтгөсөн хуралдаанаараа хууль хяналтын болон харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсноо мэдэгдсэн.
Түүнчлэн “Манай улсад 2.7 сая фэйсбүүкийн хэрэглэгч байна. Үүнээс 400 мянга нь хуурамч бүртгэлтэй. Ашиг хонжоо хайсан этгээдүүд цахим орчинд нэр, нүүрээ нуусан хаягаараа худал, төлбөртэй мэдээлэл тарааж, иргэдийг талцуулж буй. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд заналхийлж байгаа тэдэнд нуугдах орон зай байхгүй” гэсэн юм.
Үүнээс хэдхэн хоногийн дараа зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр “И-Баримт” системээс шүүж үзэхэд 7000 иргэн тухайн өдрөө дахин дугаарлаж, шатахуун авсан байна” гэх албаны мэдээлэл цахим орчинд “тарсан” нь төр иргэдийнхээ мэдээллийг дур зоргоороо, хянаж, цагдахад ашиглаж буйн удаах, гэнэн илрэл болсон нь нууц биш. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл, тролл хаягуудтай тэмцэх нэрээр төр бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг алгуур боомилж, хяналтаа тогтоох гэсэн далд санаархал С.Амарсайханы мэдэгдлээс “үнэртэж” буй юм.
Мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал гэгддэг “И-Монголиа” л гэхэд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа халдлагад өртсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд шинэчлэн найруулахдаа холбогдох журмыг өөрчлөөгүйгээс “Гэрэгэ”, “Киоск”, “Дан”, “И-Монголиа” зэрэг байгууллага төрийн үйлчилгээ, иргэдийн хувийн мэдээллийг дамжуулахдаа алдаа гаргасан ч хариуцлага огт хүлээдэггүйг хүний эрхийн байгууллагынхан ярих юм билээ. Харин одоо утасны дугаар, регистрээрээ фэйсбүүк нээж, баталгаажуулдаг болчихвол юутай ийтэйгээ “том ах”-ын атганд орох нь. Ийм “маанаг” ч юм шиг, эсвэл далд, атгаг санаа агуулсан аятай төрийн түшээдийн нийтэд зарлах шийдэл, мэдэгдлээс өөдтэй “юм” гарахгүй шинжтэй дэг.
ТРОЛЛ ГЭХ ТУЙЛШРАЛ
Манай улсын нэгэн “экс” Ерөнхий сайд “тролл арми”-ийн “загалмайлсан эцэг”, пропаганда мэдээллээр “хүчирхийлэгч” байсныг сануулах нь илүүц биз. Үүгээр тогтохгүй, өөрөөс нь зөрсөн, үйл хэргийг нь шүүмжилсэн хүмүүсийг “зуухдаа” нийгэмд хаяж өгч, иргэдээр нүдүүлчхээд ард нь нэр цэвэр үлддэг байв. Хар пиарт төгсөрсөн, “цүнх баригч”-даараа хүрээлүүлсэн эрх мэдэлтнүүд л тролл, хиамчид хөлслөх мөнгөтэй гэдэг нь нууц биш. Ерөөсөө л олныг хагалган бутаргаж, худал мэдээлэл тарааж буй этгээдүүдийн дийлэнхнь нэрээ нууцалж нийтлэл, сэтгэгдэл бичдэг “гэмгүй” хувь хүн гэхээс илүүтэй зохион байгуулалттай, зорилготой, бүлэглэн ажилладаг сүлжээ байдгийг баримт шалгах төвүүдийн судалгааны тайлангаас харж болно. Үүнийг цааш дэлгэрүүлье. Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвийн хөтөлбөрийн захирал Л.Анударь одоогоос таван сарын өмнө нийтэд хүргэсэн “90 мянган долларын манипуляц” нийтлэлдээ “Манай улс төрчид медиа манипуляц хийдэг, тэгэх тэгэхдээ маш өндөр дүнгээр санхүүжүүлдэг нь тогтоогдсон. Үүнийг энгийнээр тайлбарлавал, тухайн цаг үеийн хамгийн өргөн хэрэглээтэй мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийн ойлголт, үнэлэмжид зориуд нөлөөлөхийг хэлдэг. МАНын даргын төлөөх өрсөлдөөнд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хоёр сар хагасын хугацаанд өрсөлдөгчөө сулруулж, өөрийгөө дөвийлгөх зорилготой 842 мэдээлэлд 320 гаруй сая төгрөг төлж, 2-3 хоногийн давтамжтай шинэчилж, зориулж контент үйлдвэрлэн, заримд нь хиймэл оюун ашиглан хуурмагдүр бүтээж, олон нийтийн мэдээллийн орон зайг эзэлсэн юм. Эдгээр шинж чанараараа энэ бол манипуляц мөн гэдгийг баталж байна.
Дижитал манипуляцын хамгийн хорлонтой нь, нийгмийн сүлжээний платформуудын алгоритмын нөлөөтэй хавсарсан төлбөртэй сурталчилгаагаар нэг төрлийн контентыг олон давтамжтай “түлхсээр” хүлээн авагчдын мэдээллийн орчныг өөрчилдөг. Үүнийг хэрэглэгчид бодит байдал гэж эндүүрдэг. Ингэснээр сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудын үнэн бодит, чанартай мэдээлэл түгээх боломж багасах буюу мэдээллийн орчноос шахагдаж, нөгөөтээгүүр, уншигч, хүлээн авагчийн мэдэх эрхэд халдаж байгаа үйлдэл юм. Манай улсын хувьд фэйсбүүкийн хэрэглэгчдийн тоо өндөр бараг л сонгуулийн насанд хүрсэн иргэн бүр дор хаяж нэг хаягтай, улс төр, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л шаардлагатай мэдээллээ фэйсбүүк гэх мэдээллийн орчноос авдаг гэхэд хилсдэхгүй. Монголчууд бараг л “бүгдээрээ” цугласан энэ орчинд аливаа мэдээллийг улсаараа шүүж, талцаж эхэлдэг. Ингэхдээ тухайн мэдээг баталгаатай, эсэхэд анхаарал хандуулахаас илүүтэй сэтгэл хөдлөлд суурилсан хандлага давамгайлж буй. Сошиал медиагийн хэтийдсэн хэрэглээ, платформуудын алгоритм нь манипуляц хийхэд таатай нөхцөл бүрдүүлж буй нь манай улсыг мэдээллийн “эмзэг” орчинтой болгож байна” хэмээснийг энд эшлэх нь зүйтэй.
Нэрээ нууцалсан, эсэхээс үл хамааран иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараавал өнөөгийн Иргэний хуулийн дагуу тухайн этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн хүний шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. Түүнчлэн хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас хохирсон гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах ч эрхтэй. Өмнө нь Эрүүгийн хуулийн 13.14-т “Худал мэдээлэл тараах” хэмээх зохицуулалт байсныг Цэцийн 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг УИХ 123 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас харвал фэйсбүүкийн хуурамч хаягаар хэн нэгний нэр төрд халдсан, захидал харилцааны нууц буюу цахим шуудан, мессежийг нь олон нийтэд дэлгэсэн зэрэг тохиолдлоор иргэд шүүхэд хандах нь цөөнгүй байна. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал, бусдын нэр төрийг хуулиар бүрэн хамгаалах боломж өнөө ч дутмаг юм. Ийм байхад “Сошиал сүлжээнд бүх хүн жинхэнэ нэр, иргэний бүртгэлийнхээ дагуу байдаг болбол энэ бүхэн шийдэгдэнэ” гэх нь хэтэрхий энгийн, залхуу санаачилга гэдгийг сануулах нь зөв биз.
НУУЦ ХАЯГТАЙ БАЙХ НЬ ХҮНИЙ ЭРХ
Фэйсбүүкт нэрээ нууцалж нийтлэл, сэтгэгдэл бичих боломжтой болсныг уншигч та анзаарсан болов уу. Цахим орчинд нэрээ нууцлах, албан бус хаягтай байх нь хүний суурь эрхийн салшгүй нэг хэсэг мөн гэдгийг НҮБ олон улсын түвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь бий. Тус байгууллагын Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Дэвид Кэй өнөөгөөс 10 жилийн өмнө Хүний эрхийн зөвлөлд өргөн барьсан суурь тайландаацахимэринүеднэрээнууцлах боломж нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх суурь эрхийг эдлэх хамгийн гол хэрэгсэл, хамгаалалт мөн гэдгийг тодотгосон юм. Ялангуяа дарангуйлалтай болон авлигын түвшин өндөртэй нийгэмд хүний эрхийг хамгаалагч, эрэн сурвалжлах сэтгүүлч, цөөнхийн бүлэг болон шүгэл үлээгчдийн амь нас, аюулгүй байдлаа хамгаалан үнэн, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх ганц баталгаа нь энэ болдог байна. Гэтэл иргэн бүр регистрийн дугаараараа сошиалд нэвтрэхийг шаардах нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын зөрчиж буй үйлдэл бөгөөд ардчилсан улсад байж боломгүй шаардлага гэмээр. Иргэд нь буруу зөрүүгээ ялгах хэвлэл мэдээллийн боловсролтой болж, төр нь иргэний нэр төрийг бусад этгээдээс хамгаалах эрх зүйн орчноо олон улсын жишигт нийцүүлэхгүй бол ийм “бүдүүн”, хүний эрхийг зөрчсөн аргаар үзэж тараад ямар ч нэмэргүйг уламжилъя.
Д.ХЭРЛЭН