Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс 2023 оноос хойш хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийн хүрээнд 2-5 насны хүүхдүүдэд эрүүл мэнд болон хүний эрхийн боловсрол олгож буй билээ. Тэгвэл тус хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ. Бэлтгэгдсэн “Бяцхан эмч” нар цэцэрлэгийн багачуудад зөв дадал хэвшил, хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх, эрүүл ахуй, өөрийгөө хамгаалах, тусламж хүсэх, бусдын эрхийг хүндэтгэх зэрэг ойлголтыг зөвхөн үгээр тайлбарлах бус, тоглох, турших, үлгэрлэх, бусадтай харилцах замаар эзэмшүүлдэг аж. Өдгөө хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж буй бөгөөд тэд үр дүнгээ дээрх нийгэмлэгийн олон улсын төлөөлөгч нарт танилцуулсан байна.
“Бяцхан эмч” хөтөлбөрийн зорилго нь дан ганц эрүүл мэндийн боловсролтой хүүхэд төлөвшүүлэх гэхээсээ өөрийгөө хамгаалж чаддаг, эрхээ мэддэг, бусдынхыг хүндэтгэдэг, үүргээ ухамсарладаг, тусч, энэрэнгүй, зүрх сэтгэлтэй иргэн бүтээх гэнэ. Тэднийг мэдлэг хүлээн авагч биш, түүнийгээ бусдад түгээгч, үлгэрлэгч, өөрийн оролцоотойгоор суралцах үйл явцыг бүтээлцэгч болгон хөгжүүлж буйгаараа онцлогтой. Ингэхдээ хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан тоглоом, дүрд хувирах, үзүүлэн таниулах, харилцан ярилцах, үйлдлээр үлгэрлэх зэрэг арга ашигладаг аж.
М.Гэгээ