Улс орныг батлан хамгаалах салбарт өчигдөр хоёр ч чухал үйл явдал тохиолдсон нь мөнхийн хөршүүдээсээ Зэвсэгт хүчний анги, салбарууд цоо шинэ зэвсэг, техникийн бэлэг авсан нь байлаа.
Хойд их хөрш маань манай улсад 1921 оноос хойш зэвсэг техникийн туслалцаа үзүүлж, улмаар энэ талаар харилцан туслалцах гэрээ хүртэл байгуулсан байдаг.
Уг гэрээнийхээ хүрээнд манай улсын Зэвсэгт хүчинд Т-72А загварын танк, явган цэргийн байлдааны машин зэрэг зэвсэг, техник өгснийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын байрлалд хүлээн авлаа.
Энэ онд ОХУ-аас манай улсад галт тэрэгний хоёр ч цуваа зэвсэг, техник бэлэглэж байгаа юм.
Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр, Монголын Зэвсэгт хүчинд зэвсэглэл, техник тусламжаар нийлүүлэх тухай БХЯ хоорондын 2008 оны гэрээний дагуу зэвсэглэл, техник нийлүүлэхдээ хуягт болон авто техник, агаарын довтолгооноос хамгаалах, нисэх, холбоо, галт хэрэгслийг аюулгүй болгох төхөөрөмж гээд олон техник нийлүүлж байгаа юм.
Үүнээс өмнө тухайн үеийн ЗХУ-аас олон тооны хуягт машин, цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг, артиллерийн зэвсэглэл, агаарын довтолгооноос хамгаалах техник, хэрэгсэл бэлэглэж байсан бөгөөд өдгөө ч заримыг нь манай Зэвсэгт хүчин ашигласаар байгаа билээ.
Түүнээс гадна 1970-аад оноос цэргийн зориулалттай барилга байгууламжууд барьж ашиглалтад оруулахад тусалж байсан түүхтэй.
Монголын Зэвсэгт хүчинд алба хаасан болон өнөөдөр ч ажиллаж байгаа цэргийн дээд цолтнуудын олонх нь мөн л ОХУ-ын цэргийн дээд сургуулиудад суралцсан нь том хөрөнгө оруулалт болсоор байгаа. 1949 оноос хойш манай 6000 гаруй цэргийн алба хаагч тус улсад суралцаж төгссөн байдаг юм билээ.
ОХУ-аас манай улсын Зэвсэгт хүчинд бэлэглэсэн Т-72А загварын танк нь 1979 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-ын зэвсэглэлд ашиглаж эхэлсэн бөгөөд түүнийг 1985 он хүртэл үйлдвэрлэсэн гэсэн танилцуулга “Википедиа”-д байгаа юм.
Механик өргөгчтэй 125 мм-ийн их буу, их буутай хосолсон пулемёт гээд манайд ашиглаж байгаа танкуудаас илүү дэвшилттэй аж.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол Улс, ОХУ-ын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, Монгол Улсын Зэвсэгт хүчинд сэтгэл харамгүй тусламж үзүүлж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу тэргүүтэй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагад гүн талархлаа илэрхийлж байгааг уламжлахыг эрхэм ноён Элчин сайд Искандер Кубарович Азизов танаас хүсье.
Эдгээр байлдааны техникийг хүлээж авснаар манай Зэвсэгт хүчний зэвсэглэлийн чанарт дорвитой өөрчлөлт гарч байна” гэсэн бол ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шаардлагатай байлдааны техникийг зөвхөн Оросын талаас нийлүүлж байгаа юм.
ОХУ-ын талаас үзүүлж буй тусламж Монгол Улсын Зэвсэгт хүчний байлдааны чадварыг дээшлүүлэхэд тус болох бөгөөд нийлүүлсэн зэвсэг байлдааны техникийг гагцхүү хамгаалалтын зорилгоор ашиглана гэдэгт итгэлтэй байна.
Манай улсаас өнгөрсөн хамтын ажиллагааны жилүүдэд БНМАУ болон Монгол Улсад гурван тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсний 95 хувь нь буцалтгүй хэлбэртэй байлаа” гэсэн юм.
Оросууд өчигдөр ийнхүү улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн байлдааны зэвсэг техник бэлэглэснээ хүлээлгэн өгсөн бол БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминь тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчин, улсын бүтээн байгуулалтад ашиглах авто техник бэлэглэснээ Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид очиж гардууллаа.
БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, жил бүр буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байдаг бөгөөд өчигдөр 13 сая юанийн үнэ бүхий барилга, зам инженерийн 22 нэгж техник, хэрэгсэл өгсөн юм.
Өмнөд хөршийнхөө бэлгийг хүлээн авах үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Хятадын ардын чөлөөлөх армиас буцалтгүй тусламжаар хүлээн авсан замын техник хэрэгслүүдээр бид Монгол орныхоо хэрэгцээтэй газарт хүрч, зам, замын элементүүдийг барьж, байгуулж чадна.
Зэвсэгт хүчинд шаардлагатай боловсон хүчин бэлэн байгаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны Батлан хамгаалах яам хооронд 40 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ тусламж Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэлд тодорхой дэмжлэг болох нь дамжиггүй” гэсэн юм.
Г.ЦОЛМОН