Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн, парламентын хаврын ээлжит чуулган хаахтай зэрэгцэн шахуу хуваариар бөөндөж баталсан олон хууль дундаас хамгийн их анхаарал татаж буй нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай юм. Үүгээр гэр бүлийн маргаан болон өсвөр насныхны холбогдсон хэрэгт хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүнд тавих, төрөлжсөн шүүх болон тусгай журмаар илүү хүмүүнлэг, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлсэн юм. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өмнө нь гэр бүлийн маргааныг иргэний бусад хэрэгтэй адил журмаар шийдвэрлэдэг, бүх төрлийн хэргийг нэг шүүгч хянадаг байсан бол цаашид тусгай журмаар шийдвэрлэж, зөвхөн хүүхэд, гэр бүлийн чиглэлээр дагнасан шүүгч, мэргэжилтэн, сэтгэл зүйчийг оролцуулах эрх зүйн орчин бүрдлээ.
Мөн хүүхдийн санал сонсох ажиллагааг бүх хэрэгт нэгэн ижил ашигладаг шүүхийн танхимд бус, хамгаалалттай, зориулалтын орчинд, тусгай өрөө, тохижуулсан газарт зохион байгуулах, шаардлагатай бол амьдралын орчинд нь ажиглалт хийх, шүүх хуралдаанд цахимаар оролцуулах боломжийг нээсэн” гэж онцолсон бол судлаачид үүнийг хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд ахиц дэвшил авчрах, нийгмийн болон эрх зүйн ач холбогдол өндөртэй хууль гэж дүгнэж байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх тус хуулийн гол өөрчлөлт, шинэ зохицуулалтуудын талаар тоймлон хүргэе.
БОЛОВСРОЛ БОЛ ДАВУУ ЭРХ, УРАМШУУЛАЛ БИШ
Тус хуулиар бий болгосон хамгийн гол өөрчлөлт нь хорих ангид хүмүүжиж буй өсвөр насны хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хязгаарлалтыг цуцалсан явдал юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд мөрдөж ирсэн хуулийн зохицуулалтаар бол өсвөр насны хоригдогч өөрт ногдсон ялынхаа 50-иас доошгүй хувийг биеэр эдэлсний дараа л ерөнхий боловсролын хөтөлбөр, мэргэжлийн сургалтад хамрагдах эрхтэй. Харин Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дагалдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ заалтыг хүчингүй болгожээ. Оронд нь “Өсвөр насны хоригдогч ял эдэлсэн хугацаа, хувь хэмжээнээс үл хамааран хорих ангид орсон эхний өдрөөсөө сурч боловсрох эрхээ эдэлнэ” гэж тусгасан байна. Нэг ёсондоо боловсрол бол хэн нэгэнд үнэнч шударгаар ялаа эдэлснийх нь төлөө олгодог давуу эрх, урамшуулал бус, ямар ч нөхцөлд хязгаарлаж үл болох хүний үндсэн эрх гэдгийг эл өөрчлөлтөөр баталгаажуулжээ.
Боловсролын байгууллагууд болон хорих ангиудын уялдаа холбоо, хяналт сул учраас зөвхөн “шаардлага” хангасан, сайн гэх тодотгол бүхий цөөн хүмүүжигч сурч боловсрох эрхээ өнгөрсөн хугацаанд дутуу гуцуу эдэлж ирж. Тэгвэл шинэ хуулиар өсвөр насны хоригдогч бүрийн сурч боловсрох эрхийг тасралтгүй хангахыг төрийн холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 201.6-д “Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэд өсвөр насны хүнд ерөнхий боловсрол олгох сургууль, амьдрах ухааны дадал суулгах мэргэжлийн сургалтын төв байгуулна” гэж заасан байна. Тэгэхээр хорих ангийн дэргэд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалтын төв байгуулах, түүнийг тасралтгүй ажиллуулах, мэргэжлийн удирдлага, боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, шаардлагатай техник хэрэгслээр хангах үүргийг Боловсролын болон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан хамтран хүлээх нь. Өсвөр насны хүүхэд ял авсан ч хичээл сургууль завсардахгүйгээр суралцаж, суллагдахдаа бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл мэргэжлийн үнэмлэхтэйгээр нийгэмд шууд хөл тавих эрх зүйн баталгааг дээрх хоёр яаманд харьяалагдах салбарынхан цаашид хангана гэсэн үг.
Хорих ангид байгаа өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдийг сурч боловсрох эрхээр хангах нь хүний эрхийн хамгаалал төдийгүй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, нийгмийг соён гэгээрүүлэх, улсын төсвийг хэмнэх үр дүнтэй шийдэл гэж олон улсын практикт үздэг аж. Энэ чиглэлээр хийсэн туршилт, судалгааны үр дүн ч цөөнгүй бий. Тухайлбал, АНУ-ын бодлого судалгааны RAND хүрээлэнгээс хийсэн метаанализ судалгаагаар хорих ангид байхдаа боловсролын хөтөлбөрт хамрагдсан хүмүүс суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэг үйлдэх магадлал 43 хувиар бага байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн 1980-2017 оны хоорондох 37 жилийн судалгааны үр дүнг нэгтгэсэн өөр нэгэн томоохон үнэлгээгээр энэ хэмжээ хамгийн багадаа 28 хувь гэж гарчээ. Хорих ангид хү мүүжигчдийн боловсролд зарцуулсан нэг ам.доллар ирээдүйд улсын төсвөөс гарах таван ам.долларыг хэмнэдэг гэсэн тооцоолол ч байна. Хоригдож байхдаа ерөнхий боловсрол болон бичиг үсэг, мэргэжлийн чиг баримжаа олж авсан залуус суллагдсаныхаа дараа ажил эрхлэх магадлал нь огт сураагүй хүмүүсээс 13-24 хувиар илүү байдгийг ч тогтоожээ. Эсрэгээрээ хоригдогчийг зөвхөн тусгаарлах замаар ял эдлүүлдэг, боловсролын систем нь сул орнууд (жишээ нь Африкийн зарим улсад хийсэн судалгаагаар)-д өсвөр насныхан суллагдсанаасаа хойш гурван жилийн дотор дахин хэрэг үйлдэх магадлал 60-80 хувь байдаг гэнэ. Тэгэхээр манай улс “Ялын 50 хувийг эдэлж байж сурна” гэдэг хуучин заалтаа халсан нь олон улсын түвшинд хэдийн шинжлэх ухаанаар батлагдсан, гэмт хэргийг бууруулах үр дүнтэй аргад албан ёсоор шилжиж буй явдал аж.
ТЭТГЭЛЭГ БОЛ СУУРЬ ХЭРЭГЦЭЭНИЙ БАТАЛГАА
Гэр бүл салсан тохиолдолд эцэг, эхийн хэн нэгэн нь шүүхийн шийдвэрийн дагуу сар бүр тэтгэлэг төлөх хуультай. Энэ нь тухайн хүүхдийн суурь хэрэгцээг хангах баталгаа болох учиртай. Харамсалтай нь, манай улсын шүүхийн практикт хийсэн судалгаа болон баримт статистикаас тэтгэлэг төлөлтийн хувь хэмжээ хангалтгүй байгаа нь харагддаг. Тэтгэлгээ гурван сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, данс хаах, зорчих эрх хязгаарлах, алданги тооцох, эд хөрөнгөөс нь албадан гаргуулах хууль үйлчилж буй ч үүнийг хэрэгжүүлэх явцад багагүй хүндрэл чирэгдэл учирдаг юм билээ. Тэрчлэн шүүх тэтгэлэг төлөгчийн ахуй амьдрал, орлогын байдлыг харгалзан хуульд зааснаас багаар тогтоох, эсвэл хоорондоо тохиролцсон гэх шалтгаанаар эцэг, эх нь “хийдүүлэх” явдал ч түгээмэл гардаг аж. Тэгвэл Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тэтгэлгийн хэмжээг тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшнээс багагүй байхаар тогтооно гэж тусгажээ. Ингэснээр хүүхдийн суурь хэрэгцээг бодитоор үнэлэх нөхцөл бүрдэж, түүнд ашиггүй байдлаар харилцан тохиролцохыг хязгаарласан байна. Тэтгэлгийн хэмжээг амьжиргааны түвшинтэй шууд уялдуулснаар боловсрол, эрүүл мэнд, хоол хүнс зэрэг хүүхдийн суурь хэрэгцээг тасалдуулахгүй байх баталгааг хангана гэж үзжээ.
Статистикийн байгууллага хүн амын амьжиргааны доод түвшнийг жил бүр шинэчлэн, нийслэл болон баруун, зүүн, хангай, төвийн бүсээр ялгаатай тогтоодог. Ингэхдээ хэрэглээний сагсыг үндэс болгодог. Тухайлбал, 2026 оны байдлаар Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшин 543, баруун бүсэд 538, зүүн аймгуудад 520 мянган төгрөг байна. Шүүх цаашид хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо энэ дүнг суурь болгох зохицуулалтыг шинэ хуулиар бүрдүүлжээ.
ХҮҮХДИЙГ “ЗЭВСЭГ” БОЛГОЖ АШИГЛАДГИЙГ ХЯЗГААРЛАНА
Дээр дурдсанчлан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай болсноор гэр бүлийн маргаан, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар бус, гэр бүл, хүүхдийн хэргийн төрөлжсөн шүүхээр шийдвэрлэх журамд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн барилга, байгууламж шинээр барих байршлыг тогтоох, газрын асуудал, шаардлагатай санхүүжилтийг судалж шийдвэрлэх, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйчийг бэлтгэх, холбогдох журмуудыг шинэчлэх ажлуудыг УИХ-аас Засгийн газарт даалгасны дагуу одоо хийж байгаа аж.
Энэ төрлийн хэргийг төрөлжсөн шүүхээр шийдүүлдэг болсноор хүүхдийн сэтгэл зүй, аюулгүй байдал, үндсэн эрхийг хамгаалж, хангах хэрэгцээг мэргэжлийн хүмүүсийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн авч үзэх таатай нөхцөл бүрдсэн гэж хууль санаачлагчид тайлбарласан. Хүүхдийг эцэг, эхтэй нь уулзуулах шүүхийн хяналтын тогтолцоог хүртэл үүгээр бий болгохыг зорьжээ.
Гэрлэлт цуцалсны дараа хүүхдийг тусдаа амьдарч байгаа эцэг, эхтэй нь уулзуулах хуваарийг шүүхээс тогтоохдоо өмнө нь зөвхөн цаг хугацаа заадаг байсан бол шинэ зохицуулалтаар шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэн, нийгмийн ажилтны хяналтад уулзуулах, эсэхийг харгалздаг болох нь. Гэр бүл салсны дараа эцэг, эхчүүд хүүхдээ хэн нэгэнтэйгээ уулзуулахгүй байх, гомдол, өсөрхлөө тайлах “зэвсэг” болгож ашиглах явдал түгээмэл байдгийг сэтгэл зүйчид судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэцэд хүчтэй гэмтэл учруулдаг шалтгаануудын нэг гэнэ. Тэгвэл шинэ хуулиар үүнийг хязгаарлаж, гэр бүлийн хү чирхийллийн нөлөөг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлсний дараа хэний хяналтад, ямар давтамжтай уулзуулахыг шүүхээс тогтоохоор зохицуулсан байна.
Н.Мишээл