Ерөөсөө бушуу ийм хуультай л болъё. Сонгуульд зориулж, зөвхөн тойргийнхноо тойглох хуулийн төсөл өргөн барьтлаа “хийцгүйрдэг” парламентын гишүүдийг шахаж шаардаад ч болов үүнийг ажил болгоё. Хууль санаачлан батлуулах онцгой эрх тэдэнд бий. Эсвэл нийслэлийн удирдлагуудад санал хүргүүлж, бодитой алхам хийхийг шаардъя. Тэд хүсвэл Засгийн газартай хамтраад энүүхнийг ядаж цөхөх юмгүй хийчих боломжтойг Х.Нямбаатарын үед батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас харж болно.
Ингэхгүй бол нийслэл хот маань үнэ цэнтэй гэсэн бүхнээ алдаж дуусаад, нийтийн эзэмшлийн гудамж, талбай битгий хэл, явган хүн алхах жим ч үгүй хоцрох нь. Соёлын өвийг хайр гамгүй сүйтгэгчдийн хөлд үрэгдэж хоцорсон хуучны цөөн хэдэн барилга шилэн цамхгуудын сүүдэрт дарагдаж, бүрмөсөн устах нь.
Хотын түүхэн дүр төрх, архитектурын дурсгал, барилга, байгууламжийн ансамбль (орон зайн нэгдсэн зохиомж, төлөвлөлт) гэдэг зүйлийн талаар ярилтгүй болох шинжтэй. Газрын наймаачид хотын төвд өндөр барилга барихын тулд бусдын өмчийг ч дээрэмдэхэд бэлэн байгааг хэдхэн хоногийн өмнө болсон “хөшөөний хэрэг” бидэнд харуулсан шүү дээ. Тиймээс хотоо, нийтийн өмчөө амжиж хамгаалцгаая. Хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг учир хий хоосон уриалга дэвшүүлэхийн оронд иргэний үүргээ биелүүлээд, нийтийн өргөдөл, гомдлын “D-Parliament” цахим системд энэ чиглэлээр хууль батлуулах санал оруулчихлаа. Нэгэнт бидэнд хууль боловсруулах, санаачлах эрх үгүй тул парламент дахь төлөөлөлдөө ингээд ч болов дуу хоолойгоо хүргэх нь чухал билээ.
Дэлхийн олон орон түүх, соёлын дурсгалт газруудаа хамгаалах, нийтийн өмч, орон зайг хадгалж үлдэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, хотынхоо өнгө үзэмж, дүр төрхийг алдагдахаас сэргийлэх зорилгоор барилгын өндрийг хязгаарлах тусгай хууль хэрэгжүүлдэг юм билээ. Хамгийн ойрын жишээ гэвэл тэнгэр баганадсан өндөр барилгынхаа тоогоор дэлхийд олон дээд амжилт эзэмшдэг Хятад улс байна. Өмнөд хөрш хэт барилгажилтыг хязгаарлах зорилгоор 2021 оноос ийм хууль хэрэгжүүлж эхэлжээ. Тус орны Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн болон Онцгой байдлын яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос баталсан хуулиар улсын хэмжээнд 500 метрээс дээш өндөртэй барилга барихыг бүрмөсөн хориглосон аж. Түүнчлэн гурван саяас цөөн хүн амтай хотуудад барилгын өндрийг хамгийн ихдээ 150, гурван саяас дээш бол 250 метр байхаар хатуу хуульчилжээ.
Францын нийслэл Парис хотод 37 метрээс дээш өндөртэй барилга барихыг хуулиар хориглодог. Энэ нь ойролцоогоор 11-12 давхар сууцтай дүйх хэмжээ аж. Парист 1973 онд барьсан, 210 метрийн өндөртэй “Tour Montpаrnasse” цамхаг хотын түүхэн өнгө үзэмжийг эвдсэн гэх шүүмжлэл олон нийтийн дунд эрчээ авснаас үүдэн энэ хуулийг баталжээ. Грекийн Афин хот алдарт Парфеноны сүм болон Акрополисын толгодынхоо түүхэн дүр төрхийг далдлахаас сэргийлж 27 метр буюу ойролцоогоор есөн давхраас дээш өндөртэй барилга барихыг хуулиар хоригложээ. Индонезийн аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Бали аралд барилгуудын өндөр нь кокосын модноос илүүгүй буюу 15 метрээс хэтрэх ёсгүй гэсэн бүс нутгийн хууль үйлчилдэг аж. АНУ бүр тэртээ 1899 онд барилгын өндрийг “хазаарлах” хууль баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэдэнтээ шинэчлэн мөрдсөөр иржээ. Тус улс барилгын өндрийг бүсчлэлийн ялгаатай хязгаарласнаараа онцлог. Бизнес, худалдааны гудамжууд дахь барилгын өндрийн дээд хэмжээ нь 130 фут буюу 39.6, орон сууцын хорооллынх 90 фут буюу 27.4, Капитол болон Цагаан ордныг холбодог Пенсильванийн өргөн чөлөөнд 160 фут буюу 48.7 метр гэхчлэн тогтоожээ.
Энэ мэтчилэн дурдвал өөрийн орны онцлог, архитектурын шийдэл, түүх, соёлын дурсгалт газрын дахин давтагдашгүй байдал зэрэгт нийцүүлэн барилгын өндрийг бие даасан хууль, бүсчлэлийн дүрмээр зохицуулдаг жишиг дэлхий дахинд түгээмэл аж. Эцсийн дүндээ энэ нь дээр дурдсанчлан иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийн бодлогыг алдагдуулахгүй байх үндсэн зорилготой. Харин манайд үүнийг тусгай норм дүрм, хот төлөвлөлтийн бодлого, үзэл баримтлалын хүрээнд зохицуулж, хянадаг нэртэй ч бодит байдалд зөнд нь хаячихсан гэхэд буруудахгүй.
Тодруулбал, манай улсад одоогийн байдлаар барилгын өндрийн хязгаарлалттай холбоотой гурван гол норм дүрэм байна. Эхнийх нь “Орон сууцын барилгын зураг төсөв төлөвлөлт” хэмээх норм дүрэм. Үүгээр бүх төрлийн орон сууцын өндөрт 51 метрийн хязгаарлалт тогтоожээ. Энэ нь дунджаар 17 давхартай дүйнэ. Удаах нь “Олон нийтийн барилга, байгууламжийн ерөнхий дүрэм”. Худалдаа, үйлчилгээ, нийтийн зориулалттай барилгын төлөвлөлтийг энэ дүрмээр зохицуулдаг бөгөөд өндрийн хязгаарлалт нь 55 метр. Сүүлчийнх нь “Өндөр барилгын төлөвлөлт”-ийн норм дүрэм. Үүний товч тайлбар болон хамрах хүрээнд “Монгол Улсын нутаг дэвсгэрт олон төрлийн зохицуулалт бүхий цогцолборын бүрэлдэхүүнд болон тусдаа баригдах 17 (51 метр)-гоос 35 давхар (150 метр) хүртэлх өндөр барилгын төслийн өмнөх судалгаа хийх, техникийн нөхцөл боловсруулах, зураг төсөл зохиох, магадлал хийхэд энэхүү норм ба дүрмийг мөрдөнө” гэжээ. Үндсэндээ манайд барилгын төрөл, зориулалтаас хамаараад 51-150 метрийн хязгаарлалт тавьдаг гэсэн үг. Гэхдээ тухайн барилга, орон сууцыг нийслэлийн аль бүс, байршилд, бусад байгууламжтай ямар түвшинд барихаас буюу хотын ерөнхий төлөвлөгөө, үзэл баримтлалтай хэрхэн нийцэж байгаагаас хамаараад мөн давхар хязгаарлалт тогтоодог. Жишээ нь, Монголд 17 давхар орон сууц барихыг зөвшөөрдөг гээд Төрийн ордныхоо хажууд нийтийн зориулалттай орон сууц барьчхаж болохгүй. Олон төрлийн зориулалттай, цогцолбор барилгын өндрийг 150 метрээр хязгаарладаг байлаа гээд хуучны хэв маягаа хадгалж үлдсэн, хоорондоо гинжин холбоо бүхий нэгдсэн төлөвлөлттэй намхан сууцуудын дунд тэнгэр баганадам өндөр цамхаг босгочихож бас л болохгүй байх нь. Тэгэхээр барилгын өндрийг хязгаарласан норм дүрэм нь тухайн хотын төлөвлөлт, зохион байгуулалт, бүсчлэлийн онцлогийг тусгасан ерөнхий төлөвлөлтөд давхар “захирагддаг” учиртай ажээ. Харамсалтай нь, манайд хот төлөвлөлтийн олон баримт бичигт тусгасан зүйлс цаасан дээрээ л үлддэг “жамтай”.
Жишээ нь, 2015 онд нийслэлээс баталсан “Бага тойруугийн хуучин барилгуудыг буулгах, дахин төлөвлөх ТЭЗҮ” хэмээх баримт бичигт Бага тойруу хэсгийг нийслэлийн түүхэн орон зай, дүр төрхийг хадгалсан, хүн амын төвлөрөл багатай хотын төв бүс болгох зорилт дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн бүсэд зургаагаас дээш давхар барилга барихыг хориглосон тушаал, шийдвэрүүдийг хүртэл гаргасан. Энэ үеэс хойш хотын даргаар ажилласан болгон Их, Бага тойрууд өндөр барилга бариулахгүй, соёлын өвийн дурсгалуудаа хамгаална гэж цээжээ дэлдсэн ч хэрэгжүүлж чадаагүй. Д.Сумъяабазар үүний талаар хамгийн их ярьсан ч юу ч хийж чадалгүй суудлаасаа буусан. Х.Нямбаатарын үед нийслэлийнхэн Их, Бага тойруу орчим дахь барилгын төлөвлөлт, өндрийн хязгаарлалтын асуудлаар иргэдээс цахимаар санал асуулга, судалгаа авсан ч түүнийгээ ажил болголгүй замхруулсан. Үүний үр дүнд өдгөө Улаанбаатар хотын төв хэсэг гэгдэх Их, Бага тойруу орчмын барилгажилт хяналтаас гарч, худалдаа, үйлчилгээ, нийтийн зориулалттай олон давхар сууц хаа сайгүй сүндэрлээд байна. Нийслэлийн түүхэн дүр төрх, ой санамж болсон хуучны дурсгалт барилга, байгууламжууд өндөр байшингийн сүрд дарагдан устах нь устаж, далдлагдах нь далдлагдсаар бараа сураггүй болоход ойртлоо. Одоо дахин төлөвлөлт, засвар шинэчлэл нэрээр үлдсэн цөөн барилгаа буулгаж сүйдлэхээр зогсоо чөлөөгүй дайрч давшилцгааж байна.
Гэтэл дараагийн Засаг дарга нь гарч ирээд “Хүн амын төвлөрөл ихтэй хотын төв хэсэгт орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай өндөр барилга бариулахгүй. Бага тойруу болон шигүү барилгажсан бусад бүсэд нэмж газар олгохгүй, дүрэм журам зөрчсөнийх нь тусгай зөвшөөрлийг цуцална” хэмээн улиглаж сууна. Түүнчлэн “Шинэ их тойруу” хэмээх хурдны замын төсөлтэй холбоотойгоор хот төлөвлөлтийн баримт бичиг, зураг төслүү дийг шинэчлэн боловсруулах ажлууд үргэлжилж байгааг албаны хүмүүс хэлэв. Одоо нийслэлчүүдэд ирээдүй цаг дээрх ийм амлалт, албан тушаалдаа аархсан хийрхэл бус, бодитой шийдвэрүүд л хэрэгтэй. Тэр нь хууль байвал ямар вэ. Барилгын өндрийг норм дүрэм, хот төлөвлөлтийн баримт бичгээр хязгаарлаж хүчирдэггүй юм бол хуулиар “хазаарлаж” яагаад болохгүй гэж.