Хүн төрөлхтний анагаах ухааны хөгжлийн оргил үе нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байсан бол XXI зууны эрүүл мэндийн салбарын гайхамшиг нь үүдэл эсийн эмчилгээ болжээ. Үүдэл эсийн судалгаа, туршилтыг дэлхийн олон улсад хийж буй ч энэ нь тухайн орны хөгжил, эдийн засгийн чадамжаас ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ өндөр хөгжилтэй улс байна төдий чинээ их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Ингэснээр шинэ технологи нэвтрүүлж, чадварлаг мэргэжилтнүүд бэлдэн, аливаа халдварт бус өвчнөөр эндэх золгүй тохиолдлыг бууруулж чаддаг байна. Тэгвэл манай улс дэлхийн хөгжлийн хаана нь явна вэ.
Монгол Улс цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төслийг анх 2011 оноос эхлүүлсэн билээ. Үүнээс гурван жилийн дараа буюу 2014 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн өвчтөнд өөрийнх нь цусны үүдэл эсийг амжилттай суулгасан. Харин 2022 онд ардын эмч Н.Оюундэлгэрээр ахлуулсан, УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийнхан донороос үүдэл эс (чөмөг) шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд анх удаа хийж, нутагшуулсан юм. Ингэснээр манай улс өвчтөнөөс өөрөөс нь болон донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хоёуланг нь нэвтрүүлсэн гэсэн үг. Тухайн үед УНТЭийн захирал асан Б.Хишигжаргал “Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг нарийн технологи нэвтрүүлсэн, эсэхээр нь үнэлдэг. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах нь генетик, молекул, биологи зэрэг олон арга, технологи багтаахыг шаардсан эмчилгээний төрөл. Энэ бүхний цаана өвчтөний удмын мэдээлэл цусны бүтэц гээд бүх зүйл солигддог буюу хүнийг дахин амьдруулсан гэж үзэхүйц нарийн эмчилгээ” хэмээсэн. Тус эмчилгээг нэвтрүү лэхэд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг.
Үүдэл эс шилжүүлэн суулгах багийнхны дараагийн мөрөөдөл нь хүүхдэд эл эмчилгээг хийх байв. Үүнийгээ 2025 оны арванхоёрдугаар сард биелүүлж, УНТЭ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, БНТУ-ын “Медикл парк” эмнэлгийн эмч нар хамтран анх удаа цусны хавдартай 15 настай охинд өөрийнх нь үүдэл эсийг шилжүүлэн суулгасан юм. Энэ мэтээр он цагийн дарааллаар нь хөөвөл үүдэл эс шилжүү лэн суулгах эмчилгээг богино хугацаанд чамлахааргүй хийсэн гэсэн үг. Гэхдээ шинэ эмчилгээг “өөрийн болгох”, эмч, мэргэжилтнүүдийг сургах, дэлхийн жишигт нийцсэн орчин бүрдүүлэх нь хамгаас чухал.
ХЯТАД, ӨМНӨД СОЛОНГОС, ЭНЭТХЭГ, ТУРК РҮҮ ХОШУУРАГСАД
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгаас үүдэл эсийн эм чилгээний одоогийн нөхцөл байдлыг тодруулахад “Энгийнээр хэлэхэд, үүдэл эс нь ямар ч эс болж хөгжих чадвартай. Хүний бие махбод өөрийгөө анагаах чадвартай үүдэл эсээр дүү рэн. Энэ эс нь дөнгөж төрсөн хүүхдийн хүйн цус, ихэс, өөхөнд хамгийн их байдаг. Өөрийнх нь үүдэл эсийг ялган авч буцаагаад суулгах нь эмчилгээний хүндрэл бага, үр дүн сайтай учраас удамшлын болон Монголд эмчлэх боломжгүй өвчнийг анагахаад түлхүү ашигладаг. Харин амьтны болон ургамлын үүдэл эсийг гоо сайхны газрууд илүүтэй хэрэглэдэг. Манай улс эмчлэх боломжгүй 25 өвчний жагсаалт гаргасан. Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/273 дугаар тушаалд заасан оношийн дагуу эмч нар дүгнэлт гаргадаг юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаныхантай хамтран судалж үзэхэд монголчууд ихэвчлэн Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк улсад үүдэл эс шилжүүлэн суулгуулахаар явж байна. Монголд нэвтрүүлэх боломжтой эмчилгээг бид судалж байна. Энэ нь цусны хавдартай хүүхдэд донороос үүдэл эс шилжүүлэх. Одоогоор өөрийг нь, эсвэл гэр бүлийнхнийг нь донор болгож байна. Гэтэл өөрөөс нь авах боломжгүй, гэр бүлийнхэнд нь тохирох донор олдоогүй тохиолдолд хүмүүс Хятад, Туркийн үүдэл эсийн сангаас донор хайж, эмчилгээ хийлгэхээр явдаг. Зөвхөн үүдэл эс худалдан авахад 500 орчим сая төгрөг зарцуулдаг гэх мэдээлэл бий. Бид аль нэг улсаас бус, дотооддоо үүдэл эсийн банк байгуулж, эмчилгээг бүрэн нэвтрүүлэхийг зорьж буй” гэв.
ҮҮДЭЛ ЭС ҮҮ, ӨӨХ ҮҮ
Мөнхийн залуу, гоо сайхан байхыг хүсдэггүй хүн үгүй биз. Энэ их хүсэл, эрэлтэд дөрөөлж цэцэглэсэн бизнесийн нэг нь үүдэл эсийн эмчилгээгээр түрээ барьсан гоо сайхны газрууд болоод буйг мэргэжилтнүүд хэлж байна. Шивээс хийлгэхэд хүртэл ариутгал, халдваргүйтгэл хамгийн чухал атал эмнэлгийн бус нөхцөлд үүдэл эсийн эмчилгээ хийдэг газрууд цөөнгүй. Нарийн технологи шаарддаг эл эмчилгээг эмнлэгийн бус орчинд гоо сайхны газрууд хийж байгаа нь эргэлзээтэй. Үүдэл эсийг нь ч ялгаж авч чаддаггүй талаар албаны хүн нь хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүний захын цуснаас тодорхой технологийн тусламжтай ялгаж авсан өөхийг үүдэл эс хэмээн тарьдаг гэнэ. Өөхнөөс нь үүдэл эсийг ялгахгүйгээр эргүүлээд тарих нь нүд хуурсан хэрэг ч азаар өөрийнх нь “юм”ыг өөрт нь хэрэглэж буй учраас сөрөг нөлөө багатай байдаг аж.
Түүнчлэн гоо сайхны эмчилгээнд амьтан, ургамлын үүдэл эс түгээмэл хэрэглэдэг байна. Гэвч энэ нь мөн л үр дүн багатай талаар үүдэл эсийг гоо сайхны эмчилгээнд ашигладаг Б.Чингүн эмч ярьжээ. Тэрбээр “Ясны чөмөгнөөс мөн өөхөн эдээс үүдэл эс ялган авах боломжтой. Энэ бол эмнэлгийн орчинд тусгай зориулалтын багажаар хийдэг ажиллавар. Өөхнөөс олон тооны үүдэл эс ялган авч, гоо сайхан, сэргээн асах эмчилгээнд ашигладаг. Энэ эс нь яс, мөгөөрс, хумс, үс, бүр судас хүртэл үүсгэн хувирдаг гайхалтай ид шидтэй. Харин амьтан, ургамлынх тухайн үүдэл эс рүү хувирч чадахгүй. Учир нь кодоороо танигдахгүй, энэ нь боломжгүй зүйл. Тиймээс ямар нэгэн “үүдэл эс” гэж нэрлэсэн тарилгууд эсийн түвшинд нөлөөлөх боломжгүй” хэмээжээ.
ХҮЙН ЦУС, ЭД, ЭСИЙН БАНК БАЙГУУЛЪЯ
Хиймэл оюунгүйгээр ирээдүйг төсөөлөх боломжгүй шиг үүдэл эс гоо сайхныг “аврах” нь нэгэнт тодорхой болсон хэмээн мэргэжилтнүүд онцоллоо. Үүгээр ч зогсохгүй үүдэл эс нь спортын анагаах ухаанд үр дүн сайтай эмчилгээний нэг болжээ. Өвдөг, үе мөчний өвчинд тухайн хүнээс үүдэл эсийг нь ялгаж аваад тарьдаг эмчилгээ “дэлгэрсэн”. Гэтэл улсын хэмжээнд үүдэл эс хадгалдаг, боловсруулдаг, шинжилдэг тусгай банк байхгүй. Хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд үүдэл эс хадгалах бага хэмжээний банк бийг эс тооцвол эл төрлийн эмчилгээ, судалгаа, шинжилгээ хийх нөөц, чадамж манайд бүрдээгүй. Иймд олон улсын жишигт нийцүүлэн хүйн цус, эд, эсийн банк байгуулах шаардлага тулгараад буй. Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхдээ төрсний дараа хүйг нь өндөр үнэ төлж тусгай технологиор хадгалуулдаг. Үүнийг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд ямар нэгэн хүнд өвчин туслаа гэхэд өөрөө өөрийнхөө донор болох юм.
Халдварт өвчний дэгдэлт, байгалийн гамшиг ойр ойрхон тохиолдож буй дэлхий ертөнцөд үүдэл эсийн банк иргэдээ эмчлэх, хамгаалах гарц болохыг мэргэжилтнүүд хэлсэн. Өөрөөр хэлбэл, улс орнууд хүйн цус, эд, эсийн банк үүсгэж, иргэд, цаашлаад бусад улсад ч экспортолж буй. Тухайлбал, Хятад, Турк дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй Монголд нийлүүлэх болжээ. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй эрсдэлтэй бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийг дотооддоо сахин хамгаалах нь Засгийн газрын үүрэг. Ингэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.
Манай улс энэ оны тавдугаар сарын 8-нд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Хуулийг хэрэгжүүлэх дагалдах журмыг боловсруулж буй. Хуульд амьгүй донорын эрх, ашгийг хамгаалсан цөөнгүй заалт бий бөгөөд эсийн эм чилгээний шинэ технологи, хүйн цус, эд, эсийн банк байгуулах тухай заасан юм. Ингэснээр эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг анагаах шинэ боломжийг нээнэ гэж үзэж буй. Үүнийг хэрхэн бодит амьдралд буулгаж болох талаар Б.Алтантулга “Цусны донорын захын цуснаас үүдэл эс ялган авч, эд, эсийн тохироо бүрдсэн хүнд шилжүүлэн суулгах юм. Үүдэл эсийн сантай болсноор зөвхөн ах дүү, хамаатан саднаар зогсохгүй харь элгийн хүн ч донор болох боломж бүрдэнэ. Манай улс амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж буй. Тухайн хүний бие махбодын дархлааны систем нь гаднын биетийг таньж, эсэргүүцдэг тул насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг тохирсон тунгаар уудаг. Харин үүдэл эс шилжүүлэн суулгах нь шинэ зууны төгс эмчилгээ болж байна” гэв.
Дэлхий дахинд олон төрлийн хавдар, аутизмын хүрээний эмгэг, паркинсон, зөнөгрөх зэрэг 30 гаруй төрлийн өвчнийг анагаахад үүдэл эс ашиглаж, тэр бүү хэл, эрхтэн ургуулах туршилт хийгээд байна. Харин манайд үндэсний хэмжээнд үүдэл эс хадгалах, боловсруулах банк ч алга. Үүдэл эсийн сан байгуулахад хэдий өртөг өндөр ч цөөн хүн амтай манайх шиг улсад бусад оронтой үүдэл эсийн сүлжээ байгуулах нь хэтэрхий аюултай. “Нөөц амь” гэгддэг үүдэл эсийн эмчилгээг эрчимжүүлэхэд төр засгаас анхаарахгүй бол монгол хүн л хохирч үлдэх нь.