
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ЗДТГаас бага, дунд ангийн сурагчдыг гэр, сургууль хооронд нь аюулгүй тээвэрлэх тусгай автобусыг үйлчилгээнд явуулаад долоон жил болж байна. “Сургуулийн автобус” төсөлд анх нийслэл дэх ерөнхий боловсролын 29 сургуулийг хамруулж, 35 чиглэлд 40 автобус үйлчилгээнд явуулж байсан бол 2025-2026 оны хичээлийн жилд 296 автобусаар 60 чиглэлд 76 сургуулийн 13 мянга гаруй хүүхдийг тээвэрлэжээ. Харин энэ хичээлийн жилд төсөлд хамрагдах сургуулийн тоо, автобусны чиглэлийг боломжит хэмжээнд нэмж, 1-6 дугаар ангийнханд үйлчлэхээр төлөвлөн, бэлтгэлээ базааж буйг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва саяхан мэдээлсэн. Одоогоор сургуулийн автобусны хуваарь, шинэ чиглэлийн мэдээллийг тодорхой зарлаагүй байгаа ч удахгүй олон нийтэд албан ёсоор танилцуулахаар төлөвлөснийг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрынхан хэллээ. Өмнө нь зөвхөн 2-5 дугаар ангийнханд үйлчилдэг байсныг 1-6 болгож өөрчилсөнтэй холбоотойгоор бэлтгэл шатанд жигдлэх ажил их бийг албаны хүмүүс дурдсан юм. Хүүхдийн гэгдэх шар автобусны тоо энэ байдлаар жилээс жилд нэмэгдэж, үйлчилгээ нь өргөжсөөр яваандаа нийслэл дэх төр, хувийн хэвшлийн бүх сургууль унаатай болж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам явдаг автобусны 20 орчим хувьтай дүйцэхүйц тооны “шар тэрэг” сурагчдад үйлчилжээ. Түгжрэлийг бууруулахын тулд сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөний урсгалыг сааруулах хэрэгтэй юү, сурагчдыг гэр, сургууль хооронд нь аюулгүй тээвэрлэхэд төр санаа тавих ёстой юу гэвэл эргэлзээгүй тийм. Гэхдээ үүний гол шийдэл нь шар автобус мөн үү гэвэл эргэлзээтэй. Юу юуны туханд хүрэлгүй 10, 20-иор нь автобус худалдан авч, бага, дунд анги гэлтгүй баахан хүүхэд “зөөж гүйх”-ээсээ урьдаар тогтож бодох, тооцоолж судлах зүйл өчнөөн бийг учир мэдэх хүмүүс сүүлийн үед анхааруулах боллоо. Дэлхий нийтийн жишиг, туршлага ч тэдэнтэй ижил зүйл “хэлж” байна.
ХЭРЭГЦЭЭ ЮҮ, ХЭЛБЭРДЭЛТ ҮҮ
Гадаадын орнуудаар багагүй явж, юм үзэж, нүд тайлсан нэгэн “Бусад улсад бол хот сууринаас хол амьдардаг фермерүүдийн хүүхдүүд, дүүрэгт нь хараахан сургууль барьж амжаагүй шинэ суурьшлын бүсийн сурагчдыг хамгийн ойрын сургууль руу зөөхөд тусгай автобус ашигладаг. Харин манайд энэ төрлийн унаа дэргэдэх сургуулиа голж, өөр тийшээ явж суралцдаг хүмүүст үйлчилж, түгжрэлд нэмэр болдог” гэсэн нь үнэний ортой дүгнэлт байв. Олон улсын туршлагыг судалж үзэхэд яг л ийм маршрутууд гарч ирдэг. Сургуулийн автобусны үйлчилгээг хамгийн анх нэвтрүүлсэн гэгддэг Хойд Америкийн орнуудад гэхэд фермүүд нь суурьшлын бүсээс хол учир нийтийн тээвэргүй алслагдсан бүс нутгаас хүүхдүүдийг сургуульд нь аюулгүй хүргэхийн тулд ийм тусгай унаа тогтмол зорчуулдаг байжээ. Өдгөө ч Америк, Канад зэрэг фермерийн аж ахуйг жишиг түвшинд хөгжүүлсэн орнуудын зарим бүс нутагт ийм үйлчилгээ байна. Дэд бүтэц ба зам, тээврийн аюулгүй байдлын үнэлгээний чиглэлээр ажилладаг iRAP (International road assessment programme) байгууллагын судалгаанд дурдсанаар маш тархай буюу замбараагүй тэлсэн төлөвлөлттэй, нийтийн тээврийн нэгдсэн систем хөгжөөгүй, хувийн байшин хороолол ихтэй хотууд Хойд Америкийн жишгээр сургуулийн автобус үйлчилгээнд явуулдаг гэнэ.
Түүнчлэн суурин газраас хэдэн арван милийн зайтай жижиг тосгонд, эсвэл байгалийн хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг автобусаар зөөдөг тохиолдол Европын зарим бүс нутаг болон хөгжиж буй орнуудад түгээмэл ажээ. Данид гэхэд гэр, сургууль нь хоорондоо дөрвөөс дээш км-ийн зайтай сурагчдад л тусгай унаагаар үйлчилдэг гэх. Герман, Франц, Нидерланд зэрэг нийтийн тээвэр сайн хөгжсөн, дэд бүтцийн болон орчны хүртээмж зэгсэнд тооцогддог Баруун Европын орнуудад эсрэгээрээ сургуулийн автобус бараг ашигладаггүй бөгөөд сурагчдыг ердийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй болон үнэгүй зорчуулж, бие даан сургуульдаа явах боломжоор дэмждэг гэнэ. Харин сургуулийн автобусыг авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлчилгээнд явуулдаг цөөн улс бий нь Монгол, Хятад, Сингапур, Эмират зэрэг Азийн орон аж. Ингээд харвал ихэнх тохиолдолд төв суурин газраас алслагдмал амьдардаг хүүхдүүдийг сургуульд нь хүргэж, сурч боловсрох эрхийг нь хангах зорилгоор тусгай автобусаар үйлчилдэг загвар дэлхий дахинд түгээмэл байна. Харин манайд бол хотын удирдлагууд нь зайлшгүй шаардлагаар гэхээсээ илүү замбараагүй төлөвлөлтөөс үүдэлтэй алдаа дутагдлуудаа засах, далдлах зорилгоор л хүүхдийн автобусыг үйлчилгээнд явуулсаар өдий хүрчээ.
СУЛ ЗАРДЛЫН “ЦООРХОЙ”
Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдуулан баталсан холбогдох журамд хамран сургах тойрог гэж чухал ойлголт бий. Үүгээр бол хүүхэд оршин суугаа хаягтаа хамгийн ойр байрлах сургуульд суралцах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, зөвхөн албан ёсны бүртгэлтэй хороо, дүүргийнхээ харьяа сургуульд элсэн суралцаж, ерөнхий боловсрол эзэмших эрхтэй юм. Харамсалтай нь, Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг хүртээмжгүй, ачаалал их, байршил, өмчийн хэлбэр зэргээс хамаараад сургалтын чанар, орчин нь эрс ялгаатай учраас эцэг, эхчүүд харьяаллын бус сургуульд хүүхдээ сургахаас аргагүй байдалд хүрдэг. “Сургуулийн автобус” төслийг яг энэ эмзэг асуудалд тулгуурлан эцэг, эхчүүдийн ачааг хөнгөвчлөх зорилгоор санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Нэг ёсондоо төр хууль, эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй гэмээ цайруулах үүднээс ийм тусгай үйлчилгээ нэвтрүүлсэн гээд хэлчихэд буруудахгүй. Сургуулиуд руу тусгай автобус явуулдаг болсноор хотын түгжрэлийг бодитоор хэрхэн бууруулсан бэ. Үүнийг нарийн хэмжиж, тодорхойлсон судалгаа одоогоор алга. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын болон Боловсролын ерөнхий газрынхан автобусаар тээвэрлэсэн сурагчдын тоог жил бүр танилцуулдгаас биш замын хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлж буйг нь яг таг хэмжиж чаддаггүй юм байна. Гагцхүү хүүхдүүд үйлчлүүлж байгаа л бол авто замын ачааллыг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдэг хоосон багцаа баримжаагаар л энэ ажлыг хэрэгжүүлж ирсэн бололтой. Нийслэлийн Боловсролын газрынхан сурагчдын гэрийн хаяг, байршил, сургуулийн ачаалал болон хэрэгцээнд үндэслэн автобус явуулах хуваарь, чиглэлийг тогтоодог аж.
Харин нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрынхан зорчигч тээврийн нэгтгэлүүдтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд болон хотоос хэрэгжүүлж буй төслийн дагуу сурагчдад автобусаар үйлчилж иржээ. Автобусны үйлчилгээний зардлыг тухайн чиглэл дэх сургуулиуд хариуцдаг гэдэг ч үндсэн санхүүжилт нь татвар төлөгч та, бидний халааснаас гарч байдаг. Улсын сургуулиуд бүгд төсвөөс санхүүждэг шүү дээ. Иймд нэгэнт энэ үйлчилгээг зайлшгүй үзүүлэх тохиолдолд бодит тооцоо судалгаанд үндэслэн илүү зохион байгуулалттай, үр ашигтай хэрэгжүүлж, алслагдсан дүүргийн, эсвэл сургууль, цэцэрлэггүй хороонд амьдардаг зэрэг жинхэнэ зорилтот бүлгийнхэнд хүргэх нь чухал юм. Сургуулийн автобуснууд тогтоосон хуваарийн дагуу явдаггүй, зарим бүсэд хүртээмжгүй, хүлээлгийн цаг нь богино, бага ангийнхныг суулгаад, дундынхыг орхигдуулдаг гэх зэрэг шүүмжлэл жилийн жилд гардаг. Өнөө жил гэхэд “Гараас гарт буюу зөвхөн эцэг, эх, асран хамгаалагчид нь сургуульд нь хүргэж өгч, авах зохицуулалттай байдаг нэгдүгээр ангийнхныг сургуулийн автобусаар тээвэрлэх нь илүү зардал” гэж иргэд шүүмжилж байна. Манайх шиг эдийн засгийн боломж бололцоо тааруу, нөөц хязгаарлагдмал, төсвийн үр ашиггүй зарцуулалт өндөр хот сул зардлын “цоорхой” гаргахгүй байх нь юу юунаас чухал билээ.
ХОТ ТӨЛӨВЛӨГЧДИЙН ИЛРҮҮЛСЭН АЛДАА
Манай улс сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулахдаа системийн болон дэд бүтцийн хэд хэдэн алдаа гаргаж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Хот төлөвлөгч, архитекторуудын нэгдсэн бүлгэм (фэйсбүүк дэх групп)-д энэ талаар мэдээлэл солилцож, мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхсон юм. Б.Ууганбаяр “Хамгийн энгийн алдаа нь гэвэл сургуулийн автобусны чиглэлийг хотын түгжрэл, нийтийн тээврийн маршруттай харилцан уялдаатай төлөвлөж чадаагүй. Хүүхдийн автобуснууд ердийн суудлын автомашин, нийтийн тээврийн адилаар түгжрэлд нам зогсчихдог. Үүнээс болоод хүүхдүүд хичээлээсээ хоцордог. Ийм хэд хэдэн тохиолдлын дараа эцэг, эхчүүд “Ер нь хувийн унаагаар хүргэсэн нь дээр юм байна” гэсэн сонголт хийдэг. Сургуулийн автобус сурагчдыг аюулгүй тээвэрлэж, хоцроолгүй хүргэж өгдөг байх дэд бүтэц алга. Хэрэв ийм дэд бүтэцгүй бол бусад орны жишгээр хичээл эхлэх, тарах цагуудаар авто замын зарим эгнээг чөлөөлөх, хөдөлгөөний урсгалыг зохицуулах тусгай арга хэмжээ авах ёстой” гэсэн юм. Харин өөр нэгэн мэргэжилтэн “Сургуулийн бүсчлэлийн журам (хамран сургах тойрог) манайд огт хэрэгждэггүйг автобусны чиглэлээс харж болно.
Хот дотор хэрнээ маш хол, ийш тийш гажсан, ороомог шиг л маршрутаар явдаг. Энэ нь түгжрэлд олон цаг үрэх, товлосон газартаа хугацаандаа очиж чадахгүй байх зэрэг эрсдэлийг дагуулдаг. Ирэх онд хүүхдийн автобусаар 6000 сурагчид үйлчилнэ гэж тооцбол тэр болгоны байршил, маршрутын давхацлыг тогтоож, түүнийгээ хотын нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдтэй уялдуулан төлөвлөх шаардлагатай. Үүнийг тээврийн мэргэжилтнүүд л цэгцтэй, зөв тооцоолж, зурж чадна. Манай нийтийн тээврийнхэн яаж гаргадгийг мэдэхгүй” хэмээв. Түүнчлэн сургуулийн орчинд тусгай тээврийн хэрэгсэл зогсох, хүүхдүүд аюулгүй бууж, суух зориулалтын талбай, халаас байдаггүй, автобусны байршил тогтоох чип, аппликэйшний системүүдийг нэвтрүүлдэг ч өнөөдүүл нь тогтвортой ажилладаггүй, эцэг, эхчүүд цаг тухайд нь мэдээлэл авч чаддаггүй зэрэг бэрхшээл тулгардгийг ч тэд хэллээ. Гадаадын зарим оронд сургуулийн автобус зогсож, “Stop” тэмдгээ дэлгэсэн тохиолдолд араас нь болон эсрэг урсгалаас ирж буй бүх машин хурдаа сааруулж, зогсох хуультай байдаг гэнэ. Монголд хуулийн ийм нарийн зохицуулалт байдаггүй нь хүүхдийн автобусаар үйлчлүүлж буй сурагчид эцэг, эхтэйгээ хувийн унаагаар зорчиж байгаагаас ч илүү эрсдэл үүрэх шалтгаан болдог аж.
Н.МИШЭЭЛ